В.Путин Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг зарлаж Украинруу цэрэг илгээхээр боллоо. Энэ алхмыг олон Улсын хууль дүрмийг ноцтой зөрчсөн гэдгийг ихэнх улс сануулж байна. Бүр найрсаг түнш Хятад хүртэл “Бүх Улс орны газар нутаг хуулиар хамгаалагдах ёстой. Украины газар нутаг ч үүнд хамаатай” гэж хэд хоногийн өмнө мэдэгдсэн. Өнөөг хүртэл Украины асуудлаар дуугүй байсан тэд нийтлэг хууль дүрмийн талд анх удаа зогслоо. Украинаас бусдаар бууз хуушуур шиг байя гэж Ши Жин пин В.Путинд хэлж байгаа хэрэг л дээ. Ерөнхийд нь болж байгаа үйл явдалтай холбогдуулж хэд хэдэн дүгнэлт хийж болохоор байгаа юм.
Нэгдүгээрт: Хоёр ба түүнээс дээш үндэстэнтэй улсыг дотроос нь хагалдаг технологи одоо ч хэрэгжсээр. Иргэдийг талцуулж бужигнуулан эцэст нь цус нэгт ах дүүсээ хамгаалах нэрийдлээр халдах нь гаршсан арга. Герман хэлээр ярьдаг Австрийг, 3 сая немц амьдардаг Чехийг, 300хан мянган немц амьдардаг Польшийг А.Гитлер ийм шалтиг хэлж эзэлсэн. Австри, Чехийг сум гарздалгүй буулгаж авсан бол Польшруу дайрах шалтиг гаргаж байгаад цэргээ оруулсан байдаг. Тодорхой баримт дурдвал Польшийн немц үндэстнүүд амьдардаг Данциг мужийн радиогийн байранд хөл дээрээ тогтох чадваргүй болтол нь хар тамхи тарьсан хоригдлуудыг аваачаад Польшийн дүрэмт хувцастай германы цэргүүд буудан хороосон байдаг. Ингээд "Польшийн цэргүүд Германы сэтгүүлчдийг хядлаа цаашид тэдний хүчирхийллийг зүгээр харж суух аргагүй боллоо" гэсээр Варшавийн зүг армиа хөдөлгөсөн түүхтэй. Өдгөө Украины 77.8 хувийг украинчууд, 17.3 хувийг Орос үндэстэн эзэлдэг. НАТО, ОХУ-ыг өргөн хэмжээний мөргөлдөөнд хүргэж болзошгүй эмзэг цэг нь Украин гэдгийг Ф.Фукуяама “Улс төрийн тогтолцооны сурвалж” бүтээлдээ нэлээд дөхүүлж зөгнөжээ.
Хоёрдугаарт: Нэгэнт сөргөлдөөн хяналтаа алдсан бол эдийн засгийн ямарваа хориг арга хэмжээ нэмэр багатай. Эдийн засгийн хоригт төр засаг биш, нийгэм л хохирдог. Ард түмэн байгаа цагт төр яаж хийгээд хангамжаар тасрахгүй. Нийгэмд үүссэн хор хохирол, үгүйрэл ядуурлын буруутныг гаднаас хайж тэдний жигшил айдас дээр ямар ч эргэлзээгүй харгис хатуу дарангуйлал тогтдог. Харин армид хамааралтай хоригийг шууд дээрэм тонуул булаан эзлэлтээр шийдэхээр шулууддаг нь хориг арга хэмжээний хортой тал юм. Дэлхийн 2-р дайн дэгдэх үед Шведээс Германруу тээвэрлэдэг төмрийн хүдэр Норвегийн боомтоор дамждаг байжээ. Англи, Франц үүнд нь хориг тавьсны дараа нацистууд шулуухан Норвегийг булаан эзэлсэн. ОХУ өөрсдийнх нь эсрэг тавьсан хоригийн хохирлыг бууруулахын тулд экспортын гол бүтээгдэхүүн бүр тодруулбал газрын тос, байгалийн хий, эрчим хүчний үнээ нэмэх нь ойлгомжтой. Үүний хөлд манайх шиг жижиг хэрэглэгч орнууд өртөж давхар хохирно.
