Д.Мөнх-Эрдэнэ: Хар тамхи хэрэглэгчдийн дийлэнх нь 13-35 насны залуус байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 30 секунд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ: Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Хар тамхины хэрэглээ өнөөгийн нөхцөл байдалд үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн, Засгийн газрын зүгээс үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн түвшинд хүрсэн гэж үзэж байгаа. Анх 2002 онд энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой, энэ төрлийн харилцааг зохицуулах хууль батлагдан гарч байхад хар тамхины хэрэглээтэй холбоотой хоёр гэмт хэрэг бүртгэгдэж байсан. Энэ төрлийн гэмт хэрэг тогтмол өссөөр 2025 онд хар тамхи мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг 307, зөрчил 397 бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үетэй нь харьцуулахад гэмт хэргийн өсөлт 20 хувь, зөрчил 26.6 хувиар өссөн нь харагдаж байна. Засгийн газар өнгөрсөн оны наймдугаар сард хар тамхитай тэмцэх бодлогоо зарлаж, эрх зүйн шинэчлэлийг яаралтай хийх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байгаа хууль сахиулах байгууллага Хар тамхитай тэмцэх албыг байгуулж бэхжүүлэх шийдвэр гаргасан. Үүний үр нөлөөгөөр энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэж байгааг үгүйсгэж болохгүй. Хуулийн шинэчлэлийн хүрээнд хэд хэдэн онцлог бий. Нэгдүгээрт, энэ төрлийн гэмт хэрэг, хар тамхины хэрэглээний аюул заналыг ойлгуулах, таниулах, нийгэмд мэдүүлэх чиглэлээр хийх ажлууд их байна. Энэ чиглэлээр урьдчилан сэргийлж, соён гэгээрүүлэх ажлыг хийх арга хэмжээтэй холбоотой хуулийн зохицуулалтыг тусгасан. Нөгөө талаас хууль сахиулах байгууллагын чадавхыг бэхжүүлэх, төрийн бүх шатны байгууллагуудаас авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгож байгаа. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байгаа асуудал гэж үзсэн учраас энэ төрлийн харилцааг төрийн хатуу хяналтад авах, бүх төрлийн үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх зохицуулалтыг бий болгоно. Мөн үндэсний жагсаалттай болж, шинэ төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг даруй үндсэн жагсаалтад багтаан эрүүгийн хариуцлага болгон хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Нөгөө талаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист донтох эмгэгтэй хүмүүст авах арга хэмжээг тодорхой болгож байгаа.

Өөрөөр хэлбэл, тэдгээр хүмүүсийг эмчлэх, бие махбод, сэтгэцийн хувьд эрүүлжүүлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарт хийх ажлууд их байна. Энэ чиглэлээр төрийн байгууллагуудын хийх ажлыг тодорхой болгож өгч байна.

Хамгийн чухал зүйл бол манайд хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа эрүүгийн хариуцлагын тухайд учир дутагдалтай байна. Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа эрүүгийн хуулиар 5 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа. Цаана нь илүү ноцтой хор хохирол учруулах хар тамхи үйлдвэрлэх, тээвэрлэх, бусдад хэрэглүүлэх гэх мэт олон үйлдлүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэггүй. Үүнийг зөрчлийн хуулиар торгоод өнгөрдөг. Тиймээс ноцтой, аюултай гэмт үйлдлүүдийг эрүүгийн хариуцлагад тооцож, энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулалттай үйлддэг гэмт бүлэглэлүүдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах чиглэлээр эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж дэмжигдсэн.

Монгол Улсад энэ төрлийн бодис хэрэглэж байгаа хэрэглэгчдийн насыг харахад дийлэнх нь 13-35 насны залуучууд байна. Тэр дундаа 4.4 хувь нь буюу 107 хүүхэд бүртгэлтэй байгаа сүүлийн 9 жилийн статистик тоон мэдээлэл байна.

Нөгөө талаас урлаг соёлынхон далд аргаар энэ төрлийн бодисын хэрэглээг сурталчилсан үйлдлүүдийг гаргаж байгаа.

Д.Батлут: Цэрэгжилтийн хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулах боломжтой гэсэн дүгнэлт гараад, ажлын хэсэг ажиллаж байна
Д.Батлут: Цэрэгжилтийн хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулах боломжтой гэсэн дүгнэлт гараад, ажлын хэсэг ажиллаж байна
 
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг ЗГ дэмжлээ
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг ЗГ дэмжлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!