ЭЕРЭГ: 70, 80, 90-ээд оныхныг хүүхэд насаар нь аялуулж, аав, ээж, эмээ, өвөөгөө, амьдарч байсан ахуйгаа эргэн дурсах боломжийг олгодог КОФЕ ШОП

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 46 секунд

70, 80, 90-ээд оныхныг хүүхэд насаар нь аялуулж, аав, ээж, эмээ, өвөөгөө, амьдарч байсан ахуйгаа эргэн дурсах боломжийг олгодог кофе шопыг UBN сайт онцолж байна. Үүдээр нь ороход л дурсамж сэргэж, тэвиг өшиглөж, бөглөө нүдэж явсан хүүхэд насны нандин мөчүүд нүдний өмнүүр жирэлзэж, хүүхэд шиг баярлан хөөрч, догдлон бишрэх мэдрэмж төрж байсныг юун түрүүнд онцлон тэмдэглэе.

"Ийм байх боломжтой юм уу. Яг л гэртээ орж ирж байгаа юм шиг танил дотно ийм мэдрэмжийг байрны булангийн кофе шопоос авах боломж бас байдаг аа" гэх мэт нэг ижил утгатай үгсийг хэдэн удаа давтан хэлснээ ч санахгүй байна. Галзуу хүн шиг орилж, эд хогшлуудыг нь нэг нэгээр барьж, гэртээ байгаа юм шиг дураараа аашилж байгаа намайг хараад тус кофе шопыг ажиллуулдаг залуу хосууд гайхаж, төвөгшөөсөн шинжгүй инээгээд зогсох нь гайхмаар.

Тэдэнтэй уулзаж, ярилцлага авахаар ирсэн тухайгаа хэлэхэд, уриалгахан хүлээж аваад, "Орж ирсэн хүн бүр яг тань шиг сэтгэл хөдлөл гаргаж, зарим нь шууд уйлчихдаг учраас дасчихсан юм өө" хэмээн инээмсэглэсэн юм.

Энэ бол "Өглөөний галт тэрэг" кофе шопыг ажиллуулдаг О.Энхбаяр, Ц.Баянбилэг нар юм. Нөхөр О.Энхбаяр нь киноны зураглаач, эхнэр Ц.Баянбилэг сэтгүүлч мэргэжилтэй. Тэд кофе шопынхоо бүх зүйлийг сэтгэлээ шингээн бүтээж, тохижуулжээ. 70-80-аад онд хэрэглэгдэж байсан хуучин цагийн үнэ цэнэтэй эд зүйлсээр тухайн үеийн ахуйг бүрдүүлж, цаг хугацаагаар аялаад тухайн цаг үед оччихсон юм шиг орчныг бүрдүүлснээс гадна галт тэргэнд хэрэглэгддэг байсан хуучин ширээ, сандал, гэрэл, радио зэрэг зүйлсээр галт тэрэгний орчныг нэг буланд нь бий болгосон нь сонирхол татна. Кофе шопын өнгө төрх өвөрмөц байхаас гадна үйлчилгээ сайтай, орчны хувьд тохилог, олон янзын дурсамж сэдрээж, цаг хугацаагаар аялуулж чадаж байгаа нь үйлчлүүлэгчдийг татах нэг хөшүүрэг болдог бололтой.

Бид "Өглөөний галт тэрэг" кофе шопыг ажиллуулдаг О.Энхбаяртай уулзаж, цөөн хором ярилцлаа.

-Хэзээнээс кофе шоп ажиллуулж эхэлсэн тэр цаг үеийг эргэн дурсаад ярилцлагаа эхлэх үү?

-Анх 2022 онд гэр бүлийн хүнийхээ хамт кофе шоп нээж байлаа. Хоббигоо бизнес болгосон гэж ойлгож болно. Төмөр замын дэргэд нээж байгаа гэсэн сэдвээ бариад, мэргэжлийн хүнтэй хамтран өнгө, загвараа гаргаад, засвараа өөрсдөө хийсэн. Илүү бодит мэт мэдрэмж өгөхийн тулд хуучин вагонд ашигладаг байсан сандал, ширээг жижиг болгож тайраад, зочдоо тухлаж суух хэсэг болгосон. Мөн ханандаа вагоны цонх хийж өгсөн нь илүү бодит мэдрэмж төрүүлдэг байсан. Манайхаар үйлчлүүлэхээр орж ирсэн хүмүүс “Яг л галт тэрэг байна шүү. Одоо ийм зүйл нэмчихвэл болох юм байна. Манайд байгаа аваарай” гэдэг байлаа. Гэвч түрээс, ус, цахилгааны төлбөр гэх мэт урсгал зардлын мөнгө өндөр гарч байсны улмаас үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүй байдалд хүрсэн. Дахин шинэ өнгө төрхөөр эргэн ирсэн нь “Өглөөний галт тэрэг” нэртэй сэдэвчилсэн явуулын жижигхэн кофе шоп. Хоолны машин шиг хүнд оврынх биш учраас хаана ч очиж халуун кофегоор үйлчлэхэд тохиромжтой. Явуулынх гэдэг утгаараа хүн хаана байна тэнд очиж үйлчлэх боломжтой. Мөн суурин кофе шоп шиг өдөр тутмын зардал гардаггүй. Одоо ч бид энэ үйлчилгээгээ үзүүлсээр байгаа. Яг бидний сууж байгаа энэ кофе шопын тухайд бол нээж ажиллуулаад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Өглөөний галт тэрэг буюу цаг хугацаагаар аялуулах гэсэн концепцийн дор үйл ажиллагаагаа явуулж байна.