Гуравдугаарт: Дипломат арга зам бүрэн мухардах үе байдаг. Дэлхийн 2-р дайн гарахын өмнө ч, дайны явцад ч дипломат яриа хэлэлцээр тасралтгүй явагдсаар байсан. Украины жишээн дээр ч тасралтгүй яриа хэлэлцээр хийсэн. Ж.Байден, Э.Макрон, О.Шольц, Б.Жонсон гээд оролцоогүй хүн бараг байхгүй. Үр дүн нойл. Сүүлчийн шанс нь АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалт байлаа. Гэтэл Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт болохоос өмнө В.Путин Украин руу цэргээ оруулах шийдвэр гаргалаа. Энэ нь ОХУ дипломат арга замаар асуудлыг шийдвэрлэх сонирхол байхгүй, цэргийн ажиллагаа хийхээр нэгэнт шулуудсныг гэрчилж байгаа юм. Ж.Байден “ОХУ Украинруу довтлоогүй цагт хэлэлцээр хийхэд бэлэн” гэж мэдэгдсэн. Тэгвэл одоо довтолчихлоо. Хэлэлцээр болохгүй. Болсон ч үр дүнд хүрэхгүй гэдэг нь ойлгомжтой.
Дөрөвдүгээрт: Энх тайванч статус аюулгүй байдлын баталгаа болж чадахгүй үе ирдэг. Украин Улс 1994 онд цөмийн зэвсгээс татгалзсан. Үүнийх нь хариуд НҮБ-ын аюулгүйн зөвлөл баталгаа өгч улсынх нь бүрэн бүтэн байдлыг хамгаалахаа амалсан. Гэтэл одоо олон улсын хууль дүрмийг их гүрнүүд баримтлахгүй болж, дуртай үедээ нулимж, зөрчдөг болсон байна.
Өнгөрөгч бямба гарагт болсон Мьюнхэний аюулгүй байдлын бага хурал дээр Украины Ерөнхийлөгч В.Зеленский “Украин Улс цөмийн зэвсгээс татгалзаж, хариуд нь олон улсын аюулгүй байдлын баталгаа авсан. Гэтэл одоо цөмийн зэсвэг ч алга, аюулгүй байдал ч алга. Хэрвээ нэгэнт олон улс манай газар нутгийн бүрэн бүтэн байдлыг шийдвэртэй хамгаалж чадахгүй юм бол бид ч цөмийн зэвсэггүй статусаа эргэж харах хэрэгтэй болно” гэв.
Дэлхийн 2-р дайн эхлэхэд Бельги Улс хатуу төвийг сахисан. Норвеги, Дани хоёр хэдийгээр төвийг сахина гэсэн ч зарим талаар олон улсын хууль дүрмийн талд байлаа. Гэтэл Бельги тэгээгүй. Аль ч талын цэргийг байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй гэж анхандаа гөжүүдэлсэн. Холбоотны цэргүүдийг оруулахгүй хугацаа алдснаар Гитлерийг дайрах үед Бельги ёстой "хоосоо шахуулсан" байдаг.
Нэгэнт фронтын дайн эхэлсэн бол төвийг сахих статус энэ тэрийг хэн ч авч хэлэлцэхгүй. "Энэ хэд маань төвийг сахиж байгаа юм гээд" тойроод байлддаг арми хаана ч байхгүй. Тэдэнд олон улсын хууль дүрэм падлийгүй. Стратегийн байршил, нөөц хангамж гэсэн дайны эрх ашгаар бүх зүйлд хандана. Өдгөө Монгол Улс цөмийн зэвсэггүй статустай түүнийгээ НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөр батлуулсан орон. Мөн байнга төвийг сахих статусын тухай ч их ярих болсон. Энх тайван шавхагдах үе ирвэл энэ бүх статуст найдах аргагүй.
Тавдугаарт: Улс төр, дипломатын арга мухардалд орсон үед энх тайвнаар аюулгүй байдлаа хангах бололцоогүй. Улангассан дайны эд дунд “за галаа түр зогсооё ярилцая" гэж хэн ч хэлдэггүй. Халдан түрэмгийлэгчийн ямар ч шаардлагыг биелүүлсэн бай дайрна л гэсэн бол дайрч байж л дуусдаг. Нэг бол үг дуугүй бууж өгч дагаар орох, нэг бол хядуулах хоёр сонголт л гарч ирдэг. Тухайн улсын энх тайванч имиж, гэгээлэг, ухаантай ард түмэн байх эсэх нь огт хамаагүй.
