
Математикийн хичээлдээ дуртай, хичээлдээ сайн, байнга хичээлээ давтдаг, хичээл таслах нь байтугай хоцорч ч үзээгүй хүү нь хичээлээ давтахаа больж, өглөө бүр үглүүлэн загнуулан босож, арайхийн хичээлдээ явдаг болжээ.
Үүнийг нь нэлээд удаан ажигласан ээж нь нэг өглөө хүүгээ сэрээхдээ асуужээ. Хүү ч юм хэлсэнгүй "Хичээлдээ явлаа" гээд цүнхээ үүрээд гараад явчихна тэр. Энэ тухай аавд нь хэлж хүүтэйгээ ярилцахыг хүсэв. Аав нь нэг орой хүүгээ дуудаад юу болсныг лавлахад "Намайг хуучин сургууль руу минь буцаагаад шилжүүлээд өг" гэхээс өөрийг хэлсэнгүй. Ээж нь хэдэн өөр юу болсныг хэлүүлэх гэсэн ч юу ч ярихгүй байсаар өнгөрүүлжээ.
Нэг өдөр ээж нь ажлаа зохицуулж чөлөө аваад хүүтэйгээ цагийг өнгөрөөж, дуртай хоол амттаныг нь барьж гүйсээр арай гэж нэг сонссон зүйл нь шинэ ангийнхан нь мөнгөтэй бол найзалдаг, мөнгөгүй бол дээрэлхдэг гэжээ. Эхэндээ ч аав ээж, ах эгч, эмээ өвөөгөөсөө ээлжилж мөнгө авч аргалж байсан ч тэд өдөр болгон мөнгө өгөөд байх боломжгүй. Ингээд нэг л өдөр тэсэрч "Би дахиж мөнгө өгч чадахгүй. Та нар надтай найзлахгүй байсан ч болно" гэж хэлжээ. Тэр цагаас ангийнхан нь байнгын шоглож, сургууль дээр зүгээр байлгахаа больжээ. Хичээл тараад гэр рүүгээ явах замд тосож уулзаад нэг байрны орц руу авч ороод зодсон удаа ч байгаа гэжээ. Энэ бүхнийг сонссон ээж аав нь сургуулийн захиргаа, нийгмийн ажилтан, ангийн багш гээд бүгдтэй нь уулзан асуудлыг ярилцаж шийдвэрлэхийг оролдсон ч "Манай сургуульд тийм зүйл огт байхгүй гээд халгаагаагүй аж. Сургуулийн захиргаа, багш нар арга хэмжээ авахгүйг ойлгосон ээж хүүгээ хуучин сургууль руу нь буцааж шилжүүлэхээс өөр сонголт үлдсэнгүй. Хүү ч хуучин сургууль руугаа шилжив. Асуудал сургуультайгаа хамт үлджээ.
Байраа томруулж хотын төв рүү дөхөөд, хүүгээ харьяаллын сургуульд шилжүүлсэн нь ийм байдалд хүргэжээ. Хүү ч хуучин сургууль руугаа хол ч байсан хамаагүй автобусаар өөрөө явчихна гэсэн тул ингэж л асуудлыг шийдсэн байна.
Өчигдөрхөн зургаадугаар ангийн охиныг харгисаар зодсон тухай ээж нь сургуулийнх нь группт бичсэн нь ил болоод байна. Энэ мэтээр дээрэлхэлт нэг нэгээрээ ил болсоор. Хаа сайгүй үе тэнгийн дээрэлхэлт гэдэг зүйл газар авчээ. Хотын орлогч дарга нь хүртэл Төрийн ордонд ч дээрэлхэлт байгааг хэлсэн байдаг.
Хүүхдүүдээ энэ хүүхэд тэгж шоглоод, тэгж дарамтлаад гээд хэлэхээр гоншигнолоо, хов зөөлөө гээд тоодоггүй бидний үе ард үлдсэн шүү дээ ээж аавуудаа, эцэг эхчүүдээ, багш сурган хүмүүжүүлэгчид, асран хамгаалагчдаа.
Одооны хүүхдүүд юмыг нэг хэлүүлээд тоохоо больсон. Маш удаанаар, олон удаа хэлүүлж байж ойлгоно, эсвэл хийнэ. Тиймээс өдөр бүр хүүхдүүддээ хэлж ойлгуулж, асуудлыг ярьж, сануулж байх хэрэгтэй юм шиг. Хэрвээ хүүхдүүд нэгнийгээ олуулаа нийлж дээрэлхэх, зодох, олон удаагийн давтамжтайгаар хийх, хэн нэгэнд гэмтэл учруулбал 10-12 жилийн ялтай эрүүгтийн гэмт хэрэг болсон гэдгийг одооноос л хэлж ярьж ойлгуулъя.
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албанаас гаргасан хэд хэдэн аян хүмүүсийн сэтгэлд хоногшиж үр дүнгээ өгсөн. "Яараад яахав дээ", "Нэг хором", "Аажуу явбал аяндаа хүрнэ" дээ гэх мэтээр хүн бүр мэддэг шахуу уриа үг болоод байгаа. Үүний араас нэгэн аян эхлүүлсэн нь "365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе". Бүгдээрээ 365 хоног өглөө болгон үр хүүхдүүддээ сануулж хэн нэгэн дээрэлхээд байвал, хэн нэгэн дээрэлхүүлээд байвал, хэн нэгэн дээрэлхэх үйлдэл гаргаад байвал багш, эцэг эх, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч гээд хамгийн ойрхон байгаа том хүнд хэлж байхыг сануулъя.
Ингэж байж энэ нийгмийн "хорт хавдар" мэт болсон асуудлаас хамтдаа гарах байх...
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!