-Яагаад ийм тохижилттой кофе шоп нээе гэж бодсон байдаг юм бэ?

-Бид хоёр ашиг олох гэхээсээ илүү хоббиндоо хөтлөгдөж кофе шопоо нээсэн. Франчайз эрхээр бөмбөгдсөн гоё барилгын доор байдаг тансаг кофе шоп гэхээс илүү ороод тухлах боломжтой буйдхан кофе шоп нээхийг хүссэн. Гадагшаа явахдаа ч гэсэн иймэрхүү газарт орохыг илүүд үздэг учраас гэртэйгээ ойрхон гоё буйдхан газар нээхийг зорьсон.

-Маш бага м.кв-д 3 өөр орчныг бүрдүүлж маш гоё тохижуулсан байна. Хаалга нээх төдийд л олон янзын дурсамж сэргээд үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай гоё мэдрэмжүүд давхцаж байна?

-Та яг одоо цаг хугацаагаар аялаж байна. Өнгөрсөн цаг хугацаа руу аялуулж байгаа манай галт тэрэг. Хүмүүсийн дурсамжийг сэргээж мэдрэмж өгөх зорилгоор 70, 80, 90-ээд оны ахуйг бүрдүүлэхийг хичээсэн. Хуучнаа дурсахаас гадна шинэ үеийнхэн хуучин цагийн ахуйтай танилцаж, мэдрэх гэсэн чухал агуулга бас давхар явж байгаа. Нийт 10 гаруйхан м.кв-д 70, 80-аад оны ахуйг харуулсан орчин, галт тэрэгний хэсэг, галлерейн хэсэг гээд 3 өөр орчныг бүрдүүлсэн.

-Хүмүүсийн сэтгэл хөдлөл ямар байдлаар гарч байна. Хаалгаар орж ирээд хамгийн эхлээд хэлдэг үг нь юу вэ?

-Яг орж ирэнгүүт нүдэнд харагдаж байгаа тавилгууд айл бүрт янз бүрээрээ байсан болохоор орж ирсэн хүмүүс шууд уулга алддаг. "Энэ чинь одоо айл уу. Юу вэ. Хаана ороод ирэв ээ. Хүүе энэ манай ширээ байна. Манай аравч" гээд л шуугилдаад эхэлдэг. Зарим бүр ээжийгээ, аавыгаа, эмээгээ, өвөөгөө саначихлаа гээд шууд уйлчихдаг. Зарим үед өдөрт гуравхан хүнтэй өнждөг. Гэхдээ орж ирсэн 3 хүнийхээ сэтгэл хөдлөл, гоё үгэнд нь "цадаад" гоё болчихдог учраас тийм ч асуудалтай юм шиг санагддаггүй юм.

-Тэдгээр хүмүүсийн сэтгэл хөдлөлөөс та өөрөө ямар мэдрэмж авдаг вэ?

-Манай гэр бүлийн хүн бид хоёр маш их аз жаргалыг мэдэрдэг. Орж ирсэн хүн бүр сэтгэл хангалуун байгаад аз жаргалтай мөчүүдээ эргэн дурсдаг учраас маш гоё мэдрэмж авдаг. Манай гэр бүл яг ийм зүйлийг л хүсэж энэ ажлыг эхлүүлсэн учраас манай байрлал, үйл ажиллагааны чиглэл яаж ч өөрчлөгдсөн хаана байна гээд зориод ирдэг хүн олон байдаг.

-Эдгээр үнэ цэнэтэй зүйлсийг олж, цуглуулж, яг ийм орчныг бүрдүүлнэ гэдэг амаргүй байсан байх?

-Би өөрөө киноны зураглаач учраас цуглуулсан зүйлүүд байсан. Зарим нь манай гэрийн эд зүйлс ч байгаа. Нийт цуглуулгынхаа зарим хэсгийг нь л тавьчхаад байна. Илүү том м.кв-тай бол бүр ч илүү гоё тохижуулах боломжтой.

-Цаашдын зорилго тань юу вэ?

-Мэдээж өөрсдийн гэсэн том оффистой болоод кофе шопоо илүү томруулах зорилготой байна.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөнд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

ХАЯГ: БГД 3-р хороо, ТБД Андуудын урд талын 71-р байрны 1-р орц "Өглөөний галт тэрэг" кофе шоп

УТАС: 9007 3434

Визний хугацаагаа хэтрүүлж 2024 оноос хойш хууль бусаар оршин сууж байсан Гана улсын иргэнийг албадан гаргажээ
Визний хугацаагаа хэтрүүлж 2024 оноос хойш хууль бусаар оршин сууж байсан Гана улсын иргэнийг албадан гаргажээ
 
А.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах боломжийг судална
А.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах боломжийг судална
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!