
-ГБХНХ-ын дэд сайд асан Б.Солонгоотой Оюутолгой тойрсон олон эргэлзээтэй асуудлууд болон өөртэй нь "нэр холбогдоод буй" нууц эвлэрлийн гэрээ тэргүүтэй асуудлаар ярилцлаа-
-Өнгөрсөн хугацаанд өөртэй тань холбоотой гарсан мэдээллүүд болон Оюу толгойтой холбоотой асуудлаар байр суурийг тань тухтай сонсох нь зөв болов уу гэдэг үүднээс ярилцах саналыг тавьсан. Таны хувьд өнгөрөгч дөрвөн сарын хугацаанд ГБХНХ-ын дэд сайдаар ажилласан. Дэд сайдын ажлаа өгснөөс хойш юун дээр төвлөрч байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Миний хувьд өнгөрөгч оны 12 дугаар сард Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаллын дэд сайдаар томилогдож, ЗГ шинээр бүрдэж дэд сайд нарыг цөөлсөнтэй холбоотойгоор 4 дүгээр сард ажлаа өгсөн. Үүнээс хойш хууль зүйн зөвлөх үйлчилгээ чиглэлд ажлаа хийж байна. Миний хувьд төрийн албанд орохоос өмнө 10 гаруй жил олон улсын бизнесийн гэрээ хэлцлийн чиглэлээр олон улсын банк, томоохон компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байсан. Энэ ажлаа мөн адил үргэлжлүүлж байна. Түүнчлэн илүү стратегийн өмгөөлөл чиглэлд ажиллах зорилго тавиад явж байна. Ямар ч байсан хэсэг хугацаанд хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх төлөвлөгөөтэй байгаа.
-Дэд сайд нарын томилгоо анхнаасаа улс төрийн шүүмжлэл дундуур явсан. Сүүлд Н.Учралын Ерөнхий сайдын зүгээс чиг үүргийн шинжилгээ хийж, 10 дэд сайдыг "цомхтгосон". Та энэ үйл явц дээр ямар бодолтой яваа вэ?
-Надад ямар нэг дүгнэлт байхгүй. Энэ бол мэдээж улс төрийн шийдвэр. Г.Занданшатар Ерөнхий сайдын Засгийн газрын үед дэд сайд нарын томилгоог МАН-ын Удирдах зөвлөл дэмжиж, миний нэрийг нэр дэвшүүлсэн байдаг. Намаас ажил хариуцуулж буй тул итгэлийг нь алдахгүйн тулд хичээж ажилласан. Дэд сайдын орон тоог цөөлнө гэдэг нь улс төрийн шийдвэр байсан учраас надад ямар нэг хувийн байр суурь, дүгнэлт байхгүй.
-Хоёул Оюу толгой тойрсон асуудал руу орохоос урьтаад цаг үеийн шинжтэй нэг зүйлийг асуумаар санагдлаа. Оюу толгой ХХК саяхан нэгдүгээр улирлын санхүүгийн тайлангаа олон нийтэд танилцууллаа. Ерөнхий дүнгээрээ, ашигтай сайн ажилласан гэх мэдээллийг өгч байгаа. Тухайлбал, дотоодын эдийн засагт 4 орчим их наяд төгрөгийн бодит урсгалыг бий болгосон, 2.2 их наядын татварыг төлсөн гэх мэт үзүүлэлтүүд дурдагдаж байсан. Та санхүүгийн тайлантай холбоотой эдгээр мэдээллүүдийг хараад ямар дүгнэлт хийхээр байна вэ. Таны энэ компанийн орлого нэмэгдэж байгаа ч Монгол Улсад ирж байгаа үр өгөөж нь нэмэгдэхгүй байгаа асуудал дээр шүүмжлэлтэй ханддаг шүү дээ?
-Өнгөрсөн хугацаанд Оюу толгойтой холбоотой олон асуудлуудыг хөндөж тавьдаг байсан. 2020 оноос хойш гурван жилийн хугацаанд ажлын хэсгийн гишүүнээр ажилласан. Оюу толгойтой холбоотой олон асуудлууд байдаг. Дэлхийд дөрөвдүгээрт орох хэмжээний энэ уурхай одоо бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлж байна. Өнгөрсөн долоо хоногт Оюу толгой компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүхийн зүгээс энэ оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлээ танилцуулсан. Дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ ханш өндөр байгаа учраас орлого сайн олсон. Хүлээлттэйгээ харьцуулахад орлого 40 хувиар нэмэгдсэн гэх мэдээллийг өгч байна. Энэ нь Оюу толгой ХХК төдийгүй 34 хувь эзэмшдэгийн хувьд манай улсад таатай мэдээ. Харамсалтай нь, энэ өндөр орлого нь манай улсад ирэх үр өгөөжид төдийлөн хамааралтай бус байдаг. Яагаад гэвэл, Оюу толгой ХХК өндөр хүүтэй зээлийг Рио Тинто компаниас авсан байдаг. Бидний хувьд зайлшгүй анхаарах ёстой зүйл нь, бид энэ төслөөс хэзээ үр өгөөж авах юм бэ гэдэг асуудал. Мөнгөний өнөөгийн үнэ цэн гэдэг ойлголт байгаа. Аль болох хурдан хугацаанд үр өгөөжөө авах хэрэгтэй. С.Мөнхсүх захирал 9 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон гэж хэвлэлд ярьсан байсан. Ингэхдээ 2.2 их наяд төгрөгийн татвар төлсөн гэсэн байсан. Харамсалтай нь, энэ 2.2 их наяд төгрөгийн 1.6 их наяд нь өмнөх жилүүдэд Оюу толгойн төлсөн татвар дээр манай татварын алба хяналт шалгалт хийгээд, зөрчил илэрсэн тул нэмж төлж байгаа татвар юм. Гэхдээ ингэж төлсөн ч гэсэн төлсөн дүн дээрээ маргаан үүсгэхээ мэдэгдсэн. Түр зуурын орлого гэсэн үг. 9 их наяд төгрөгийн орлого олоод түүнээс 2.2 их наядын татвар төлж байна гэж ойлгож болохгүй. Өнөөдрийн нөхцөлд Оюу толгой ХХК-ийн монголд төлж буй татвар бол АМНАТ-ын 5 хувь. Бусад төлсөн гээд байгаа татвар нь татварын хяналт шалгалтаар илэрсэн дүн болон компанийн ажилтнууддаа болон туслан гүйцэтгэгч нартаа төлсөн төлбөрөөс суутгасан суутгалын татвар байх магадлалтай. Ногдол ашиг гээд ярьвал маш том сэдэв рүү хоёулаа орно.
-2021 онд Дубайн гэрээг хүчингүй болгож, 2.3 тэрбум ам.долларын өрийн бүрэн тэглэлээ хэмээн мэдэгдэж байв. Үүнээс хойш өр тэглэсэн гэх энэ асуудалтай холбоотой байр сууриа илэрхийлсэн улс төрчид дунд санхүүгийн бичилтийг өөрчилсөн, нэг ёсны "залилан" гэх шүү дээ гэх өнцгийг гаргаж тавьсан зүйл байгаа. Өрийн хэлэлцээр дээр ажлын хэсгийг хэсгийг ахалж ажилласан хүний хувьд үүний ард ямар процесс өрнөсөн бэ гэдэг дээр мэдээлэл өгөөч. Үнэхээр бидэнд залилуулчихсан зүйл байна уу?
-Юу гэж Монгол Улсын Засгийн газар, УИХ-тайгаа нийлж залилуулах вэ дээ. Энэ бол бодитой байсан өр. Анх 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа Монголын төр 34 хувь эзэмшсэн. Ингэхдээ 34 хувиа зээлээр санхүүжүүлэх, тэр нь өндөр хүүтэй байх, улирал бүр хүүгээс хүү тооцох нөхцлийг тохирсон байсан. Тэгэхээр 2009 онд байгуулсан гэрээний үр дагавраар бид 34 хувиа зээлээр санхүүжүүлж эхэлсэн. Оюу толгой төслөөс ирээдүйд хуваарилах ногдол ашгаас нь энэ зээлийг төлөх үүрэгтэй байсан. Оюу толгой төсөл 2013 оноос хойш үйл ажиллагаагаа эхлүүлээд, зэсийн баяжмалаа экспортод гаргаж эхэлсэн. Ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш нэг ч удаа ногдол ашиг тараагаагүй. Тэгэхээр ашиггүй ажиллаж байсан гэсэн үг. Энэ хугацаанд ногдол ашиг тараагаагүй учраас Монгол Улсын 34 хувийн өр улам л нэмэгдээд байсан. 2020 оны есдүгээр сараас би ЗГ-ын ажлын хэсэгт орж ажилласан. Тэр үед энэ өр аль хэдийнэ 2 тэрбум ам.доллар болчихсон байсан. Тухайн үед ямар нөхцөл байдал үүсчихсэн байсан бэ гэдгийг би тодорхой дурдъя л даа.
