Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕРЭГ: Хамтдаа олимпын аварга болох зорилго тавьж, ОУ-ын тэмцээнээс 15 медаль хүртсэн АХ, ДҮҮ усанд сэлэгчид

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 42 секунд

Усанд сэлэлтийн спортоор хамтдаа хичээллэж, дэлхийн тавцанд монголынхоо нэрийг сурталчилж яваа 10 настай Э.Энхтөгс, 7 настай Э.Энх-Учрал нарыг UBN сайт онцолж байна. Тэд төрсөн ах, дүүс. Говь нутгийн жижигхэн бассейнаас дэлхийн тавцанд гарсан бахархам амжилтын эзэд. Тодруулж хэлбэл, Говьсүмбэр аймгийн "Говийн Усчид" клубээс "төрөн" гарч, "Азийн сурагчдын аварга" шалгаруулах усанд сэлэлтийн тэмцээнээс долоон алт, таван мөнгө, нэг хүрэл нийт 15 медаль хүртэж, эх орноо дэлхийд сурталчлаад ирсэн адтай жаалууд юм.

Ах Э.Энхтөгс нь Монгол Улсын усанд сэлэлтийн 9-10 насны гурван рекордыг эзэмшдэг бөгөөд “Цагаан шонхор” наадмын өсвөрийн шилдэг тамирчин, Говьсүмбэр аймгийнхаа шилдэг хүүхэд болсон гээд түүний амжилтын буухиаг дурьдаад байвал дуусашгүй их.

Бид ах, дүү хоёрыг Улаанбаатарт бэлтгэлд хамрагдахаар ирсэн байх үед нь уулзаж, цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Манай уншигчдад өөрсдийгөө танилцуулаач?

Э.Энхтөгс: Миний нэрийг Э.Энхтөгс гэдэг. Би 10 настай. Усан спортоор 5 дахь жилдээ хичээллэж байна. Говьсүмбэр аймгийн "Говийн Усчид" клубийн тамирчин.

Э.Энх-Учрал: Миний нэрийг Э.Энх-Учрал гэдэг. Би 7 настай. Усанд сэлэлтээр 2 дахь жилдээ хичээллэж байна. Говьсүмбэр аймгийн "Говийн Усчид" клубийн тамирчин.

-Хамгийн сүүлд оролцсон олон улсын тэмцээнээсээ богц дүүрэн медальтай ирсэн байсан. Тэр талаараа мэдээлэл өгөөч?

Э.Энхтөгс: Бид хоёр сая Тайландын Бангкок хотноо зохиогдсон "Asian open school invitational championships" буюу "Азийн сурагчдын аварга" шалгаруулах усанд сэлэлтийн тэмцээнд амжилттай оролцож долоон алт, хоёр мөнгө, таван хүрэл нийт 15 медальтай ирсэн.

Э.Энх-Учрал: Манай ах 20 настай хүүхдүүдтэй уралдаад 4 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль авсан.

-Дүү нь ямар амжилт гаргасан бэ. Олон улсын том тэмцээнд ийм амжилт гаргах болов уу гэсэн хүлээлт байсан уу?

Э.Энхтөгс: Дүү маань их сайжирч байгаа учраас амжилт гаргахаар нь маш их баярладаг. Хамгийн сүүлд Тайландын Бангкок хотод болсон "Asian open school invitational championships" буюу "Азийн сурагчдын аварга" шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод 3 алт, 3 хүрэл медаль авч намайг аймшигтай их баярлуулсан. Би дүүгээ олон улсын тэмцээнд тэгж амжилт гаргана гэж бодоогүй. Маш их бахархсан.

-Э.Энх-Учралд медаль авах ямар санагдсан бэ?

Э.Энх-Учрал: Би алтан медаль авсандаа маш их баярласан. Манай гэр бүлийнхэн бас баярласан.

-Э.Энхтөгс 5 жил хичээллэхдээ ямар ямар амжилтууд гаргасан бэ. Томоохон амжилтуудаасаа онцлоод хэлбэл?

Э.Энхтөгс: "Asian open school invitational championships" буюу "Азийн сурагчдын аварга" шалгаруулах тэмцээнээс 9 медаль авч, 10 насны ШИЛДЭГ ТАМИРЧИН цомын эзэн болсон. 2025 онд Улсын аваргаас төрөл бүрт есөн алт, Бангкок, Дубай, БНХАУ-ын Далиан зэрэг хотуудад болсон өсвөрийн тэмцээнд төрөл бүрт алтан медаль хүртсэн. "Dubai international aquatics championship" тэмцээнд 9 насны шилдэг тамирчин болж цом гардсан. Одоо тулгамдаад заримыг нь санахгүй байна.

-Та хоёрыг ийм их амжилт гаргаж, усан спортоор хичээллэхэд хамгийн тусалж дэмждэг хүн хэн бэ?

