ЭЕРЭГ: Сошиал контентоор дамжуулж өөрийгөө бүтээсэн Ж.АРИУНСАНАА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 34 секунд

Дүрд хувирч хоол хийдэг бичлэгүүдээрээ цахим орчинд танигдсан Ж.Ариунсанааг UBN сайт онцолж ярилцлаа.

-Сайн манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Ж.Ариунсанаа гэдэг. Би мэйк ап артистаар ажилладаг. Мөн хувцасны онлайн бизнес эхлүүлээд явж байна. Цаашдаа өөрийн гэсэн дэлгүүртэй болох зорилготой. Мөн контент бүтээгчээр ажилладаг. Миний хамгийн дуртай, өөрийгөө хамгийн ихээр илэрхийлж чаддаг зүйл бол контент хийх. Сүүлийн үед энэ чиглэлдээ илүү төвлөрч, өөрийгөө хөгжүүлж байна.

-Анх яагаад контент хийж эхэлсэн бэ?

-Анх хувийн аккаунтаа хөтлөөд л явдаг байсан. Харин хүүхэдтэй болсныхоо дараа бүх сошиал хуудсаа хаагаад, илүү нам гүм, хувийн орон зайтай амьдрахыг хүссэн. Тэр үедээ өөрийгөө аюулгүй, тайван байлгахыг илүүд үзсэн гэж хэлж болно. Гэхдээ гэртээ хүүхдээ хараад сууж байхдаа дотроос нэг л зүйл дутуу мэдрэгдээд байсан. Гаднаасаа бүх зүйл хэвийн мэт боловч, өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй байгаа юм шиг санагдсан. Тэгээд л аажмаар контент хийх хүсэл маань дахин төрсөн. Анхны олны анхаарал татсан контент маань Жангумын дүрд хувирсан бичлэг байсан. Тэр бичлэг маш хурдан тархаж, олон хүнд хүрсэн. Тэр үед гэнэт олон дагагч нэмэгдэж, хүмүүсийн анхаарал татагдаж эхэлсэн нь надад урам өгсөн. Жангумын дүр надад их ойр санагддаг. Тэр бол цэвэр шударга хөдөлмөрөөр, өөрийн авьяас чадвараар амьдралаа бүтээдэг хүн. Би ч бас яг л тийм хийсэн бүтээлээрээ үнэлэгдэхийг хүсдэг. Ер нь би их сониуч, янз бүрийн зүйл туршиж үзэх дуртай хүн. Одоо эргээд харахад миний хийж буй контентууд эмэгтэйчүүдэд өөртөө итгэх итгэл өгч, урам зориг өгч байгааг ойлгосон.

-Хамгийн их ирдэг сэтгэгдэл юу вэ. Сөрөг сэтгэгдэлд хэр дархлаатай вэ?

-Хүмүүсээс ирдэг хамгийн гоё сэтгэгдэл гэвэл “ямар их хөдөлмөр шингэсэн байна вэ” гэдэг үг. Миний хувьд контентийн ард байгаа хичээл зүтгэл, харагддаггүй хөдөлмөрийг ойлгож, үнэлж байгаа нь хамгийн үнэ цэнтэй санагддаг. Мэдээж сөрөг сэтгэгдэл ирдэг. Ер нь хүмүүсийн янз бүрийн ойлголт, хандлага хэзээ ч алга болохгүй. Харин өөрөө юу хийж байгаагаа, өөрийн үнэ цэнийг мэддэг байх нь хамгийн чухал. Би өөрөө аль болох сөрөг зүйл түгээхгүй байхыг хичээдэг. Хэн нэгнийг эвгүй байдалд оруулах, муу сэтгэгдэл төрүүлэх зүйл хийхгүй байхыг зорьдог. Магадгүй үүнээс шалтгаалаад надад ирэх сэтгэгдэл ихэвчлэн эерэг байдаг байх.

-Ихэвчлэн ямар төрлийн сөрөг сэтгэгдэл ирдэг вэ?