2020 онд намайг ажлаа авахад Оюу толгой төслийн далд уурхайн хөрөнгө оруулалтын зардал нь 2 тэрбум ам.доллароор нэмэгдчихсэн, ашиглалтад орох хугацаа нь 2 жилээр хойшилсон байсан. Үүнээс болоод Оюу толгой төслийн санхүүгийн асуудал маш хүнд байсан. Рио Тинто компанийн зүгээс, бид далд уурхайн бүтээн байгуулалтаа дуусгах хэрэгтэй, дутаад байгаа санхүүжилт дээр өр тавих хэрэгтэй байна гэдэг зүйлийг хэлж байсан. Энэ өрийг нь судлаад үзэхэд, тухайн үед байсан нөхцлөөр нь зөвшөөрсөн бол манай улс хэзээ ч ногдол ашиг авахгүй байх байсан. Яагаад гэвэл өрийнх нь хэмжээ улам нэмэгдэх байсан. Ингэж нэмэгдэх тусам Оюу толгойн ашигт ажиллагаанд нөлөөлж, ногдол ашиг хуваарилсан ч 34 хувьд хуримтлагдаад буй өрийг бүрэн төлөх хэмжээний ногдол ашиг хэзээ ч авахааргүй байсан.
Гүний уурхайг анх таван тэрбум ам.доллараар хийж дуусгана, 2020 онд бүрэн хүчин чадлаараа ашиглаж эхэлнэ гэж Рио Тинто амлалт өгсөн байсан. Гэвч ашиглалтад орох хугацаа хойшилж, зардал нэмэгдээд байх тусам Оюу толгой ХХК-ийн олох ёстой орлого нь хойшилсноос зээлээ төлж чадахгүй, хэмжээ нь улам нэмэгдээд байсан. Өрөөр зээлийн санхүүжилт хийгээд байгаа шалтгааны цаана энэ компанийн мөнгөн урсгал хойшлоод байсан гэсэн үг. Рио Тинто энэ төслийн удирдлагыг нь хэрэгжүүлдэг, дэлхийд нэр хүндтэй том компани. Рио Тинто компани энэ төслийг удирдсаныхаа төлөө 1 тэрбум гаруй ам.долларын менежментийн төлбөрийг аль хэдийн авсан. Тухайн үед судлаад үзсэн чинь зардал хэтэрч, хугацаа хойшилсноос болж Оюу толгой дээр олон асуудал үүссэн юм билээ. Үүнийг нь ямар шалтгаантай юм бэ гэдгийг судлах ёстой гэж үзсэн. Ялангуяа олон улсын хэвлэлүүдээр зөрүүтэй мэдээллүүд гараад байсан. Рио Тинто компанийн зүгээс зардал хэтэрсэн шалтгааныг тайлбарлахдаа геотехникийн нөхцлөөс шалтгаасан зүйл буюу бидний хяналтад байгаа зүйл биш гэж хэлсэн. Гүний уурхайгаа хугацаанд нь ашиглалтад оруулж чадахгүй байгаагаас Оюу толгой ХХК орлого олж чадахгүй байгаа тул 2 тэрбум ам.долларын зээлийн нэмэлт санхүүжилт хэрэгтэй байна гэж ирсэн. Биднийг судлах явцад олон улсын хэвлэлээр өөр мэдээллүүд гарч байсан. Тухайн үед хоёр шүгэл үлээгч гарч ирсэн. Тэр нь одоо хэвлэлээр гараад байгаа Ричард Боули, Маурис Даффи нар юм. Тэдний зүгээс "Рио Тинто худал ярьж байна. Зардал хэтэрсэн шалтгаан нөхцөл Рио Тинто компанийн менежментийн алдаанаас болсон. Рио Тинто компаниас Оюу толгой төслийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ алдаа гаргаж байна. Энэ алдаанаас нь болж хөрөнгө оруулагчид нь хохирч байна" гэж шүгэл үлээсэн. Үүний дагуу бид эдгээр шүгэл үлээгчидтэй холбогдож, асуудлуудыг нь судалсан. Ингэхдээ бидэнд "Та нар шалтгаан нөхцлийг нь сайн судла. Рио Тинто компанийн хэлээд байгаа тайлбарыг та нар хөндлөнгийн шинжээчдээр судлуулах хэрэгтэй" гэж зөвлөсөн. Тэгээд Монгол Улсын Засгийн газрын зүгээс анх удаа Оюу толгойн ТУЗ-ийн гишүүдээр "Оюу толгой дээр үүсээд буй асуудлыг мухарлах хэрэгтэй байна. Бид судлаад үзэхэд, зардал хэтэрч хугацаа хойшилсон асуудал нь геотехникийн нөхцөл байдлаас болоогүй буюу Рио Тинто компанийн менежментийн алдаанаас болсон байна гэх дүгнэлт гарсан" гэдгийг дамжуулсан. Тухайн үед Оюу толгойн ТУЗ дээр түр хороо байгуулаад, манай талын гишүүд орж хөндлөнгийн шинжээчдийн багийг томилсон. Рио Тинто ашиг сонирхлын зөрчилтэй учраас оролцуулаагүй. Хөндлөнгийн шинжээчид 2021 оны наймдугаар сард тайланг эцэслэн хүлээлгэж өгсөн. Миний хэлсэнчлэн Рио Тинто компанийн тайлбарлаад байсан шиг геологийн нөхцөл байдлаас болоогүй. Тус компанийн менежмент, худалдан авалт, үйл ажиллагааны алдаанаас болж зардал 7 их наядаар хэтэрч, Оюу толгой ХХК-ийн мөнгөн урсгал хоёр жилээр хойшилсон асуудал үүссэн байна гэх дүгнэлт гарсан. Бид энэ дүгнэлттэй холбоотойгоор Рио Тинтогоос "Та нарын өгсөн тайлбар худлаа байна. Гадаадын мэргэшсэн шинжээчид ийм дүгнэлт өгч байна" гэж ам асуусан. Тухайн үед тодорхой тайлбарыг Рио Тинтогийн зүгээс өгөөгүй. Харин шинжээчдийн дүгнэлт гарснаас хоёр долоо хоногийн дараа Рио Тинтогоос анхны санал ирж байсан. Тухайн саналд, гүний уурхай ашиглалтад орох хугацаа хойшилсноос болж Монгол Улсад ирэх үр өгөөж хойшилсон асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс танай 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийн 70 хувийг тэглээд 350 сая ам.доллар өгье гэдэг саналыг тавьсан. Энэ бол хэлэлцээрийн хувьд эхний санал байсан. Энэ саналтай холбогдуулаад тухайн үед хэвлэлээр ч гэсэн мэдээлэл гарч байсан. Рио Тинтогоос энэ саналыг хүлээгээд авчих, цаг алдаад байна гэх байдлаар шахаж байсан зүйл бий. Ямар ч яриа хэлэлцээр дээр эхний санал хамгийн сайн санал байдаггүй тул бид яриа хэлэлцээрээ үргэлжлүүлсэн. Үргэлжлүүлээд, Дубайн гэрээг хүчингүй болгох хэрэгтэй, үр дүнд нь ийм ийм асуудлуудыг дахин тохиролцох хэрэгтэй байна гэдэг зүйлийг хэлж байсан. Өнөөдөр ч яригдаж байгаа менежментийн төлбөр, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү, татварын маргаан зэрэг асуудлуудыг бид тухайн үед шийдвэрлэхийн тулд яриа хэлцэлдээ бэлдэж байсан. Рио Тинтогийн зүгээс цаг хугацааны хувьд нэлээн шахаж байсан. Тухайн үед УИХ дээр түр хороо ажиллаж байсан. ЗГ-ын ажлын хэсэг яриа хэлэлцээрийн уулзалтыг үе шаттай хийж, түр хороонд шаардлагатай мэдээллүүдийг өгөөд явж байсан юм.
