ЦУВРАЛ: Төсвийн 4.3 тэрбум төгрөгийг хууль бус тендер, хахууль өгөх замаар “ЗАВШСАН“ гэх мэдээллийн дагуу АТГ-аас Б.Эрдэнэсүхийг ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
6 минут 46 секунд

20 гаруй жилийн хугацаанд эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт нэр холбогдоод буй НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг АТГ-аас шалгаж эхэлжээ. Тодруулбал, АТГ-д нэрээ нууцалсан иргэнээс Б.Эрдэнэсүхэд холбогдох гэмт хэргийн талаар мэдээлэл хүргүүлжээ. Тухайн мэдээлэлдээ түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, хууль бусаар тендер авч мөнгө угаасан, бусдад хахууль өгсөн гэх агуулгыг илэрхийлсэн аж. Ийнхүү АТГ иргэнээс ирүүлсэн мэдээлэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулаад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна.

АТГ-д ирүүлсэн гэмт хэргийн мэдээлэлд НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн хамаарал бүхий "Максрояал констракшн" ХХК Сүхбаатар дүүргийн 16-р хорооны өрхийн эмнэлэг барих тендерт оролцож, хууль бусаар шалгарсан гэх агуулгыг дурджээ.

Тодруулбал тус мэдээлэлдээ тендерийн үйл явцыг, "Б.Эрдэнэсүх нь нийслэлийн өмч хөрөнгөөр зарласан арга хэмжээ худалдан авах ажиллагааг хууль бусаар явуулж, өөрийн хамаарал бүхий компаниа шалгаруулсан үйл явдал боллоо.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16-р хорооны Өрхийн эмнэлэг барих ажлын санаачлагыг Б.Эрдэнэсүх гаргасан. Ийнхүү өөрийн санаачилсан ажлыг өөрөө авч мөнгийг нь идэхээ тэрээр анхнаас холбогдох албан тушаалтнуудтай тохиролцсон байгаа юм.

Улмаар Сүхбаатар дүүргийн 16-р хорооны Өрхийн эмнэлэг барих ажлын тендерийг 2024 оны тавдугаар сарын 27-ны өдөр зарлахад Б.Эрдэнэсүхийн "Максрояал констракшн" ХХК нь өндөр үнийн санал гаргасан тул тендерт шалгарах боломжгүй болонгуут худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Засаг даргын захиарамжаар Сүхбаатар дүүргийн Засаг даргад шилжүүлж, уг тендерийг нийслэлээс зохион байгуулахгүй болгож, тендерт шалгарах ёстой байсан компанийн эрхийг зөрчсөн. Энэ tender.gov.mn сайтад тодорхой байгаа ба энэ бүхэн нь Б.Эрдэнэсүхийн компани л заавал шалгарах ёстой. Үгүй бол өөр компанид өгөхгүй гэх башир арга юм.

Үүний дараа тендерийг 2024 оны 7-р сарын 3-ны өдөр дахин зарлахад Б.Эрдэнэсүхийн хамаарал бүхий тендерт шалгарах ёстой "Максрояал констракшн" ХХК-ийн шалгарах боломжгүй байсан тул тендерийг зохион байгуулагч нарт нөлөөлж шалгуурыг хамгийн өдрөөр тавьж тухайн тендерт ямар ч компани оролцох боломжгүй байдлаар зарлуулсан байдаг.

2024 онд зарласан тендерт ямар ч компанийг шалгаруулаагүй тул төсвийн тухай хуульд зааснаар тухайн онд хийгдэх ажлын төсвийг уг ондоо зарцуулаагүй бол буцаан татдаг. Гэтэл Сүхбаатар дүүргийн 16-р хорооны өрхийн эмнэлгийн санхүүжилтийг татаагүй.

Ингээд 2025 оны 5-р сард нөгөө тендерийг маш богино хугацаанд дахин зарлаж Б.Эрдэнэсүхийн "Максрояал констракшн" ХХК нь 4.3 тэрбум төгрөгийн санал өгснийг хамгийн бага үнийн дүн санал болгосон гэж шалгаруулсан. Тус тендерт оролцсон бусад оролцогчоос Сангийн яаманд гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж аваагүй, ийнхүү Б.Эрдэнэсүхийн компани шалгарч өрхийн эмнэлгийг барихаар болсон" гэж дурджээ.

