Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Удаашралтай байгаа төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах талаар АХБ-ны Суурин төлөөлөгчтэй Хотын захирагч санал солилцов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 32 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа. Павит Рамачандран нь сүүлийн 23 жилийн хугацаанд Ази, Номхон далайн 10 гаруй улс оронд олон улсын хөгжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн салбаруудад улс орны ба бүсийн хэмжээний олон хөтөлбөрүүдийг боловсруулж, удирдан хэрэгжүүлсэн чадварлаг мэргэжилтэн аж. Уулзалтын үеэр талууд Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчөөр томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсээд цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжих ерөөл дэвшүүллээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран Нийслэлд орон сууц, дэд бүтэц, нийтийн тээвэр гэсэн чиглэлүүдээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Ялангуяа гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөрийн эхний шат амжилттай хэрэгжиж дуусах шатандаа орсон. Цаашид дараа дараагийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд үүний зэрэгцээ зарим төслүүд удаашралтай байгааг нуусангүй. Тиймээс цаашид удаашралтай байгаа төсөл хөтөлбөрүүдээ урагшуулах чиглэлээр талууд идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай байгааг онцлоод, нийслэлийн удирдлагууд урт хугацаандаа хотын хөгжлийг шинэ шатанд гаргахыг зорьж төлөвлөн ажиллаж буйн нэг жишээ нь нийтийн тээврийн салбарын  цогц шинэчлэл учраас шинэ шийдлээ Засгийн газраар дэмжүүлээд буйгаа Павит Рамачандранд хотын Захирагч дуулгав. Одоо харин шинээр хэрэгжих гэж байгаа болон өдгөө хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг амжилттай үргэлжлүүлэхэд боловсон хүчний чадавхыг дээшүүлэхээс эхлээд төслийн баг хамт олны хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоо, хариуцлага хамгийн чухал байна гэлээ.

Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран “Улаанбаатар хотын захирагчтай биечлэн уулзаж байгаадаа талархаж байна. Таны хэлсэн санал санаачилгуудыг бүрэн дэмжиж байгаа гэдгээ илэрхийлье. Үүний дотор  Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг шинэ шатанд гаргах төлөвлөгөө 2025 он гэхэд хүрэх бодитоор үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн бидний хамтран хэрэгжүүлж эхэлсэн Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр амжилттай хэрэгжсэнд талархалтай байна. Тиймээс цаашид илүү нягт уялдаа холбоотой ажиллаж Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гаргах таны санаачилга ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Бидний зүгээс шалтгаалах асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэж хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв.

Уулзалтын төгсгөлд талууд нийслэлд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн явц, анхаарах асуудлаар дахин мэдээлэл солилцож ажиллахаар тохиролцов.

УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана
УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана
 
Тос, масло түлж, агаар бохирдуулсан зөрчил илэрчээ
Тос, масло түлж, агаар бохирдуулсан зөрчил илэрчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.