2021 оны 12 дугаар сард Рио Тинто компаниас дараагийн хэлэлцээний санал ирсэн. Энэ саналд, "Танай эзэмшлийн 34 хувьд хуримтлагдаад буй байгаа 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэхийг зөвшөөрч байна. Үүнээс гадна гүний уурхайг ашиглалтад оруулахад шаардлагатай нэмэлт капитал зардал буюу 2 тэрбум ам.долларт Монгол Улсын Засгийн газар ямар нэг үүрэг хүлээхгүй. Бид энэ төслөө өөрсдөө дуусгана" гэх санал ирсэн байдаг. Цаашид татварын асуудал, менежментийн төлбөр, Дубайн гэрээний асуудлаар үргэлжлүүлж яриа хэлэлцээ хийнэ гэдэг ойлголттойгоор хэлэлцээрийн үр дүнг УИХ-д танилцуулсан. Үүний дагуу УИХ-аас 103 дугаар тогтоол гаргасан. Өр тэглэхээс гадна өөр таван асуудлаар Засгийн газарт үүрэг өгсөн.
Монгол Улсын Засгийн газар яриа хэлэлцээ хийгээд УИХ-тайгаа зөвшилцөөд шийдсэн асуудал тул бид хэн нэгэнд залилуулсан зүйл байхгүй. Монголчууд бид хамтдаа дэлхийд 4-рт орох хэмжээний зэс, алтны уурхайн 34 хувийг эзэмшиж байгаа. Энэ эзэмшилд ямар нэгэн өр төлбөр байхгүй. Зээл байхгүй. Үүний хамгийн том ач холбогдол бол Оюу толгой ХХК энэ жилээс эхлээд өндөр орлого олж буй мөчлөг нь эхэлж байгаа. Гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр дараагийн 8-10 жилийн хугацаанд хамгийн өндөр орлоготой байх үе нь эхэлж байна гэсэн үг. Энэ үедээ Оюу толгой ХХК ногдол ашиг хуваарилалаа гэж бодоход бид Рио Тинто компанитай яг адил нөхцлөөр өөрийнхөө 34 хувьд ногдох ногдол ашгийг хүртэх боломжтой болж байна гэсэн үг. Хэрэв өрийг тэглээгүй бол 34 хувьд ногдох ногдол ашиг авах боломж байхгүй байх байсан. Өр тэглээгүй байсан бол хүртэх ногдол ашгаа бид өрөндөө л өгөх байсан гэсэн үг. Энэ бол ач холбогдлын хувьд маш үр дүнтэй болсон хэлэлцээ.
Нөгөөтээгүүр бидний зүгээс гүний уурхайн асуудлыг мухарлах хэрэгтэй. Та нар ажилдаа алдаа гаргасан байна. Үүнээс чинь болж манай улсад ирэх үр өгөөж хойшилсон байна гэдгийг хэлж байсан. Хөндлөнгийн шинжээчдийн зүгээс гаргасан дүгнэлттэй холбоотойгоор Оюу толгой компанийн гүний уурхайн зардал дээр хөндлөнгийн аудит хийлгэ гэх зөвлөмжийг бидэнд өгч байсан. Энэ утгаараа санхүүгийн аудит оруулах шаардлагыг удаа дараа тавьж байсан. Харамсалтай нь энэ ажил огт хийгдээгүй орхигдсон. Рио Тинто маш олон шалтаг хэлж хойшлуулсаар байгаад өнөөдрийг хүртэл санхүүгийн аудитыг хийлгэж чадаагүй байгаа. Нөгөө талдаа тухайн үед Рио Тинто компанийг Монгол Улсын Засгийн газарт худлаа хэлсэн асуудал дээрээ тайлбар хий гэхэд хийгээгүй. Энэ тайлбар дээр үргэлжлүүлж шаардлага тавих ёстой. Яагаад гэвэл энэ бол маш том хариуцлагын асуудал. Хөндлөнгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулахыг бидэнд зөвлөсөн шүгэл үлээгчидтэй хамтарсан асуудлыг өнгөрсөн Засгийн газрын үед мөнгө угаасан мэтээр буруу тайлбар хийсэн. Энэ нь 2025 оны аравдугаар сард Оюутолгойн хувьцаа эзэмшиж байсан жижиг хөрөнгө оруулагчид нь 138 сая ам.долларыг Рио Тинто компанийн алдаанаас болж нөхөн төлбөрт авсан цаг хугацаатай давхацсан. Тухайн үед шүгэл үлээгч нартай хамтарч ажиллаж байсан асуудлын тухайн үед ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Энхбаяр гарч ирээд мөнгө угаалт, авлигын хэрэг юм шиг болгочихсон. Энэ нь Рио Тинто компани менежментийн алдаа гаргаж, Оюу толгой төслийг үр ашиггүй ажиллуулсан хариуцлагын асуудлыг ярих боломжийг хаахад хувь нэмэр оруулна гэж харж байгаа. Засгийн газар үргэлжлүүлээд хөндлөнгийн шинжээчдийн эл дүгнэлтийг, шүгэл үлээгчдийн гаргаж тавьж буй асуудлыг тавих хэрэгтэй. "Эрдэнэс Оюу толгой" ХХК-иас гаргасан гэх 20 сая ам.долларын асуудал нь Рио Тинто компани бидэнд үнэн зөв мэдээлэл өгөөгүй, энэ төсөлд сайн хяналт тавьж чадаагүйгээс үүдсэн асуудал. Энэ бол Оюу толгойн ТУЗ дээр гарсан шийдвэр. Сүүлдээ энэ 20 сая ам.доллар нь тухайн үеийн Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг буруутгах хэрэгсэл болж байна. Ялангуяа миний нэрийг дурдаж байгаад, мөнгө авчихсан мэтээр ярьж байна. Мэдээж улс төр, хуваагдал байж болно. Гэхдээ бидний хувьд зайлшгүй анхаарах ёстой зүйл бол Оюу толгой бол бидний хувьд улстөржихгүй байх ёстой сэдэв. Энэ асуудал дээр аль болох нэгдмэл байж, Рио Тинто компанид шаардлагаа тавьж байж үр дүнд хүрнэ.
-Б.Энхбаяр сайдын гаргаж тавьсан 20 сая ам.долларын зарцуулалттай холбоотой асуудал руу орохоос өмнө сая ярьсан асуудал дээр тодруулах зүйл байна. Шүгэл үлээгчид болон хөндлөнгийн шинжээчдийн зүгээс гүний уурхайн бүтээн байгуулалт дээр зардал хэтэрч, ашиглалтад орох хугацаа хойшилсон асуудлын шалтгаан нь Рио Тинтогийн менежментийн алдаанаас үүдэлтэй гэх дүгнэлтийг өгсөн гэлээ. Энэ асуудлыг зүгээр л орхичих юм уу гэдэг асуудал байна. Засгийн газар цаашид магадгүй нөхөн төлбөр авах чиглэлд нь яаж ажиллах боломжтой юм бэ?
-Мэдээж бид энэ асуудлыг үргэлжлүүлж ярих ёстой. Зүгээр орхиж болохгүй. Яагаад вэ гэвэл, энэ бол манай улсын маш том баялаг, Оюу толгой төслөөс хүртэх үр өгөөжтэй холбоотой суурь асуудал. Цаашид Рио Тинто компанийг хариуцлагатай, төслийг үр өгөөжтэй ажиллуулах дээр том хөшүүрэг болох учиртай юм. Энэ долоо хоногт Рио Тинто компанийн төлөөлөл монголд ирж, Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэгтэй яриа хэлэлцээр хийх гэж байгаа гэх мэдээлэл байна. Энэ яриа хэлэлцээрт тавигдах ёстой асуудлуудын нэг бол энэ мөн. Тэгэхээр энэ хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбогдуулаад нөхөн төлбөрийн асуудлыг ярих ёстой.
