
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг эхнэрээ хүчирхийлсэн гэх хэрэгт буруутган цагдан хориод буй. Тодруулбал, гэр бүлийн харилцаатай хүнээ зодож, харгис хэрцгий хандсан, дээрх гэмт хэргийг хүүхдүүдийн эсрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй мөртлөө бусдын тээврийн хэрэгсэлд байршил тогтоох төхөөрөмж байршуулж мөрдөн мөшгөсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар мөрдөж мөшгих/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байсан юм.
Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болох юм.
Гэвч хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс "Б.Эрдэнэсүхийг Эрүүгийн хуулийн 12.1 буюу хүчиндэх, 10.1 буюу хүнийг алах зүйл ангиар шалгах ёстой. Учир нь маш бага зүйл ангитай заалтаар яллагдагчаар татан, хэргийг нь шүүхэд шилжүүлсэнд гомдолтой байна" гэх мэдээллийг өгч байсан. Тодруулбал, маргааш шүүгдэх хоёр зүйл анги нь ялын санкцын хувьд "хөнгөн" гэж хохирогч О.Нарангарав болон түүний өмгөөлөгч нар үзэж байгаа юм.
-ШҮҮХЭД ШИЛЖСЭН БА "ҮЛДСЭН" ХЭРГҮҮД ЯЛЫН ЯМАР САНКЦТАЙ ВЭ-
Эрүүгийн хуулийн тус зүйл заалтуудыг дэлгэрэнгүйгээр хүргэвэл:
11.7 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:
1.1.зодсон;
1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан;
1.3.тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
13.12 дугаар зүйл.Хууль бусаар мөрдөж мөшгих
1.Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Эрх бүхий албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хууль зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, хувийн зорилгоор албаны техник хэрэгслийг ашиглан бусдыг мөрдөж мөшгисөн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
-ЭРГЭН САНУУЛАХАД: Б.Эрдэнэсүхийг АТГ-аас шалгаж байна-
Б.Эрдэнэсүхийг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар бид ӨМНӨ мэдээлсэн. Тодруулбал, АТГ-д нэрээ нууцалсан иргэнээс Б.Эрдэнэсүхэд холбогдох гэмт хэргийн талаар мэдээлэл хүргүүлсэн байдаг. Тухайн мэдээлэлдээ түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, хууль бусаар тендер авч мөнгө угаасан, бусдад хахууль өгсөн гэх агуулгыг илэрхийлсэн аж. Ийнхүү АТГ иргэнээс ирүүлсэн мэдээлэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулаад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн юм.
АТГ-д ирүүлсэн гэмт хэргийн мэдээлэлд НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн хамаарал бүхий "Максрояал констракшн" ХХК Сүхбаатар дүүргийн 16-р хорооны өрхийн эмнэлэг барих тендерт оролцож, хууль бусаар шалгарсан гэх агуулгыг дурдсан байдаг.
ӨМНӨХ НИЙТЛЭЛИЙГ ДАРААХ ЛИНКЭЭР УНШИХ БОЛОМЖТОЙ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!