Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлэжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 45 секунд

Прокурорын байгууллага 2026 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт үйлдсэн 50 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ. Үүнд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 37 хэрэг, хахууль авсан, хахууль өгсөн 13 хэрэг байна.

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт (2026.03.16-20) анхан шатны шүүхээр 16 хүнд холбогдох 4 хэргийг шийдвэрлүүлж, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна. Тухайлбал:

- Д.Г нь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс Улаанбаатар хот руу мод тээвэрлэхдээ дамжин өнгөрүүлэх шатны хяналтыг хийлгэхгүй байх давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан Б.Б-д 1,1 сая төгрөг, нийтийн албан тушаалтан Д.М-д 2,1 сая төгрөгийн хахууль өгсөн үндэслэлээр шүүхээс Д.Г-д нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 2,8 сая төгрөгөөр торгох ял, Д.М, Б.Б нарт нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан;

- Э.Т нь бүртгэлийн байгууллагын ажилтнаар ажиллаж байхдаа Т.Д-ын гуйлтаар нэр бүхий 3 иргэний "иргэний үнэмлэхийг хууль бусаар, тэдгээрт мэдэгдэхгүйгээр гаргуулан авах” ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор 300,000 төгрөгийн хахууль авсан, мөн бүртгэлийн ажилтнуудын гуйлтаар нэр бүхий иргэдийн иргэний үнэмлэхийг хууль бусаар гаргасан үндэслэлээр шүүхээс 7 хүнийг гэмт хэрэгт хамтран оролцсон, гэм буруутайд тооцож, тус бүр нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 2,7-6 сая хүртэл төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан;

- В.М нь татварын байгууллагад нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа ганцаараа болон мөн байгууллагын ажилтан Г.М, Б.Б нартай бүлэглэж, өөрийн болон бусад хүмүүсийн татварын төлбөрийн ногдлын үнийн дүнг бууруулан бүртгэл үүсгэж, улсад төлөх татварын хувь хэмжээг бууруулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үндэслэлээр шүүхээс В.М, Г.М, Б.Б нарыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд гарахыг хязгаарлаж зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэжээ.

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

"Нийтийн албан тушаалтан" гэж хэнийг хэлэх вэ?

1. төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;

2. төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч;

3. төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан;

4. олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал;

5. улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан;

6. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч;

7.бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч;

8. эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан;

9. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 4.1.7-д заасан Ирээдүйн өв сан корпорацын эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүн.

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, албан тушаалтан, иргэн бүр ил тод, хариуцлагатай, шударга байх зарчмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлэх нь хүн бүрийн үүрэг юм.

Н.Учрал: Цаашид УИХ-ын дарга хийхгүй, ирцгүй чуулган удирдаж чадахгүй
Н.Учрал: Цаашид УИХ-ын дарга хийхгүй, ирцгүй чуулган удирдаж чадахгүй
 
Н.Учрал “МАН-ын бүлгийн 67 гишүүнээс нэг нь л хурал удирдах эрхийн эсрэг байвал УИХ-ыг удирдахгүй“ гэжээ
Н.Учрал “МАН-ын бүлгийн 67 гишүүнээс нэг нь л хурал удирдах эрхийн эсрэг байвал УИХ-ыг удирдахгүй“ гэжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!