Оюу толгой компанийн 66 хувийг Туркойз Хилл компани эзэмшиж байсан. Туркойз Хилл компани өнөөдөр Рио Тинто компанийг 100 хувь эзэмшиж байгаа. Тухайн үед буюу 2020 онд энэ компанийн 49 хувийг Нью Йорк болон Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй байхад нь жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшиж байсан. Энэ 49 хувийг эзэмшиж байсан хувьцаа эзэмшигчдээс гаргасан нэхэмжлэлийн дагуу Нью Йоркт тодорхой шүүхийн процесс өрнөж, 138 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхийг Рио Тинто зөвшөөрсөн байна. Яг адил асуудлаар Монгол Улсын Засгийн газар нөхөн төлбөр авах бүрэн боломжтой. Хамгийн гол нь үүнийг бид шаардах ёстой. Засгийн газрын ажлын хэсэг энэ асуудал дээр шаардлагаа тавиасай гэж бодож байна. Үргэлжлүүлээд зардлын аудит оруулаасай гэж бодож байна. Сангийн сайд З.Мэндсайхан саяхан "Улсын төсөвт ахмадуудынхаа тэтгэврийг нэмэх мөнгө байхгүй" гэж мэдэгдэл хийсэн байсан. Тэгэхээр орлого олох боломж хамар доор нь бэлээхэн байна. Тэр нь Оюу толгой төсөл. Хамгийн гол нь Засгийн газрын ажлын хэсэг шаардлагаа сайн тавиад нөхөн төлбөрийн асуудлыг зайлшгүй тавих ёстой. Ингэж байж бид цаашид Рио Тинто компанид сайн ажиллах хөшүүргийг бий болгоно.
Өмнөх Засгийн газрын үед Б.Энхбаяр сайд шүгэл үлээгчдийг буруугаар ойлгуулсан нь харамсалтай. Гэхдээ АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням үргэлжлүүлээд яриа хэлэлцээр хийж байгаа бол энэ асуудлыг илүү сайн судлаарай гэж хэлмээр байна. Энэ асуудал бол Монгол Улсын эрх ашигтай холбоотой.
Хэлэлцээрийн хувьд ярихад, бид одоо байгаа зээлийн хүүг бууруулахаас гадна өнгөрсөн хугацаанд үндсэн зээлээсээ даваад хуримтлагдчихсан байгаа хүүг хүчингүй болгох хэрэгтэй. Ингэж байж үр дүнтэй хэлэлцээр болно. Зөвхөн зээлийг хүүг бууруулаад зогсохгүй гүний уурхай дээрх зардал хэтэрч, ашиглалтад орох хугацаа хойшилж, Оюу толгойн мөнгөн урсгал хойшилсноос болж хүү хуримтлагдсан бол түүнийг нь хүчингүй болгох шаардлагагыг бид тавих ёстой.
-Өндөр орлоготой, зардал багатай үед нь үр өгөөж авч чадахгүй бол цаашдаа зардал нь нэмэгдэнэ-

-Арбитр дээр энэ чиглэл дэх маргаан явж байгаа талаар нэг нийтлэлдээ дурдсан байх шиг байсан?
-Зардал хэтэрсэн агуулга нь манай татварын маргааны сөрөг нэхэмжлэлийн нэг хэсэг байгаа. Монгол Улсын Засгийн газар Оюу толгой компанид татварын акт тавьсантай холбоотойгоор татварын маргаан бий болж байгаа. Энэ маргаан Лондонгийн олон улсын арбитрын шүүх дээр үргэлжилж байна. Энэ маргаанд Засгийн газар байр сууриа бэхжүүлэх, Монгол Улсын эрх ашгийг хамгаалахтай холбоотой хоёр сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүний нэг нь зардал хэтэрсэн, хугацаа хойшилсонтой холбоотойгоор Рио Тинто компани хариуцлагагүй ажиллаж, алдаа гаргасан, худал мэдээлэл өгсөн гэх асуудал юм. Энэ асуудал үргэлжлээд явах ёстой. Тэгж байж бид нөхөн төлбөрийн асуудлыг нэг мөр шийднэ. Цаашид Оюу толгой төсөл дээр тавих хяналтаа сайжруулахад чухал ач холбогдолтой.
-Магадгүй ногдол ашиг хүртэх үед Рио Тинто талаас 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн энэ асуудлаар дахин өөр асуудлыг гаргаж тавих вий. Үүнээс улбаалж ногдол ашиг хүртэх хугацаа дахин хойшлох вий гэдэг болгоомжлол байна. Та ногдол ашгийн асуудал дээр юу хэлэх вэ?
-Нэмэлт томоохон хэмжээний зардал Оюу толгой дээр ойрын үед дахиж гарахгүй. Яагаад гэвэл гүний уурхай бүрэн ашиглалтад орсон. Тухайн үед гүний уурхайн ажлаа гүйцээж чадахгүйгээс шалтгаалж нэмэлт зардлын асуудал хөндөгдсөн. Одоо бол Оюу толгой ХХК хамгийн орлого сайтай, зардал багатай үйл ажиллагаа нь эхэлж байгаа гэсэн үг. Энэ жил төлөвлөж буйгаар 2.5 тэрбум ам.долларын чөлөөт мөнгөн үлдэгдэлтэй байна гэж хэлж байна лээ. Энэ 2.5 тэрбум ам.доллароос бид ногдол ашиг авах боломжтой. Хамгийн гол асуудал нь миний өмнө дурдсан Рио Тинтод төлөх ёстой хувь нийлүүлэгчдийн зээл, зээлийн хүүгийн асуудал. Засгийн газрын ажлын хэсгийн хэлэлцээ хийж байгаа асуудал. Оюу толгой ХХК аль хэдийнэ ашигтай ажиллаад эхэлсэн. Өмнө ногдол ашиг тарааж чаддаггүй байсан бол одоо тараах боломжтой болж ирж байна.
Оюу толгой гэх зэс болон алтны агуулга өндөртэй том ордын өрмийг нь олборлох мөчлөг эхэлсэн. Энэ мөчлөг 8-10 жилийн хугацаатай байна. Энэ хугацаанд бид ногдол ашиг ч авах хэрэгтэй. Татварын орлогоо ч авах хэрэгтэй. Бид энэ хугацааг алдах юм бол харамсалтай дүр зураг хүлээж байна. Хамгийн өндөр орлоготой, зардал багатай үед нь үр өгөөж авч чадахгүй бол цаашдаа зардал нь нэмэгдэнэ. Улмаар хамгийн сайн зэсийн агуулгатай хүдрийн олборлолтынх нь хугацаа өнгөрнө.
Гадаадын хөрөнгө оруулагч бол ашгийн төлөө ажиллана. Аль болох богино хугацаанд өндөр ашиг хийгээд гарахыг л бодно. Гэхдээ Засгийн газрын анхаарах ёстой асуудал нь Монгол Улсын баялгийг ашиглуулахдаа үр өгөөжөө шударгаар, цаг хугацааны хувьд адил мөчлөгт авах ёстой. Энэ шаардлагыг Засгийн газар тавих ёстой.
-Шүгэл үлээгчидтай хамтран ажилласан асуудлыг мөнгө угааж, авлига авсан мэтээр тайлбарласан Б.Энхбаяр сайдын мэдээллээс болж Рио Тинто компаниас хариуцлага нэхэх боломж хязгаарлагдсан-

-Үргэлжлээд хоёулаа нэлээдгүй хэл ам дагуулаад буй 20 сая ам.долларын асуудал руу оръё. Энэ асуудал дээр гол хардлага дагуулаад байгаа зүйл нь нууцын тамга дарсан гэх асуудал. Нууцад авах хэмжээний зүйл байсан юм уу гэдгийг эхлээд асууя. Нөгөө талдаа Б.Энхбаяр сайдын өгсөн мэдээллээс харахад 2021 онд 11 багц гэрээгээр байгуулагдсан асуудлыг 2024 оны Засгийн газрын хуралдаан дээр танилцуулсан гэх асуудал ямар учиртай юм бэ. Нэг ёсондоо сонгуулийн дараа асуудал үүсэх вий гэсэндээ гэрээ байгуулагдсанаас хойш гурван жилийн дараа ЗГ-ын хуралдаанд танилцуулж, тэмдэглэл нөхөж үйлдсэн гэх асуудал яригдаад байна шүү дээ?
