УИХ-ын ээлжит бус чуулганы /2026.09.07/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа.
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслөө танилцуулахдаа, "Өнөөдөр монгол айл өрх, монгол хүн мах, гурил, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, түлш шатахуун, тог дулааны хомсдол, ахуй амьдралын зовлон бэрхшээлтэй өдөр тутам тулгарч байна. Засгийн газар олон түмэнтэйгээ зовлон, жаргал нэгтэй байж, үнийн өсөлтийн шуурганаас хамгаалахын төлөө өөрөөсөө хамаарах бүхнийг хийх үүргээ ухамсарлаж, сайд нарын зардлаас 1,4 их наяд төгрөг танаж, шинэ оныг хүлээхгүйгээр 11 дүгээр сарын 01-нээс эмч, төрийн үйлчилгээний бүх албан хаагчийн цалин нэмэх, ахмад настанд бүрд суурь тэтгэвэр олгох зэрэгт зориулах төсвийн тодотголоо өргөн барилаа гэв.
Тэрбээр, 2026 оны эхний найман сарын байдлаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, зарлага 19.5 их наяд төгрөг, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөг болоод байна. Төсвийн орлого төлөвлөснөөс 1.4 их наяд төгрөгөөр тасарсан тул төсвөө тодотгох зайлшгүй шаардлагатай тулгарлаа. Нүүрсний экспорт биет хэмжээгээр өсөж, уул уурхай эдийн засгийг дэмжиж байгаа ч худалдаа, үйлчилгээ зэрэг бусад салбарын идэвх сулхан байна. Үүний үр дагавар нь аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого хумигдаж, ажлын байр, авах цалин татарч байна. Төсвийн тоо, үг бүрийн цаана монгол хүний цалин, тэтгэвэр, монгол айлын ахуй амьдрал бий. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2026 оны улсын төсвийн тодотголын төсөл бол хүнээ бодсон шийдвэр" гэв.
Төсвийн тодотголтой холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Г.Очирбат, С.Эрдэнэбат, Л.Энхнасан, Г.Ганбаатар, С.Эрдэнэболд, С.Одонтуяа, Г.Хосбаяр, П.Батчимэг, Ц.Туваан, М.Мандхай, Б.Уянга, Д.Цогтбаатар, Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Б.Жаргалан нар Засгийн газрын төлөөллөөс асууж тодруулан байр суурь илэрхийллээ. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулах үеэр УИХ-ын гишүүн Г.Очирбат, С.Эрдэнэболд, Д.Цогтбаатар, Б.Батбаатар, Б.Жаргалан нар үг хэлэв. Хуулийн төслүүдийг хэлэлцсэний дараа хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон бусад байнгын хороонд шилжүүллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!