Э.Энхтөгс: Манай гэр бүлийнхэн бид хоёрыг маш их дэмждэг. Ямар ч үед юу ч тулгарсан дэмжсээр л байдаг учраас бид хоёр амжилт гаргадаг байх гэж бодож байна.

-Эмээ нь та хоёрыг хаашаа ч явсан хамт яваад, оролцохыг хүссэн бүх тэмцээнд нь оруулдаг гэж ойлгосон. Зөв үү?

Э.Энхтөгс: Тийм. Гадаад, дотоодын бүх тэмцээнд бид хоёрыг дагуулаад явдаг.

Э.Энх-Учрал: Эмээдээ баярлалаа гэж хэлмээр байна.

-Та 2 том болоод ямар хүн болно гэж боддог вэ?

Э.Энхтөгс: Би том усанд сэлэлтийнхээ ирээдүйг хөөнө. Миний хамгийн том зорилго бол дүүтэйгээ хамт олимпын аварга болох. Энэ зорилгынхоо төлөө өнөөдрөөс хичээнэ гэж боддог.

Э.Энх-Учрал: Би том болоод эмч болно. Багш болно гэж боддог байсан чинь ах маань эмч болохыг зөвлөсөн. Тэгээд эмч болохоор шийдсэн.

Тэдний амжилтын нууц бол тэднийг үргэлж дэмжиж, дотоод, гадаадын бүх тэмцээнд уралдаан, бэлтгэл сургуулилтад уйгагүй зөөдөг эмээ Д.Наранцэцэг нь.

ЭМЭЭ Д.НАРАНЦЭЦЭГ: 2 ХҮҮХДЭЭ ЯМАР ОРГИЛД ХҮРНЭ ТЭР ХҮРТЭЛ ДЭМЖИЖ, ТУСЛААД ЯВНА ГЭЖ БОДДОГ

Түүний сэтгэгдлийг сонсоход, "Монгол Улсад зохиогдож байгаа бүх уралдаан, тэмцээнд болон олон улсын чанартай томоохон тэмцээнүүдэд би хүүхдүүдээ дагуулаад явдаг. Үлдэхээр санаа зовоод хэцүү байдаг учраас амжилт, алдаа оноог нь хамт хуваалцаад явах шиг сайхан мөч надад байхгүй. Мэдээж би өөрөө ажилтай. Гэхдээ хүүхдүүдийнхээ төлөө нөөтбүүкээ чирээд дагаад явдаг. Аав, ээжийг нь та 2 араа даагаад үлд гэж хэлээд л явдаг. Хүмүүс "Ядрахгүй байна уу" гэж их асуудаг. Би ядардаггүй. Хүүхдүүдийн сайхан энергээр улам л цоглог болоод байдаг. 2 хүүхдээ ямар оргилд хүрнэ тэр хүртэл дэмжиж, туслаад явна гэж боддог" гэлээ.

Мөн тэднийг энэ амжилтад хөтөлсөн хамгийн гол хүч бол тэдний багш Б.Батмөнх. Говийн усчид клубыг хичээллүүлж эхэлснээсээ хойш олон хүүхдийг дэлхийн тавцанд гаргасан онцгой гавьяатай нэгэн юм.

Б.БАТМӨНХ: ОЛОН УЛСЫН 4, 5 ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, МОНГОЛЫНХОО ӨСВӨР НАСТНУУДЫГ РЕКОРДУУДЫГ ЭВДЭЖ БАЙНА

Тэрбээр өөрийн шавь Э.Энхтөгсийн талаар, "10 настай. Бэлтгэл хийгээд 4 жил болсон. Энэ хугацаанд олон улсын 4, 5 тэмцээнд амжилттай оролцож, монголынхоо өсвөр настнуудыг рекордуудыг эвдэж байна. Тэгэхээр бусад хүүдүүдээс илүү амжилт гаргах болов уу гэсэн горьдлоготой явж байна" гэв.

Харин дүү Э.Энх-Учралийн тухайд, "Ахынх нь өгөгдөл дүүд нь байгаа. Ахаасаа суралцаад, үлгэр жишээ, урам зориг аваад явж байгаа учраас дүүд нь илүү дөхөм болж байгаа юм. Өөрөө энэ спортдоо дуртай, ар гэрийнхэн нь маш их дэмжиж, хамтарч ажилладаг учраас ах шигээ амжилт гаргаад явах бүрэн боломжтой" гэлээ.

П.Наранбаяр: Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн 14-өөс дээш насны хүүхдийг өмөөрөөд байх шалтгаан байхгүй. Эрүүгийн шинжтэй бол хэргийг нь цагдаагаар шийдвэрлүүлэх ёстой
П.Наранбаяр: Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн 14-өөс дээш насны хүүхдийг өмөөрөөд байх шалтгаан байхгүй. Эрүүгийн шинжтэй бол хэргийг нь цагдаагаар шийдвэрлүүлэх ёстой
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.