ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уламжлалт хэвлэлийн хурлаа өчигдөр /2020.12.18/ хийлээ. Цар тахлын улмаас энэ жил хэвлэлийн хурлын хэлбэрийг өөрчилж, Путин Ново-Огарево дахь өргөөнөөсөө асуултуудад хариулж, сэтгүүлчид түүнтэй дүрс бичлэгээр холбогджээ. Уг хурал 4 цаг 29 минутын турш үргэлжилж, В.Путин 60 асуултад хариулжээ.
"Спутник" бол аюулгүй, хурдан үйлчилгээтэй сайн вакцин
Олон асуулт, ялангуяа хэвлэлийн бага хурлын эхэнд коронавирусний нөхцөл байдалтай холбоотой байв. Путиний мэдэгдсэнээр, дэлхийн нэг ч улс ийм цар тахалд бэлэн биш байсан. Гэхдээ ОХУ бусад улс орнуудаас илүү бэлэн байсан гэж тэрбээр үзэж байна. “Бид түргэн шуурхай бэлтгэж эхлэхийн тулд цаг хугацааг хожсон, эрүүл мэндийн тогтолцоо гээд цар тахалтай тэмцэхтэй холбоотой бүхнийг маш хурдан өргөжүүлж эхэлсэн” гэж тэрбээр хэлсэн байна.
ОХУ коронавирусний вакциныг бүртгэсэн дэлхийн анхны улс болсныг Путин дахин дурдав. "Аюулгүй, хурдан үйлчилгээтэй сайн вакцин" гэж тэрбээр Оросын вакциныг магтаад, цар тахлыг ялан дийлэхийн тулд бүх нийтийг вакцинжуулах шаардлагатай гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ.
Өөрөө вакцин хийлгэсэн үү гэсэн асуултад тэрбээр наснаасаа болоод хараахан хийлгэж чадаагүй байна гэж хариулав.
"Хэрэглээнд нэвтрүүлж байгаа эдгээр вакциныг тодорхой насны иргэдэд зориулагдсан гэж мэргэжилтнүүд бидэнд хэлж байгаа. Вакцинууд над шиг хүмүүст хараахан хүрч амжаагүй байгаа. Би дахин давтан хэлье, энэ утгаараа би хууль дүрмийг нэлээд сахидаг хүн, би мэргэжилтнүүдийнхээ зөвлөмжийг сонсож байгаа тул вакциныг хараахан хийлгээгүй байгаа. Гэхдээ боломжтой болмогц би заавал хийлгэнэ" гэж Путин хэлжээ.
"Спутник" вакциныг үр дүнтэй, аюулгүй гэж дүгнэсэн судалгаанд 60-аас доош насны ердөө 76 хүн оролцжээ. 60-аас дээш насны хүмүүст туршиж үзээгүй байгаа аж.
Эх сурвалж: Москва-ТАСС