Манай Улс аюулгүй байдлаа зөвхөн улс төр дипломатын аргаар хэрэгжүүлнэ гэж тодорхойлсон байдаг. Цөмийн зэвсэгтэй дэлхийд тэргүүлэгч хоёр армийн голд байрлах бидэнд цэрэг, зэвсгээр хөөцөлдөх боломж хомс. Гэвч хоёр хөрш маань үргэлж, нэгдмэл, тогтвортой, байна гэдэг нь эргэлзээтэй. Орос Хятадын Дэглэм нуран унахгүй гэх баталгаагүй болж ирлээ. Аль нэг талынх нь хууль ёсны арми манайд заналхийлэх магадлал бага л даа. Гэвч салан тусгаарлалт, дотоодын үймээн дэгдэхгүй гэх баталгаа байхгүй. Зэвсэглэсэн бүлэглэл халдахад л бид эвгүйтэхээр байна. Хэрвээ улс төр дипломатын арга мухардалд орвол бидэнд Б төлөвлөгөө байгаа юу? Байх ёстой юу? Эсвэл зүгээр л үг дуугүй бууж өгөх үү? Энэ бол бодох ёстой бодол. Зарим нэг нь “ёстой солиорч өгч байна” гэж хэлэх л байх. Дайн гарахгүй гэдэгт хэзээ ч 100% итгэлтэй байж болохгүй гэдгийг ойрын үйл явдлууд маш тодорхой харуулж байна. Бид байлдаад амжилт олохгүй гэж хэлэх байх. Супер зэвсэгтэй том гүрний өөдөөс сөрөн зогсож чадсан жижиг армийн жишээ хаа сайгүй. Энд бид Афганистаны талибууд, Вьетнамын жишээг дурдаж болно. Афган гэхэд Оросууд 10, Америкууд 20 жил нухаад барсангүй. Ямар ч халдлагад ноцтой хохирол учруулж чадах, довтлогч талд эдийн засагт хортой нөлөөлж, сунжирсан өндөр зардал гаргадаг, бүрэн хяналтандаа авч чаддаггүй, хүчтэй өргөн фронтоор биш төлөвлөсөн оновчтой жижиг ажиллагааг тасралтгүй явуулж дайсныхаа тамирыг бардаг партизаны дайны загварыг өнөөдөр ямар ч супер зэвсгээр дарж чадахгүй л байна.
Эцэст нь: Өнөөдөр В.Путины бодлогыг олон улс бараг бүхлээрээ буруутгаж байна. Өчигдөр \2022.02.23\ болсон НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хурал дээр 15 гишүүн орон бүгд ОХУ-ыг буруутгалаа. БНХАУ илтэд шүүмжлээгүй ч “НҮБ-ын шийдвэрийг улс орон бүр дагах үүрэгтэй” гэж Украины асуудлаар анх удаа олон улсын хууль дүрмийн талд зогслоо. Монголд ч В.Путины бодлогыг шүүмжлэх нь байна. ОХУ дайн эхлүүлэх нь буруу. Энэ нь бидэнд муугаар нөлөөлнө. Нэгэнт дайн эхэлсэн бол ОХУ ялагдах нь бүр ч муу. Харамсалтай нь ялагдах магадлал маш өндөр. Эцэстээ олон улсын харилцаанд зөв, буруу манай, дайсны тал гэж байхгүй. Энд зөвхөн эрх ашиг л яригдана. Орших эс оршихын хатуу шалтгаан л яригдана. Бид ОХУ-ыг битгий ялагдаасай гэж хүсэхээс өөр ямар сонголт байхгүй. Учир нь ОХУ-ын нэгдмэл, тогтвортой хөгжил бол Монгол Улсын тусгаар тогтнолын гадаад үндсэн баталгаа. Хоёр хөршийн маань аль нэг нь давамгайлах, эсвэл унах нь бидэнд ашиггүй. Харин хоёулаа тэнцвэртэй, тогтвортой, газар нутаг нь нэгдмэл, дотооддоо үймээнгүй байх нь л бидний амин чухал эрх ашиг билээ. Соёл иргэншлийн 10 мянган жилийн түүхэнд огт дайнгүй байсан үе ердөө 50 жил байдаг юм билээ. Дайн бол хүн төрөлхтний асуудлаа шийддэг арга байсаар ирсэн. Цаашид ч байх болно.