-Би тухайн үед Б.Энхбаяр сайдын олон асуудлыг холиод ярьчихлаа гэж харсан. Иргэдэд төөрөгдүүлсэн мэдээлэл өгсөн. Тухайн үед асуудал болгоныг бид Засгийн газрын хуралдаанд танилцуулж явдаг байсан. Үргэлжилж байгаа яриа хэлэлцээрийн үед асуудлыг бид ЗГ-ын хуралдаанд нууцаар танилцуулдаг. Бид нээлттэй танилцуулахаар хэлэлцээ хийж байгаа тал буюу Рио Тинто мэдээлэл авна шүү дээ. Өнөөдөр ч гэсэн Г.Дамдинням сайдын ахалж байгаа ажлын хэсэг яриа хэлцлийн явцтай холбоотой мэдээллээ ЗГ-т нууцаар танилцуулж байгаа. Бид ямар нэг авлига, хулгайг нуух гэж нууцлаагүй. Энэ бол үргэлжилж байгаа яриа хэлэлцээртэй холбоотойгоор Монгол Улсын байр суурийг нөгөө талд мэдэгдүүлэхгүйн тулд, хамгаалахын тулд нууцаар танилцуулдаг. Рио Тинто бидний алхам бүрийг мэдээд байх юм бол бидэнд ашигтай биш шүү дээ. Мэдээж тухайн компани хэлэлцээрт маш сайн бэлдэж байгаа. Бидний тавьж буй асуудлыг маш сайн судлана. Няцаах хувилбараа ч бэлдэнэ. Үүнд нь өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Засгийн газрын хуралдаан дээр Оюу толгойтой асуудал яагаад нууцаар танилцуулагдаж байсан бэ гэвэл яриа хэлэлцээрийнхээ бэлтгэлийг Рио Тинтод мэдэгдүүлэхгүй гэсэндээ л тэр. Одоо ч энэ байдал үргэлжилж байгаа. Г.Занданшатар Ерөнхий сайдын ЗГ-ын хуралдаан дээр ч нууцаар танилцуулагдаж байсан. Тэгэхээр энэ бол хувь хүний үзэмжээр гаргадаг шийдвэр биш. Ялангуяа намайг шийдвэр гаргаад нууцад оруулсан гэдэг зүйлийг ярьсан байна лээ. Энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл. Би ганцаараа ЗГ-ын хуралдааны асуудлыг шийдээд байвал юу болох вэ дээ.
Нөгөө талдаа бидний анхаарах ёстой зүйл юу вэ гэвэл Б.Энхбаяр сайдын гаргаж тавьсан мэдээллийн үр дагавар. Шүгэл үлээгчидтэй хамтарч ажилласан асуудлыг мөнгө угаасан, авлига авсан мэтээр тайлбарласан. Миний хувьд 20 сая ам.долларын санхүүжилтээс огт мөнгө аваагүй. Шүгэл үлээгчдээс ч мөнгө аваагүй. Ямар нэг хууль бус зүйл байхгүй. Хамгийн гол нь, бидний хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбоотойгоор шүгэл үлээгчидтэй хамтарч ажиллах боломжийг хязгаарласан. Рио Тинто компанитай хариуцлага ярих, нэхэх суурь нөхцлийг үгүйсгэж, авлига авч мөнгө угаасан мэтээр яриад байгааг би ерөөсөө ойлгохгүй байгаа. Энэ нь Рио Тинто компанид л ашигтай болохоос Монгол Улсад ашигтай биш.
Өмнөх Засгийн газраа үгүйсгэж болно. Улс төрийн өрсөлдөгчөө харлуулж болно. Гэхдээ Монгол Улсын эрх ашгийг бодох ёстой.
-Гэхдээ зарцуулалт талаасаа ч асуудалтай гэж харагдахаар юм билээ шүү дээ. Монгол хаан жүжгийг санхүүжүүлсэн гэдэг ч юм уу?
-Тодруулаад хэлэхэд, тухайн үед ЗГ-ын ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан. 20 сая ам.долларын санхүүжилтийг Оюу толгой ХХК дээр батлаад "Эрдэнэс Оюу толгой" компани руу санхүүжилтийг шилжүүлж байгааг мэдэж байсан. Гэхдээ энэ санхүүжилт ямар байдлаар зарцуулагдсан бэ гэдэг мэдээлэл надад бүрэн байхгүй. Учир нь би "Эрдэнэс Оюу толгой" компанийн захирал байгаагүй, санхүүжилтийг бүрэн мэдэх ажил хийж байгаагүй. Миний хувьд бидний яриа хэлцэлд зайлшгүй хэрэгтэй байсан шүгэл үлээгчид, санхүүгийн зөвлөхүүд, техникийн зөвлөхүүдэд төлбөр төлөх ёстой байсныг л мэдэж байсан. Энэ төлбөр төлөх ажил эхлээд явж байсан. Сүүлд гэрээний хугацаа дуусаж, үргэлжлүүлж сунгаагүй. Үүнийг би дангаараа шийдээгүй.
Тухайн 20 сая ам.долларыг яаж зарцуулах вэ гэдэг нь "Эрдэнэс Оюу толгой" компанийн бизнес төлөвлөгөө, төсвийн хуваарийн дагуу явах ёстой. Энэ хуваарийг "Эрдэнэс монгол" компанийн ТУЗ баталдаг. Тэгэхээр "Эрдэнэс монгол" компанийн ТУЗ "Эрдэнэс Оюу толгой" компанийн төсвийг батлахдаа 20 сая ам.долларын зарцуулалтыг баталж байсан гэсэн үг. Хэрэв "Монгол хаан" жүжгийг санхүүжүүлсэн бол зориулалтын бус зарцуулалт болох нь ойлгомжтой. Зориулалтын дагуу зарцуулаагүй тохиолдолд хэн нэгэн хариуцлага хүлээнэ шүү дээ. Өөр нэг зүйл нь, үнэхээр "Монгол хаан" жүжгийг санхүүжүүлсэн үү гэдгийг хэн нэгэн одоогоор тогтоогоогүй байгаа.
-Тайлан ирсэн гээд байгаа шүү дээ?
-Тэр тайланд дурдагдсан ажлуудад мөнгө зарцуулсан уу гэдгийг АТГ шалгаад тогтоох байх. Үүнд би ямар нэг дүгнэлт хэлж чадахгүй. Хамгийн гол асуудал нь, 20 сая ам.долларыг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг АТГ шалгаж байгаад би баяртай байгаа. Үнэхээр зориулалтын бусаар зарцуулсан бол тухайн шийдвэрийг гаргасан албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ энэ асуудлыг тухайн үед ажил хариуцаж байсан хүмүүс авлига авсан, мөнгө угаасан гэдэг байдлаар шүгэл үлээгчидтэй холбож, үргэлжлүүлж хамтарч ажиллах боломжийг хумьсанд харамсдаг. АТГ шалгаад холбогдох мөнгөн гүйлгээ, шийдвэрүүдийг нь хараад өөрсдийнхөө дүгнэлтийг хийх байх. Энэ нь хуулийн дагуу шалгагдаад явна.
-Таныг энэ асуудалтай холбоотойгоор хуулийн байгууллагаас дуудаж мэдүүлэг авсан уу?
-Миний хувьд АТГ-д гэрчийн мэдүүлэг өгсөн. Өөрийн мэдэж буй хэмжээндээ мэдээллээ өгсөн. Гэхдээ энэ санхүүжилт "Эрдэнэ Оюу толгой" компани дээр байсан. Энэ компанийн төсвийг "Эрдэнэс монгол" компани баталдаг. Энэ асуудлыг хариуцаж байсан, хяналт тавих ёстой хүн бол тухайн үед "Эрдэнэс монгол" компанийн захирлаар ажиллаж байсан С.Наранцогт дарга. С.Наранцогт захирал тухайн үед энэ ажлыг хариуцаж байхдаа "Монгол хаан" жүжигт санхүүжилт олгохыг зөвшөөрсөн бол хариуцлага хүлээх ёстой. Үнэн бол шүү дээ. Нөгөөтэйгүүр зарцуулалтыг хариуцаж байсан хүн бол тухайн үед "Эрдэнэс оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирал байсан Н.Цэрэнбат. Өнөөдөр ч Оюу толгой компанид Засгийн газрыг төлөөлөөд ТУЗ-ийн гишүүний ажлаа хийж байгаа шүү дээ. Мөнгөний зарцуулалтыг мэдэж байгаа хүмүүстэй холбогдож тодруулга авахгүйгээр зүгээр л нэг яриа хэлэлцээрийн бэлтгэл хангаад ажиллаж байсан над руу чиглүүлээд байгаа нь улс төрийн зорилго, сэдэлтэй л гэж би харж байна.