-Нара смитийг дуурайж байна гэх сэтгэгдэл их ирдэг байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам тэр нь бүр эсрэгээрээ “Монгол Нара Смит” гэх мэт магтаал болж хувирсан. Би Нара Смитээс тодорхой хэмжээнд санаа авдаг байсан нь үнэн.

-Дүрд хувирсан контентууд их хөдөлмөр шаарддаг. Хувцас, бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?

-Би угаасаа хувцсанд их дуртай. Жижиг сажиг зүйлс оймс, бээлий, алчуур зэрэг олон төрлийн эд зүйл цуглуулдаг. Тэр бүхнээ ашиглаад дүрийн хувцсаа өөрөө зохиомжилж бүтээдэг. Жишээлбэл, Жангумын хувцасны зарим хэсгийг энгийн материалуудаар орлуулж хийсэн. Цагаан захыг бүс нугалж хийсэн, зарим өнгийг оймсоор шийдсэн гэх мэт. Ер нь бэлэн хувцас авч хэрэглэхээс илүүтэй байгаа зүйлсээ креатив байдлаар ашиглахыг илүүд үздэг. Мэдээж зарим тохиолдолд тодорхой дүрд зориулж хувцас авах үе бий. Жишээлбэл, Жокерын дүр дээр зориулж улаан хослол авч байсан.

-Дүрд хувирдаг шалтгаан тань юу вэ?

-Надад хамгийн сонирхолтой нь тухайн дүрийн мэдрэмжийг гаргах процесс. Нүдний харц, биеийн хэлэмж, дотоод мэдрэмж бүгд нийлж байж дүр амилдаг.

-Таны үндсэн мэргэжил юу юм бэ. Энэ замыг сонгосон түүхээсээ хуваалцаач?

-Би зураач мэргэжилтэй. Урлагт дуртай байсан учраас энэ чиглэлийг сонгосон. Гэхдээ зурах нь надад хэт дотогшоо, чимээгүй санагдсан. Харин дотор хүн маань илүү өөрийгөө илэрхийлэхийг хүсдэг байсан. Бага байхад ээж маань намайг санхүүгийн чиглэлээр сургахыг хүсэж, тооны ангид оруулж байсан. Гэвч би тоонд дургүй, тэр орчинд өөрийгөө “юу ч чадахгүй хүн” мэт мэдэрдэг байсан. Хүн бүрт өөрийн гэсэн зам, хийх зүйл байдаг. Тэр замаа олж чадах нь хамгийн чухал.

-Эмэгтэйчүүдэд хандаж зөвлөгөө өгөөч гэвэл юуг онцолж зөвлөх вэ?

-Ээж болохоор маш их хариуцлага ирдэг. Зарим үед ганцаардал ч мэдрэгддэг. Гэхдээ тэр ганцаараа байх хугацаа өөрийгөө ойлгоход маш чухал. Олон эмэгтэй нийгмийн хүлээлтэд баригдаж, өөрийгөө орхигдуулах тохиолдол байдаг. “Эмэгтэй хүн ийм байх ёстой” гэсэн ойлголтод дарагдах нь элбэг. Гэхдээ хамгийн чухал нь өөрийгөө сонсох. Өөрийгөө нэгдүгээрт тавьж сурах. Хүн бүрт хийхийг хүсдэг, хийх ёстой зүйл бий. Тэр нь тухайн хүний амьдралын утга учир гэж би боддог. Ээж байх, эхнэр байх чухал ч хамгийн түрүүнд хүн өөрийн “хувь хүн” гэдгээ алдаж болохгүй.

Б.Пүрэвдорж: Намын дарга анхнаасаа намын бүх албан тушаалын томилгоог хийж дууссаны дараа бүлгийн даргын ажлаа өгнө гэсэн
Б.Пүрэвдорж: Намын дарга анхнаасаа намын бүх албан тушаалын томилгоог хийж дууссаны дараа бүлгийн даргын ажлаа өгнө гэсэн
 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж “Твиннинг” төслийн богино хугацааны зөвлөхүүдтэй уулзлаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж “Твиннинг” төслийн богино хугацааны зөвлөхүүдтэй уулзлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!