Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад хуулийн төслүүдийг өргөн барилаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 48 секунд

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өчигдөр /2020.01.22/ Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл, Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд өргөн барилаа.

1. Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Монгол Улсын хүн амын нутагшил, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хүн амын эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас сэргийлсэн бүс  нутаг, хот суурин газрыг төлөвлөх, байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төсөл 10 бүлэг, 60 зүйлтэй. Үүнд, хот суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл, хот байгуулалтын бүсчлэл, түүнд тавигдах шаардлагыг одоо байгаа зохицуулалтаас илүү нарийвчилсан, хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч иргэн хуулийн этгээд, төрийн бусад байгууллагуудын чиг үүргийг тусгахаас гадна  хот, суурины хүрээлэн буй орчин түүх, соёлын дурсгалт газрыг хадгалж хамгаалах, тэдгээрийн зохистой үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн зохицуулалт орсон байна. Мөн хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг, хүлээх хариуцлагыг томьёолон тусгаж, хот байгуулалтын талаарх, төрийн байгууллагуудын эрх хэмжээ, үүрэг хариуцлагыг нарийвчлан тодорхойлжээ.

Хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд Засгийн газрын гишүүд, 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, Нийслэлийн ЗДТГ зэрэг холбогдох бүх газруудад хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлж, санал авчээ.

Монгол Улсын Их Хурлаас Хот байгуулалтын тухай хуулийг анх 1988 онд баталсан юм. Хот байгуулалтын салбарын хөгжлийн чиг хандлагад үүссэн цаг үеийн шаардлагаар уг хуулийг 2008 онд шинэчлэн найруулж, баталснаас хойш 2015 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

2. Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл

Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 252 дугаар зарлигаар аймгийн төвийн хотуудын / Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баян-Өлгий аймгийн Өлгий/ хилийн цэсийг баталсан билээ. Улсын Их Хурлын 1994 оны 33-р тогтоолоор аймгийн төвийн хотуудыг батлагдсан хилийн цэсээр нь сум болгон өөрчилсөн байна.

Төв суурин газар дахь хүн амын өсөлт, газар ашиглалтын эрэлт хэрэгцээ нэмэгдсэнээс шалтгаалан аймгийн төвийн сумдын газар нутаг хүрэлцэхгүй болсноор хөрш зэргэлдээ сумын нутаг дэвсгэрийг дамнасан газар олголт хийгдэж газрын зөрчил маргаан ихээр үүсэх болсон байна. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хувьд нутаг дэвсгэрийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан зэргэлдээх Тарагт сумын нутагт газар олголт хийжээ. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт зэргэлдээх Бугат сумын төв байрладаг бөгөөд түүнийг дагасан газар ашиглалт бий болж, нэг сумын нутаг дэвсгэрт хоёр сумын газар олголт хийгдэх хүндрэлтэй асуудал байгааг зохиоцуулахаар хуулийн төсөлд тусгажээ.

3. Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага нь 1919 онд үүсгэн байгуулагдаж Швейцарын Холбооны Улсын Женев хотноо байрладаг бөгөөд одоогоор 187 улс орон уг байгууллагад гишүүнээр элссэн байна. Тус байгууллагын Ерөнхий бага хурал 1988 оны 6-р сарын 1-нд “Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай’’ 167 дугаар конвенцыг баталсан билээ.

Конвенцыг соёрхон баталснаар Монгол Улсын барилгын салбарт ажиллаж буй 107 мянган инженер техникийн ажилтан, ажиллагсад энэ конвенцын үр шимийг хүртэж, хөдөлмөрлөх эрх бүрэн хангагдаж, хөдөлмөрийн нөхцөл сайжирч, хөдөлмөрийн стандартыг нэг мөр хэрэглэх, хэрэгжүүлэх боломж бүрдэх юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Г.Батхүү агсны ар гэрийнхэн Н.Номтойбаярын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг хүссэн  нээлттэй захидал
Г.Батхүү агсны ар гэрийнхэн Н.Номтойбаярын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг хүссэн нээлттэй захидал
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.