
Энэ оны есдүгээр сарын 11-нд Инчоны Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэг дээр өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг түүх олон нийтийн сэтгэлийг хөдөлгөжээ. БНСУ-ын эргийн хамгаалалтын ахлагч, ердөө 34-хөн настай Ли Жэ-сок хэмээх залуу албан үүргээ биелүүлэх явцдаа амь насаа алдсан. Тэрээр далайн түрлэгийн хүчтэй урсгалд гацсан Хятад улсын нэгэн ахмад настанг аврахаар эр зориг гарган орсон ч эцэстээ өөрөө амь эрсэдсэн байдаг. Энэ явдал зөвхөн БНСУ төдийгүй Хятадын олон нийтийн анхаарлыг татаж, хилийн чанадад ч түүнд хүндэтгэл үзүүлэх давалгаа өрнөсөөр байна.
Хятадын олон нийтийн сүлжээнд мянга мянган иргэд Ли Жэ-сокийн баатарлаг үйлсийг дурсаж, түүний гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна. “Тэр бол жинхэнэ баатар. Хүн чанар, хүлээсэн үүрэгтээ үнэнч байдлын бэлгэ тэмдэг болж үлдлээ” хэмээн хятад хэрэглэгчид бичжээ.
Аврах ажиллагааны үеэр ус бүсэлхийн өндөрт дээшлэх үед түрүүч Ли үүрийн 03 цагийн орчимд аврах хантаазаа тайлж, А-д өгсөн. Тэд усанд сэлэх гэж оролдсон боловч сураггүй алга болсон юм. Мэдээллийг хүлээн авсны дараа эргийн хамгаалалтын албаныхан эрлийн ажилд нисдэг тэрэг, хөлөг онгоцуудыг дайчилсан. Улмаар А-г өглөөний 04:20 цагийн орчимд эргийн хамгаалалтын нисдэг тэргээр аварсан ба биеийн байдал тогтвортой байгаа талаар мэдээлсэн байна.
Харин харамсалтай нь түрүүч Лиг сураггүй болсноос хойш зургаан цагийн дараа өглөөний 09:41 цагийн орчимд зүрх нь зогссон байдалтай Ккот арлаас 1,4 км-ийн зайд олсон. Түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч амь насыг нь аварч чадаагүй юм.
Ослын дараа камерт үлдсэн бичлэгт офицер залуу энгийн иргэнийг аврахын тулд өөрийн аврах хантаазыг тайлж Хятадын өндөр настанд өмсүүлж байгаа нь бичигдсэн байна. Солонгосын эргийн хамгаалалтын алба түрүүч Ли-г нас барсны дараа түүний эр зоригийг үнэлж цолыг нь нэг шатаар ахиулж хүндэтгэл үзүүлжээ.
Эргийн хамгаалалтын алба нь далайн түрлэг, цаг агаарын эрс тэс нөхцөлд иргэдийн амь насыг хамгаалан ажилладаг. Гэвч энэ удаагийн эмгэнэлт явдал тэдний ажлын хүнд хэцүү, бас эр зориг шаардсан мөн чанарыг дахин нэг тод харууллаа.
Ли Жэ-сокийн баатарлаг түүх бол хүн бүрийн сэтгэлд “амьдралын үнэ цэн”, “хил хязгаар үл харгалзах хүн чанар” гэсэн ойлголтыг гүн гүнзгий сануулсан үйл явдал болжээ.
Хүн хүнээрээ үлдэхэд шашин шүтлэг, нас хүйс, үндэс угсаа хамаардаггүй гэдгийн илрэл энэ байлаа. Амиа алдсан эргийн хамгаалалтын офицерийг эцсийн замд нь үдэх ёслолд 800 орчим хүн оролцсон байна.
Эх сурвалж: “Global Times” БНСУ