Түүнчлэн "Б.Эрдэнэсүх энэ бүхнийг хийхдээ Нийслэлийн Засаг даргын орлогч Хосбаярт 100 сая төгрөгийн хахуулийг 2024 оны 6-р сард түүний ажлын өрөөнд нь бэлнээр аваачин өгч, Хосбаяр дээрх бүх хууль бус үйлдлийг зохион байгуулж Б.Эрдэнэсүхтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн" гэж бичсэн байна.

Тендерт үнэхээр "Максрояал констракшн" ХХК шалгарсан уу гэдгийг нягталж үзэв. Ингэхэд, Төрийн худалдан авах ажиллагааны газрын сайтад "Максрояал констракшн" ХХК Өрхийн эмнэлгийн барилгын тендерт шалгарсан нь харагдаж байна.

Тэгвэл эл мэдээлэлд нэр дурдагдаад буй "Максрояал констракшн" ХХК нь хэний компани вэ гэдгийг нээлттэй мэдээллийн сангаас шүүж үзэхэд, хувь эзэмшигч болон удирдлагаар Д.Мэндбаяр гэх хүн бүртгэлтэй байгааг харж болно.

Тэгвэл дээрх бүртгэлд харагдаж буй нь Д.Мэндбаяр гэгч нь Б.Эрдэнэсүхтэй ямар хамааралтай вэ гэдгийг тус мэдээллийн агуулгад дараах байдлаар дурджээ.

Үүнд "Максрояал констракшн" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нь Б.Эрдэнэсүхийн найз бөгөөд Өрхийн эмнэлгийн барилга барих тендерт шалгарсан боловч өрхийн эмнэлгийн барих үйл ажиллагааг явуулахгүй, харин Б.Эрдэнэсүхийн фитнессийн багш, түүний ажилтан Г.Мөнхбаярын "Эрхэт гүн болор" ХХК-аар барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. "Эрхэт гүн болор" ХХК нь өмнө нь барилгын ажил хийж байгаагүй, ямар ч ажиллах мэргэжилтэн байхгүй, тоног төхөөрөмж байхгүй, зүгээр л цаасан дээр л байдаг компани юм" гэжээ.

Үргэлжлүүлэн мэдээлэл гаргагч нь "Өрхийн эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэлийг Б.Эрдэнэсүх удирдан зохион байгуулж, бүхий л зардал мөнгийг хувиасаа болон өөрийн төрсөн дүү Б.Гансүхийн эзэмшлийн "Коверланд" ХХК, Г.Мөнхбаярын "Мөнхцаст наран" ХХК-аас гаргаж байгаа нь уг тендерийг Б.Эрдэнэсүх авч, төсвийн мөнгийг идэж байгааг нотлох буй за" гэж бичсэн байна.

Өрхийн эмнэлэг барих төсөвт өртгийг зах зээлийн үнээс хэд дахин өндөр дүнгээр батлуулж, зарласан гэх агуулгыг ч энд дурджээ.

Тус агуулгадаа өрхийн эмнэлгийн бодит өртөг нь 1.5 тэрбум төгрөг боловч Б.Эрдэнэсүх нь НИТХ, НЗДТГ-ын ажилтнууд үгсэн хуйвалдаж 5 тэрбум төгрөгөөр барина гэж батлуулсан гэж дурдсан байх юм. "Өрхийн эмнэлгийн барилгын ажлаас 3.5 тэрбум төгрөг нь цэвэр ашиг болж Б.Эрдэнэсүхийн карманд орох мөнгө болчихоод байна" гэжээ.

ЦУВРАЛ БИЙ...

Н.Учралыг МАН-ын даргаар бүртгүүлэх өргөдөл Дээд шүүхэд иржээ
Н.Учралыг МАН-ын даргаар бүртгүүлэх өргөдөл Дээд шүүхэд иржээ
 
Т.Саруултөгс буюу Төөгөө: Амина гэх эмэгтэйн ярьж буй бүх зүйл худал
Т.Саруултөгс буюу Төөгөө: Амина гэх эмэгтэйн ярьж буй бүх зүйл худал
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!