
Улаанбаатар төмөр зам ХХН энэ оны эхний хоёр сарын байдлаар тээврийн үзүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад илүү ахицтай байна. Амжилтаа хадгалахын тулд хөдлөх бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангахад тулгарч байгаа зарим хүндрэлтэй асуудлыг шийдэх, түлшний нөөцийг бүрдүүлэх, замын их засварын худалдан авалтын ажиллагааг шуурхайлах, худалдан авах ажиллагааг үр ашигтай зохион байгуулах зэрэг үүрэг өгөв.
ТЭЭВРИЙН ТООН МЭДЭЭЛЭЛ:
2026 оны эхнээс гуравдугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд 6 сая 583,6 мянган тонн ачаа тээвэрлээд байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 600 мянган тонноор илүү байна.
Мөн дээрх хугацаанд 4 сая 639,3 мянган тонн ачаа ачсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 192,6 мянган тонноор илүү байна.
Өнгөрсөн долоо хоногт Замын-Үүд – Эрээн өртөөгөөр өргөн, нарийн царигаар солилцох галт тэрэг өмнөх 7 хоногоосоо өгсөн, авсан талдаа өссөн үзүүлэлттэй байна.
Сүхбаатар- Наушки өртөөгөөр солилцох галт тэрэг өгсөн талдаа 5 галт тэргээр өссөн бол авсан талдаа 4 галт тэргээр буурсан байна.
Оны эхнээс дамжин өнгөрөх 666 чингэлгийн галт тэрэг аялуулаад байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 113 галт тэргээр илүү байна.
2025 оны есдүгээр сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 140 галт тэрэг буюу 6808 вагон 319,1 мянган тонн коксжсон хөх нүүрсийг Эрээн өртөөнөөс хүлээн авч тээвэрлээд байна. Нийт 367 мянган тонн коксжсон хөх нүүрс тээвэрлэхээс 47,8 мянган тонныг тээвэрлэх үлджээ.
Багануур, Шивээ овоо, Шарын голын уурхайн эрчим хүчний нүүрсний тээвэрлэлтэд шаардлагатай хагас вагоны хангалтыг төлөвлөгөөнөөс илүү хангаж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!