-Арбитрын маргаанд ороход Ричард Боули, Маурис Даффи хоёроос нэмэлт мэдээлэл авах зорилгоор "Нууц эвлэрлийн гэрээ"-г байгуулсан. Гэхдээ хэн нэг албан тушаалтныг хамгаалах гэхээсээ илүү ЗГ-тай хамтарч ажиллаж байгаа бол өөр ямар нэг ашиг сонирхол гаргахгүйгээр ажиллана шүү гэх шаардлагыг тавьж хийсэн гэрээ-

-Хоёр шүгэл үлээгчтэй хийсэн гэх "Нууц эвлэрлийн гэрээ". Олон нийтийн гол шүүмжлэл дагуулаад байгаа өнцөг нь "Монголын зарим албан тушаалтны сөрөг мэдээллийг устгах"-д 2.3 тэрбум төгрөгийг зарцуулсан гэх асуудал. Гэрээний зорилгыг та тодорхой мэдээлэл солилцох, хамтран ажиллах байсан гэж тайлбарласан. Гэхдээ сөрөг мэдээллийг устгах, мэдээлэл солилцож хамтран ажиллах гэдэг хоёр агуулга чинь яаж холбогдоод байгааг л гайхаад байна. Хоёр өөр зүйл биш гэж үү?
-Маурис Даффи, Ричард Боули гэх хоёр хүнтэй анх 2020 оны сүүлээс эхэлж холбогдсон. Олон улсын хэвлэлээр Монгол Улсад чухал ач холбогдолтой Оюу толгой төсөлтэй холбоотойгооор шүгэл үлээсэн. Тухайн үед энэ хүмүүстэй холбогдоод авч болох хэмжээнд нь мэдээллээ авсан. 2021 оны наймдугаар сард энэ хоёр хүн Монгол Улсад анх удаа ирсэн. Монгол Улсад ирээд тодорхой мэдээллийг бидэнд өгсөн. Тухайн үед Рио Тинто компанийн төлөөлөл хамт уулзалт хийсэн. Ялангуяа Ричард Боулиг монголд ирээд Засгийн газартай хамтарч буй энэ үйл явцад Рио Тинто компани маш эгдүүцэж байсан. Уураа барьж чадахгүй нүүрэн дээр нь бухимдал нь гараад байсан. Тэгэхээр Рио Тинтогийн эсрэг шүгэл үлээж байгаа хүнтэй Засгийн газар хамтарч ажиллаж, мэдээлэл авч байна гэдэг нь Рио Тинтод ашиггүй шүү дээ. Өмнө бидэнд өгдөггүй байсан мэдээллийг нь бид авч байна гэсэн үг. Рио Тинто анхнаасаа энэ асуудалд маш эмзэг хандсан.
Үргэлжлээд энэ хүмүүстэй бид хамтарч ажилласан. Оюу толгой компанийн гүний уурхайн төсөл дээр хяналт тавих асуудалтай холбоотойгоор техникийн өндөр мэдлэгтэй, төслийн талаар мэдээлэлтэй байсан Ричард Боули болон Рио Тинто компанийн засаглалын талаар маш их мэдлэгтэй Маурис Даффи хоёртой зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулаад ажилласан. Эхний ээлжинд Оюу толгойн 20 сая ам.доллароос санхүүжилт олгоод явж байсан. Замын дундаас тэр хоёр хүнтэй байгуулсан гэрээгээ "Эрдэнэс Оюу толгой" компани үргэлжлүүлээгүй. Сунгаагүй гэсэн үг. Энэ шийдвэрийг яагаад гаргасныг би мэдэхгүй.
20 сая ам.долларын санхүүжилтийг Оюу толгой төсөл дээр хяналт тавих зорилгоор авсан гэдэг дээр энэ хоёр хүн мэдээлэлтэй байсан. Үргэлжлээд энэ хоёр хүнээс мэдээлэл авах шаардлагатай болсон. Яагаад гэвэл татварын арбитрын маргаан дээр манай гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэг асуудал нь яалт ч үгүй зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудал. Тэгэхээр энэ асуудал дээр үргэлжлүүлээд илүү их мэдээлэл хэрэгтэй байсан. Нөгөө талдаа татварын маргаан дээр гарсан том сөрөг нэхэмжлэл бол авлига, ашиг сонирхлын асуудал байгаа. Тэгэхээр Оюу толгой төсөлтэй холбогдуулаад авлигын асуудал яригддаг. Энэ авлигын асуудлуудтай холбоотойгоор тодорхой шаардлагыг тавьж чадалгүй ирсэн. Энэ шаардлага тухайн сөрөг нэхэмжлэл дээр орчихсон байгаа. Авлига, ил тод байдалтай холбоотой асуудлуудаар шүгэл үлээгч нараас тайлан авья гээд гэрээг байгуулж байсан. Өмнө түр зогсоочихсон байсан харилцаагаа сэргээж, мэдээлэл авахдаа нэмэлт төлбөр төлсөн гэсэн үг. Энэ тайланг арбитрын маргаанд ашиглах зорилгоор авч байсан. Эл асуудлыг арбитрын маргаанд ажиллаж байсан хуулийн зөвлөхөөс зөвлөгөө авч шийдвэрлэсэн. Хуулийн зөвлөхийн зүгээс Английн хуулиар мэдээлэл авахтай холбоотой гэрээ байгуулахдаа Засгийн газрын эсрэг ажиллахгүй, холбогдох гишүүдтэй холбоотой бусад мэдээллийг гаргахгүй, нууц хадгалахтай холбоотой стандарт заалтууд гэх мэт байдлаар гэрээний заалтыг оруулж тусгасан.
Гол зорилго нь мэдээлэл авах. Шүгэл үлээгчидтэй үргэлжлүүлж хамтарч ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилготойгоор гэрээг байгуулсан. Би энэ асуудлыг нууцлаад байгаа зүйл биш. Арбитрын маргаан шийдвэрлэх ажиллагаа өөрөө нууц байгаа учраас хэн нэгэн мэдээлэл задруулах юм бол Оюу толгой ХХК болон Рио Тинтогоос гомдол гаргах боломжтой.
-468 мянган фунт стерлинг гэх дүн яригдсан л даа. Энэ зөвхөн "Нууц эвлэрлийн гэрээ"-ний хүрээнд олгогдсон мөнгө юм уу. Эсхүл цаашид гэрээг сунгасан нөхцөлд дахин энэ хэмжээний мөнгийг үргэлжлүүлж өгөхөөр байсан юм уу?
-Тухайн үед мэдээлэл, тайлан авсан. Хоёр шүгэл үлээгчийн ажилласан ажилтай нь холбогдуулаад төлсөн төлбөр гэж ойлгож болно. Нэмэлт мөнгө төлөх үүрэг хүлээгээгүй. Бидний хувьд Рио Тинто компаниас авч чадахгүй байсан мэдээллээ авах зорилгоор энэ хүмүүстэй хамтарч ажилласан. Хэрэв Рио Тинто компани мэдээллээ нууцалдаггүй, мэдээллээ үнэн зөв өгдөг байсан бол бид шүгэл үлээгчидтэй хамтарч ажиллах шаардлагагүй байсан. Бид хэлэлцээрт бэлтгэхийн тулд мэдээллийн тэнцвэргүй байдлын арилгах хэрэгтэй. Рио Тинто компани бидэнд үнэн бодит мэдээлэл өгч байна уу гэдэгт бид өөрсдөө дүн шинжилгээ хийх ёстой. Энэ дүн шинжилгээг сайн хийсний үндсэн дээр гэрээ хэлцлээ сайн хийж чадна.
Рио Тинто компанийн нэг асуудал нь бидэнд мэдээллээ бүрэн өгдөггүй. Ялангуяа өнгөрсөн 7 хоногт л гэхэд нэг кейс гарлаа шүү дээ. Оюу толгой компанийн гаргасан мэдээлэл алдаатай болохыг ТУЗ-д ажиллаж байсан Э.Баясгалан гаргаж ирсэн. Тэр хүн Оюу толгойн үйл ажиллагааг сайн мэддэг тул алдааг нь олж чадсан. Алдааг нь олоод хэлэнгүүт Оюу толгой компани залруулга гаргасан. Э.Баясгалан алдаа гаргачихлаа гэж хэлээгүй байсан бол үүнийг хэн ч мэдэхгүй өнгөрөх байсан.
