УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан хэрэгтэй холбогдуулан түүний гэр бүлийнхэн мэдээлэл хийлээ.
Хуульч өмгөөлөгч Ж.Батхуяг: “Сүүлийн үед хэргийн талаар улс төржүүлэх, улс төрийн зорилгоор ашиглах зэргээр их ярих боллоо. Элдэв цуурхалгүйгээр баттай эх сурвалжийн үнэн мэдээллийг хүргэе. Энэ хэрэг дээр шүүх эмнэлэгийн дүгнэлт гарсан. Үүнээс сонин зүйлүүдээс дурьдвал талийгаачийн баруун нүдний чиглэлд хүч хэрэглэснээр хөхрөл, хавдрал үүссэн байсан. Харвалт нь өвчин болон гэмтлээс гаралтай үүсдэг.Шүүх эмнэлэг өвчнөөс үүссэн харвалт гэж дүгнэсэн. Харин бид талийгаачийн харвалт гэмтлийн улмаас үүссэн гэж үзэж байна. Учир нь ар гэрийн зүгээс рентген зураг авахуулья гэхэд шүүх эмнэлэг зөвшөөрөөгүй, шинжилгээг дутуу хийсэн нь тогтоогдсон. Тухайлбал баруун нүдний хөхрөл ойлгомжтой байгаа.Гадны нөлөөтэйгээр гэмтсэн. Мөн Улсын их хурлын нэр бүхий хэдэн гишүүдээс үнэн худлын тест авсан. Дүгнэлтээр асуусан асуултанд хариулахдаа сэтгэл санааны гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр гэж гарсан.
Хэргийн газар үзлэг хийх явцад цагдаагийн газар гар утсыг нь хурааж авсан. Үзлэг шинжилгээ хийгээд хохирогчдод буцааж өгсөн. Цагдаагийн газар эхлээд гадаргуун дээрх ул мөр, хурууны хээг шинжээчээр тогтоолгох ёстой байтал дотор нь юу байна вэ гэдэгт шинжээч тогтооцон байсан. Энийг одоо мөрдөн шалгах ажиллагааны зөрчил гэх үү эсвэл санаатай үйлдсэн хэрэг гэх үү. Утсыг буцааж өгөхдөө гадаадаас ирдэг утас шиг ямар ч мэдээлэлгүй болгочихсон байсан.
Мөн хэргийг шалгах явцад хохирогчийн ар гэр лүү нэр бүхий этгээд мессэж бичсэн. Надад 13 секундын бичлэг байгаа гээд. Нэг хүн тогтоогдсон. Тэр хүн энэ хэргийн талаар мэдэхгүй гээд одоо өөр хэрэгт цагдаагийн газар шалгагдаж байгаа"
Ууган хүү Б.Ганхөлөг “ Аавыгаа алдсанаас хойш нилээн урт хугацаа өнгөрлөө. Бид тэвчээртэйгээр хүлээлээ. Төрийн ордонд төрийн хамгаалалттай газар нас барсан. Бид нар энийг гадны нөлөөтэй гэж үзэж байгаа. Өндрөөс унан харвалт өгч нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ зүүн талаараа унасан байхад баруун нүд нь хөхөрч хавдсан байсан. Мөн хүзүүн дээр гарсан улаалт. Мэдээж заамдалтын мөр гэж бодож байгаа. Өндрөөс унасан хүн хүзүүн дээрээ улаалттай байна гэж байхгүй.
Би ерөөсөө ойлгохгүй байна.Амьд явах баталгаагүй болчихсон юм бишүү, ямар нийгэмд амьдраад байна вэ, төрийн өндөр албан тушаалтан ажлын цагаараа төрийн тусгай хамгаалалттай газар амиа алдсан байхад, жирийн иргэдэд ийм асуудал гарвал яах вэ. Өнгөрсөн найман сар маш хүнд өнгөрлөө. Аавыгаа санаж байна. Бага дүүгийн маань дуу ч гаргахаа байлаа. Монгол улс төртэй, шүүх засаглалтай улс энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна."
Охин Б.Цэлмэг: “Аавыгаа маш их санаж байна, эмээ өвөө маань өдөрт аавын минь зурагны өмнө олон цаг сууж залбирч, ээж маань насаараа ханилсан ханиа санан шимширч, 4 настай дүү маань аавыгаа нэхээд хоолноос гарч байна. Аав нь ороод ирлээ гээд ороод ирэх юм шиг санагдаж одоо ч итгэхгүй байна. Гэхдээ Бид аавынхаа амийг нэхэх болно, шударга ёсны төлөө тэмцэнэ" гэв.