
Монтенегро Улс 630 гаруй мянган хүн амтай, 13,812 км² газар нутагтай. Серби, Босни ба Херцеговин, Хорват, Албани Улстай хиллэдэг. Парламентын засаглалтай.
XX зуунаас Балканы бүс нутаг дахь аялал жуулчлал, үйлчилгээний төв байсаар ирсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 9 тэрбум гаруй ам.доллар бөгөөд 30 хүртэл хувийг аялал жуулчлал, зочид буудал, үйлчилгээ, тээвэр зуучлалын салбар бүрдүүлдэг.
Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 14 мянган ам.доллар.
Өнгөрсөн онд 2.8 сая жуулчин хүлээн авсны зэрэгцээ дэд бүтэц, эрчим хүч, мэдээллийн технологи, логистик, далайн эдийн засаг, хөдөө аж ахуй болон өндөр нэмүү өртөгтэй үйлдвэрлэл хөгжүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, хөрөнгө оруулалт татах зэрэгт онцгой анхаарч байна.
Монтенегро нь НАТО-гийн гишүүн орон бөгөөд 2028 онд Европын Холбоонд элсэх зорилт тавьсан.
Манай хоёр улс хамтран 2023 онд нийслэл Подгорица хотноо “Хот мандал-нууц тарнийн сүм” зургийн үзэсгэлэн гаргаж, монтенегро хэлнээ орчуулсан “Монголын орчин цагийн өгүүллэг” номын нээлтийг 2025 онд мөн хотноо хийж байсан.
Дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан шуудангийн дурсгалын маркийг өнгөрсөн зургаадугаар сард хамтран гаргаад байна.
Тус улсын нэрт аялагч, продюсер Эдин Крничийн Монголд хийсэн аялал, түүх, соёл, зан заншил, уламжлал, байгаль, нүүдэлчин ахуй, онцлогийг харуулсан нэвтрүүлгийг Үндэсний радио, телевиз нь 2023, 2024 онд үзэгчдийн хүртээл болгож байжээ.
Манай улсын хувьд Монтенегро нь Европын зах зээлд гарах боломж бөгөөд Европын Холбооны бодлого, Балканы бүсийн тээвэр-логистикийн сүлжээ, аялал жуулчлал, байгаль орчин, уулын экосистемийн хамгаалал зэрэг чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой гэж судлаачид үзэж байна.





Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!