Өөр нэг асуудал. Энэ мэдээлэл гарсны дараа надад нэг бичиг ирсэн. Оюу толгойн ТУЗ-ийн дарга Шон Хинтон гээд хүн бий. Шон Хинтон өнгөрсөн оны 3 болон 6 дугаар сард ЗГХЭГ болон "Эрдэнэс Оюу толгой", "Эрдэнэс монгол" компани руу албан бичиг явуулж байсан юм байна. Эл албан бичигтээ "ЗГ-ын төлөөлөл болоод ажиллаж байгаа Э.Баясгалан гэх ТУЗ-ийн гишүүн компанийн талаар мэдээллүүдийг олон нийтэд задлаад байна. Ялангуяа үргэлжилж буй арбитрын маргаантай холбоотой мэдээлэл өгсөн учраас ЗГ хариуцлага тооц" гэх албан бичгийг ирүүлсэн байсан. Энэ мэдээллийг тухайн үед аваагүй. Өнгөрсөн долоо хоногт нэр нь үл мэдэх хүнээс ирүүлсэн мэдээллийг аваад үзэхээр Э.Баясгалангийн нэрийг дурдаад олон нийтэд компанийн мэдээллийг өгөөд байна, ЗГ энэ хүнийхээ асуудлыг анхаараач ээ гэдэг л агуулгатай байсан. Рио Тинто компанийн томилсон ТУЗ-ийн дарга нь яагаад ЗГ-аас томилсон ТУЗ-ийн гишүүнийг ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг тавиад байгаа юм бэ. Хамгийн ноцтой асуудал нь, өнгөрсөн оны 12 дугаар сард сонсгол болсон шүү дээ. Сонсголын үеэр зарим УИХ-ын гишүүдийн зүгээс Шон Хинтонд асуулт тавьсан. Бичиг ирсний дараа сонсголын бичлэгийг ухрааж үзсэн. Үзтэл Шон Хинтоноос Э.Болормаа гишүүн "Та Э.Баясгаланг чөлөөлүүлэх талаар ЗГ-т хандсан уу" гэж асуухад Шон Хинтон "Би 2025 оны 3 болон 6 дугаар сард бичиг явуулсан. Гэхдээ хэн нэг хүний нэрийг дурдаагүй" гэж хэлсэн. Гэтэл бодит байдал дээр явуулсан бичгийг нь аваад үзэхээр Э.Баясгалан гишүүний нэрийг дурдаад гомдол гаргасан байгаа юм. Энэ асуудлыг яагаад ярьж байна вэ гэвэл Оюу толгой ХХК болон Рио Тинтогоос гаргаж өгч байгаа мэдээлэл дээр бид маш нухацтай хянуур хандах ёстой. Өөрсдөө дүн шинжилгээ хийдэг болох хэрэгтэй.
-Д.Мөнх-Эрдэнэ дэд сайдад хандаж хэлэхэд, хэрэв баримт байвал гаргаад ир. Ажлаа өгчихсөн хүн рүү гүтгэлгийн зорилгоор үг шидээд байх шаардлагагүй-

-ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийн зүгээс "20 сая ам.доллар"-ын гэрээний явцад бага биш мөнгөн дүнг хувийн дансандаа авсан асуудал байгаа юм билээ" гэдэг агуулгыг дурдсан байсан. Магадгүй таныг холбож бичсэн юм болов уу гэж харсан?
-Би "Эрдэнэс Оюу толгой" компанийн санхүүжилтээс хувьдаа мөнгө аваагүй. Яагаад тэгж хэлсэн юм бол гэж бодоод дансаа 2021 оны 11 дүгээр сараас эхлүүлээд 2023 он хүртэл шүүж үзсэн л дээ. Хэрэв над руу тийм мөнгө шилжүүлсэн байх юм бол баримтыг нь гаргаад ир. Тэр асуудал дээр нь би тайлбар хэлье гэж хэлмээр байна. Ажлаа өгчихсөн хүн рүү гүтгэлгийн зорилгоор үг шидээд байх шаардлагагүй. "20 сая ам.доллар"-ын асуудлыг өмнө ажил хийж байсан хүмүүсийг харлуулах, Оюу толгойтой холбоотой асуудлыг яриулахгүй байх зорилготой гаргаад байгаа юм болов уу гэх хардлага байна. Ямар ч байсан монголчууд бид Оюу толгойтой холбоотой асуудлаар хоорондоо маргалдаад байх шаардлагагүй.
Нөгөө талдаа иргэдээ төөрөгдүүлсэн мэдээлэл гаргаад байх шаардлагагүй. Харин ийм мэдээлэл гаргаад байх юм бол ажлын хариуцаж байсан хүний хувьд өөрийнхөө мэдэх хэмжээндээ иргэддээ зөв мэдээлэл өгч ажиллана. Хэн нэгэн авлига авсан асуудал байвал түүнийг шүүх эцэслэн тогтооно. Шүүхийн шийдвэр гараагүй байхад МАН-ын хуваагдал, улс төрийн тэмцэлтэй холбогдуулаад авлигын асуудал маш их ярьдаг боллоо шүү дээ. Сүүлдээ авлигатай холбоотой хэмжээ хязгааргүй мөнгөн дүнг ярьдаг болсон байна. Тэгэхээр энэ бол манай улс баялгийн хараалд өртсөний том илрэл болов уу гэж би бодож байгаа. Үүнийг залруулах гол зүйл нь бид аль болох ил тод нээлттэй байх хэрэгтэй.
-Өнгөрсөн хугацаанд Оюу толгойн гэрээний асуудлыг бид хангалттай ярилаа. Мэдээж өнгөрсөнд байсан алдаа оноог нь дэнслээд цаашид сайжруулах явах ёстой гэдэг дээр бүгд санал нэгдэж байна. Гэхдээ улс төр нь даваад байна уу гэж л харагдаад байна?
-Би 2020 онд ажлаа аваад ажиллаж байхдаа Оюу толгойн асуудлыг аль болох шийдчихье гэсэн хүсэл зоригтойгоор ажиллаж байсан. Яалт ч үгүй энэ бол манай улсын эдийн засагт чухал нөлөөтэй том төсөл. Өмнөх шийдвэр гаргаж байсан процессуудыг аваад үзэхээр маш том асуудлууд энэ дунд байдаг юм билээ. 2020 онд ажлаа авч байх үед төрийн албан хаагчид, шийдвэр гаргах түвшний улстөрчид Оюутолгойн асуудлаас аль болох зугтааж байсан. Оюу толгойтой холбоотой шийдвэр гаргавал сүүлд нь асуудалд орно гэдэг айдастай байсан. Ажлын хэсгийн хурал болоход аль болох хуралд суухгүй, асуудал шийдэхээс зайлсхийдэг хандлага байсан. Эргээд энэ нь Оюу толгойтой холбоотой асуудлыг гаргаж тавихаар шүүмжлэл, улстөржилт дагуулдаг. Асуудлаа засъя, шийдье гэхээр өөдөөс шал өөр зүйл яриад байдаг юм билээ. Энэ бол улс төрийн зорилготой байх л гэж би хардаг.
Оюу толгой төслийг зөв, үр ашигтай удирдаж чадаж байгаа эсэх асуудлыг ярья гэхээр өөдөөс "Рио Тинтог хөөх гэлээ" гэдэг. Яалт ч үгүй улс төрийн шийдвэр гаргах процесс Рио Тинтог хамгаалдаг, эрх ашигт үйлчилдэг маш том хүч байдаг гэж би боддог. Энэ хүч нь эргээд Оюу толгой төслийг засаж, сайжруулах гэсэн хүмүүсийг дуугүй байлгахын төлөө ажилладаг юм болов уу гэж харагддаг. Тэгэхээр бидний хувьд гол зүйл нь аль болох цаг алдахгүйгээр энэ гэрээг засаж сайжруулах хэрэгтэй. Гурван өдрийн турш үргэлжилсэн сонсголын үр дүн энэ гэрээг засаж, сайжруулах ёстой гэдэг дээр нэгдсэн гэж ойлгосон. Гэтэл хэдхэн сарын дараа улс төрийн процесс нь, засаж сайжруулъя гэж ярьж байгаа хүмүүсийн эсрэг гүтгэлэг, харлуулах ажиллагаа явуулж байна.
