Дэлхийн шатрын холбоо /ФИДЕ/-ны 2020 оны арванхоёрдугаар сарын 1-6-нд цахимаар зохион байгуулсан 91 дүгээр Конгрессын үеэр ОУМ Д.Батсүрэн гадаад чансаа 2500 давсан амжилтаар Их мастер цолны гурван нормын болзол биелүүлжээ.
Тэрбээр Орхон аймаг, Эрдэнэт хотын уугуул, "Дагшаахүү" шатрын клубийн тамирчин бөгөөд 33 дугаар сургуулийн сурагч юм. Д.Батсүрэн 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийтлэгдсэн ДШХ-ны стандарт гадаад чансаа бодолтоор гадаад чансаагаа +23.2-оор нэмэгдүүлж, шатрын спортын ноён оргил болох их мастер цол нь ийнхүү батлагдлаа.
Ингэснээр Д.Батсүрэн Монгол улсын эрэгтэйчүүдийн 8 дахь Их мастер цолтон болж, Монгол Улсын хамгийн залуудаа шатрын спортын Их мастер цолонд хүрсэн тамирчны рекорд амжилтыг 16 настай шинэчлэн тогтоож байна.