Г.Ариунаа: Дулаарсан үед ууц чануулахаар хөлддөггүй. Хөлдөөгүй ууц, өвчүү хадгалалтын явцад муухай болдог

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 24 секунд

"Өнгөрсөн жил сарын хугацаанд 700 ширхэг ууц, өвчүү чанасан. Бусдыг дагаж үнээ нэмдэггүй. Том, жижиг гэж ялгалгүй бүгдийг нь нэг үнээр чанадаг учраас хүн тасардаггүй" хэмээн ярих энэ бүсгүйг Г.Ариунаа гэдэг.

Хямд үнэ, сэтгэлтэй үйлчилгээгээрээ олонд танигдаж, хайрлагдсан түүнийг UBN сайт онцолж ярилцлаа.

-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Гомбосүрэнгийн Ариунаа гэдэг. 2015 оноос эхэлж ууц, өвчүү чанаж эхэлсэн. 10 гаруй жил чанаж байна.

-Цагаан сар дөхөөд ажил ихтэй байна уу?

-Одоогоор бол харьцангуй байна. Манайхан аливаа зүйлийг цагийг нь тулгаж хийх сонирхолтой байдаг учраас сар шинэ дөхөхөөр ачаалал огцом нэмэгддэг.

-Яг одоо сарын өмнө чануулах. Цагийг нь тулгаад 5 хоногийн өмнө чануулах хёорт ялгаа байдаг уу. Эрт чануулахаар хадгалах хугацаанд муухай болчихно гэсэн ойлголт байдаг байх?

-Хадгалалтын хувьд эрт чануулсан нь дээр. Яг одоо хүйтний эрч чанга байгаа үед чануулаад тас хөлдөөгөөд авчихсан байхад битүүний өдөр оруулаад гэсгээхэд яг гоё шинээрээ байдаг. Дулаарчихсан байхад чануулахаар хөлддөггүй. Хөлдөөгүй ууц, өвчүү хадгалалтын явцад муухай болчихдог. Гэтэл манайхан цагаан сар дөхүүлээд тулгаад цаг авмаар байна гээд байдаг юм.

-Жил бүрийн цагаан сараар нилээн ачаалалтай ажилладаг бололтой?

-Эхэн үедээ ачаалал багатай байсан. Олон жил тууштай хийгээд байнгын үйлчлүүлэгчидтэй болсон учраас сүүлийн жилүүдэд нэлээн ачаалалтай ажилладаг болсон.

-Нууц биш бол өнгөрсөн жил хэчнээн ууц, өвчүү чанасан бэ?

-Өнгөрсөн жил сарын хугацаанд 700 гаруй ууц, өвчүү чанасан байна лээ. Энэ жил тэрнээс их байх болов уу гэж бодож байна.

-Анх эхэлж байхад өдөрт дунджаар хэдэн ууц, өвчүү чанадаг байв. Одоо хэд болж нэмэгдсэн байна?

-Анх найзтайгаа хамт чанаж эхэлсэн. Тухайн үед өдөрт 10 захиалга ирвэл баярладаг байсан. Одоо бол оргил ачааллын үед өдөрт дунджаар 70-80 захиалга орж ирдэг болсон.

-Ууц, өвчүү чанана гэсэн зар маш их байдаг. Тэднээс ялгарч ийм их захиалагчтай байгаа нууц нь юундаа байна?

-Хариуцлага, хандлага юм болов уу. Алдаа мадаггүй маш гоё чанаж өгөхийг хичээдэг. Өнгөрсөн жил 700 гаруйг чанахад 3 айлаас жаахан шүүрхий байна гэсэн гомдол ирсэн. Би битүүнд өөрөө очиж аваад дахиж чанаад буцаагаад хүргэж өгсөн. Манайхаар үйлчлүүлсэн хүмүүс сэтгэл ханамжтай байх нь л надад чухал. Бас үнэ нөлөөлж байгаа байх. Би сүүлийн 6 жил үнээ огт нэмээгүй. Би бусдыг дагаж үнээ нэмдэггүй. Том, жижиг гэж ялгалгүй бүгдийг нь нэг үнээр чанадаг учраас хүн тасардаггүй юм. Энэ жил чануулсан хүн ирэх жил ирэхдээ хамаатан садан, найз нөхдийгөө дагуулаад ирдэг. Ууц, өвчүү чанадаг хүмүүс залгаад намайг загнадаг. "Хямдхан байна. Ханш унагаалаа" гээд загнасан. "Яагаад бүгд адилхан үнэтэй байх ёстой гэж. Нэг ууцыг нэг хонины махаар чануулах боломжтой хүн хэд байх вэ. Нэг нь ч гэсэн хямдхан байж болдоггүй юм уу" гэсэн хариултыг өгчихдөг юм.

-Хэдээр чанаж байгаа вэ?

-Ууц, өвчүү гэж ялгалгүй том жижгээс үл хамаараад нэг л үнээр чанадаг. 50 мянган төгрөгөөр чанаад утуулах бол 30 мянга нэмэгддэг. Дайвар махаа хамт чануулбал 20 мянга нэмэгдэнэ. Дайвар мах хэдэн ширхэг ч байж болно.

-Жил ирэх тусам бүх юмны үнэ нэмэгдэж байхад үнээ нэмэхгүй байгаа шалтгаан нь юм бэ. Таны хувь хүний үзэл бодол бас нөлөөлж байна уу?

-Гоё орчинтой том газрууд 200 мянга давсан үнээр чанадаг гэсэн. Тийм газар очиж үйлчлүүлдэг хүмүүс байгаа л байх. Манайхаар бор дөмөгхөн амьдралтай өвгөн, эмгэн их үйлчлүүлдэг. Тэр хүмүүст тэнгэрт тулсан үнэ хэлээд сууж болохгүй биз дээ.

-Гэртээ ууц, өвчүүгээ чанах гэж байгаа хүмүүст зөвлөгөө өгөөч гэвэл юуг онцолж зөвлөх вэ?

-Маш сайн гэсгээх хэрэгтэй шүү л гэж хэлмээр байна. Бага зэргийн хөлдүү байсан ч жигнэж болохгүй. 24 цаг бүрэн гэсгээх нь хамгийн чухал.

​Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
​Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
 
“Хэргийн газраас гурван ширхэг буу, сум, магазин эд мөрийн баримтаар хураагдсан“ талаар шүүгч яллах тогтоолдоо дурджээ
“Хэргийн газраас гурван ширхэг буу, сум, магазин эд мөрийн баримтаар хураагдсан“ талаар шүүгч яллах тогтоолдоо дурджээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!