Монголчууд бид Оюу толгойтой холбоотой асуудал дээр нэгдмэл байж чадвал гэрээ хэлэлцээр үр дүнтэй байж чадна. Бидэнд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт байна. Америкийн жижиг хувьцаа эзэмшигчид Рио Тинтогоос нөхөн төлбөр авсан шүүхийн шийдвэр байна. Тухайн үед манай улсын ЗГ-тай харьцуулахад хамаагүй бага хувьцаа эзэмшиж байсан хувьцаа эзэмшигчид 138 сая ам.долларын нөхөн төлбөрийг Рио Тинтогоос авч чадаж байгаа бол бид ч гэсэн илүү их хэмжээний нөхөн төлбөр авах боломж байна. Энэ асуудлыг яриа хэлэлцээрийн шатанд гаргаж тавих хэрэгтэй.
-С.Баярцогт эхлээд 60 тэрбумын тендер, ашиг сонирхлын зөрчилгүй байсан уу гэдэгтээ зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Тэгэхгүйгээр Рио Тинтогийн нөлөөллийн агент шиг ажиллаад байж болохгүй-

-Сүүлийн өдрүүдэд УИХ дээр Эпштейнтэй холбоотой асуудлыг нэлээдгүй хөндөж байна. Монгол Улсын байгалийн баялагтай холбоотой мэдээллийг хилийн цаана танилцуулагдаж байсан, тодорхой улс төрийн шийдвэрүүд гарч байсан байж болзошгүй гэх агуулгууд дээр гишүүд дуугарч эхэллээ. Та энэ асуудлыг юу гэж харж байна?
-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн зүгээс Эпштейнтэй холбоотой асуулгыг Ерөнхий сайдад тавьсан байсан. Би олон улсын хэвлэлүүд дээр гарсан мэдээллийн хүрээнд л мэдээлэлтэй байгаа. Австрали, Европын хэвлэлүүдээр Жеффри Эпштейний үйл ажиллагаа Монгол Улсад ч байсан гэх агуулгууд дурдагдсан. Ингэхдээ манай улсын төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан тэр дунд Ц.Элбэгдорж, Л.Пүрэвсүрэн, Х.Баттулгатай холбоотой асуудлууд гарч байгаа. Бид энэ асуудлыг судлах ёстой. Үнэхээр Эпштейн гэдэг хүн олон улсын улс төр, бизнес, эдийн засаг, шинжлэх ухааны салбарын нөлөө бүхий хүмүүстэй харилцаа холбоотой байсан хүний хувьд манай улсад ямар үйл ажиллагаа явуулж байсан юм бэ, ялангуяа байгалийн баялагтай холбоотой шийдвэр гаргах үйл ажиллагаанд нөлөөлж байсан уу зэргийг судлах ёстой. Хэвлэлээс уншихад, энэ хүн маш өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байсан юм байна.
Эпштейн гадаад улсын төрийн өндөр дээд албан тушаал хашдаг эрхмүүдтэй ойр дотно харилцаатай байхдаа нийтэд ил болоогүй мэдээллүүдийг авдаг байсан байж болзошгүй байна. Бусад улсуудад холбогдох байгууллагууд нь шалгаад эхэлчихсэн. Үнэхээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон уурхай, ордуудтай холбоотой нөлөөллийн үйл ажиллагаа явуулсан бол бид мэдэх ёстой. Ялангуяа Оюу толгой төсөлтэй холбоотой асуудал байсан бол бид нягтлах хэрэгтэй.
-Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын тавьсан асуулгын дараагаар түүнтэй ойр гэгдэх УИХ-ын гишүүн чуулган, байнгын хороогоор энэ асуудлыг эрчимжүүлж байгаа нь улс төрийн зорилготой мэт харагдаад байна л даа. Таныг ч Л.Оюун-Эрдэнийн ойрын хүн гэдэг шүү дээ?
-Би энэ асуудлыг асуулга тавьсных нь дараа л мэдсэн л дээ. УИХ бол улс төрийн талбар шүү дээ. Тэнд гишүүд ямар асуудлаар улс төр хийх, асуудал дэвшүүлээд ЗГ-т шаардлага хүргүүлэх нь бүрэн эрхийнх нь асуудал. Мэдээж би УИХ-ын гишүүний өмнөөс тайлбар хийх нь зохимжгүй. Иргэд маань энэ асуудал дээр өөр өөрсдийн дүгнэлтээ хийж байгаа байх. Хамгийн гол нь бид үндэснийхээ эрх ашгийг хамгаалах тал дээр анхаарч ажиллах ёстой.
-Ярилцлагын төгсгөлд танаас нэг зүйлийг асуумаар байна. Оюу толгой төсөлтэй "хар толгой"-гоороо холбогддог хүн бол С.Баярцогт. Саяхан түүний хувьд Ардчилсан намын ЕНБД-аар томилогдлоо. Үүнийг шүүмжлэх хүмүүс их байна л даа. Та юу гэж харж байна?
-Оюу толгой төсөлтэй холбоотой олон асуудлууд бий. 2009 онд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан. Хөрөнгө оруулалтын гэрээний яриа хэлэлцээрийн хариуцсан гол хүн бол Сангийн сайд асан С.Баярцогт. С.Баярцогт гэдэг хүнийг би танихгүй. Уулзаж байгаагүй. Хуульч хүний хувьд, энэ ажлыг хариуцаж байсан хүний хувьд харамсалтай санагддаг зүйл нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ манай улсад ашиггүй гэрээ. Оюутолгой төслийн асуудлыг гаргаж тавья, хэлэлцээнд ашиглья гэхээр хөрөнгө оруулалтын гэрээнд бидэнд хэрэг болох заалт бараг байдаггүй. Яриа хэлэлцээрээ илүү сайн хийсэн байсан бол ямар байх байсан бол гэж боддог. Хамгийн гол нь тухайн үед хэлэлцээр хийж байхдаа дотоод мэдээлэл ашиглаад хэлэлцээрийн нөгөө талд сууж байсан компанийн хувьцааг худалдаж авсан. Яриа хэлэлцээрийн үр дүнд тэр компанийн хувьцаа өснө гэдэг хүлээлттэйгээр худалдаж аваад, нугалсан ашиг хийсэн байдаг. Өөр нэг зүйл нь, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны дараа өндөр үнийн дүнтэй катерингийн гэрээ байгуулахад С.Баярцогтын эхнэрийн компани 60 тэрбум орчим төгрөгийн тендер авсан. Энэ бол илт ашиг сонирхлын зөрчил. Авлига гээд хэлчхэж болно шүү дээ.
-Хэргийг нь хэрэгсэхгүй болгочихсон шүү дээ?
-Шүүхийн шийдвэр нь шүүхийн мэдээллийн сан дээр байгаад байгаа байхгүй юу. Хэн ч энэ шүүхийн шийдвэрийг үзэх боломжтой. Үйл баримтуудыг нь маш дэлгэрэнгүй дурдчихсан. Шүүхийн хүчингүй болсон шийдвэрийг би лав хараагүй. Шүүхийн шийдвэр өнөөдөр ч гэсэн монголын шүүхийн нэгдсэн мэдээллийн сан дээр байгаад байна. Байгаад байна гэдэг нь хүчинтэй байна л гэж би ойлгоод байна шүү дээ. Хэрэв хүчингүй болсон бол устгах байсан байлгүй дээ. Тухайн үед яриа хэлэлцээр хариуцаж байсан төрийн өндөр албан тушаалтан ийм ноцтой ашиг сонирхлын зөрчил тэр тусмаа 60 тэрбумын авлигын асуудал байхад юу ч болоогүй юм шиг байх нь эргээд Монгол Улсын Рио Тинто компанитай хийх гэрээ хэлцлийн хүчийг сулруулж байна. Энэ хүн өөрийгөө өмөөрөөд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ маш сайн гэрээ болсон гэж яриад байна шүү дээ. Би үүнтэй санал нийлэхгүй. Мэдээж өөрийнхөө хийсэн ажлыг хамгаалж болно. Гэхдээ эхлээд 60 тэрбумын тендерээ тайлбарлах хэрэгтэй. Үнэхээр ашиг сонирхлын зөрчилгүй байсан гэдэгтээ зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Тэгэхгүйгээр тойруулаад, Рио Тинтогийн нөлөөллийн агент шиг ажиллаад байж болохгүй. Иргэдээ төөрөгдүүлсэн мэдээлэл өгөөд байгаа учраас л би ингэж байр сууриа илэрхийлээд байгаа юм. Түүнээс биш надад С.Баярцогт гэдэг хүний улс төрийн карьер хамаа байхгүй.
Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!