
Монгол Улс чөлөөт эдийн засагт шилжсэн 1990 оноос хойш түүхэндээ дөрвөн удаа “Алт” хөтөлбөр хэрэгжүүлж буй. Өдгөө дөрөв дэх нь “Алт-3” хөтөлбөр хэрэгжинэ. Хөтөлбөрийн хүрээнд 3 тонноос дээш батлагдсан нөөцтэй алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах судалгаа хийгдэж байгаа бөгөөд ойрын хоёр жилийн хугацаанд шороон ордын алтны тушаалт 20-30 хувиар нэмэгдэх боломжтой гэж үзэж байна. Мөн дунд хугацаанд 45 ордын нийт 129.1 тонн алтны нөөцийг ашиглалтад оруулж, жил бүр дунджаар 10 орчим тонн алт Монголбанканд тушаагдах тооцоо бий.
Нүүрсний экспорт саарч, төсвийн орлого дутах нь тодорхой болж төсөвт тодотгол хийхээр яригдаж буй энэ цаг үед алт аминд орох нь тодорхой болов. Уг нь нүүрс, төмөр, зэс шиг дэд бүтцийн өндөр зардлын зовлон үгүй боловч бодлогын том жижиг алдааны савлагаанд өртсөөр агшсан алтны салбар дахин сэргэж хөлөө олох бололтой.
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын хэлсэнчлэн "Алт-3" бол үнэхээр галтай сэдэв. Өнөөдөр дэлхийн зах зээлд унци нь 3300 ам.доллар хүрч, жилийн өмнөхөөс 36 хувийн өсөлт үзүүлсэн үнэт металлын худалдан авалт манайд буурсаар байгаа юм. Энэ агуулгаар нүүрсний дутсан орлогыг төсвийн цоорхойг нөхөхөөс илүү алтны нөөцийг нэмэгдүүлэх замаар олборлолтыг дэмжиж хар зах зээлээс гаргах нь "Алт-3" хөтөлбөрийн амин сүнс болоод байна. Бас томоохон сорилт хүлээлт бий болоод байгаа юм.
Хэрэвзээ салбарын сайд Г.Дамдинямын амласан шиг бодит байдал дээр алтны салбарыг хар зах зээлээс салгаж, өнгөт металлын салбарыг өнгөлж чадвал “Алт-3” аяны амин сүнс болох алтны нөөцийг нэмэгдүүлж, ашиглалтад оруулах үүд нээгдэнэ.
Одоогийн 100 тонн нөөцтэй үндсэн ордуудыг эргэлтэд оруулж олборлолтын бүтээмжийг сайжруулах боломж бүрдэнэ.
Уул уурхайгаас хараат эдийн засагтай хөгжиж буй манай оронд ч алтны зах зээл дээрх байр сууриа тэлэх нь номер нэг асуудал болоод буй юм. Одоогийн байдлаар Монгол Улсад хүчинтэй байгаа 560 орчим лиценз бий. Үүний 85 хувь нь шороон ордных. Хэдийгээр лиценз нь өндөр хувьтай ч алтны нөөц буюу нийт тодорхойлогдсон алтны 15 хувь нь л шороонд орд дээр байгаа гэх. Учир нь, түүхий эдийн үнийн өсөлтөөс асар их орлого олох гэсэн “Гэнэтийн ашгийн 68%- ийн татвар”, байгаль орчноо хамгаалах гэсэн “Урт нэртэй” хуулийн үйлчлэл хүссэн үр дүнг авчрах нь бүү хэл улсын эдийн засагт ч, эх орны байгаль дэлхийд ч халтай байгаад зогсоогүй хөл дээрээ дөнгөж тогтож байсан алтны салбарыг татан унагаж, “нинжа”-гийн зохион байгуулалтад оруулсан бодлого тодорхойлогчдын алсын хараагүй шийдвэрийн уршиг нь алтны нөөц, олборлолтоор илэрч буй. Энэ агуулгаар хууль эрхзүйн орчныг тогтвортой, эерэг болгох нөхцлөөр хөрөнгө оруулагчдыг татах төрийн дэмжлэг нь "Алт-3" болж байна.
Өмнөх “Алт” хөтөлбөрүүд сайн, муу үр дагавартай ч салбартаа том өөрчлөлтүүд авчирч, эдийн засгийг хүнд байдлаас гаргаж байсан удаатай. Алтны салбарт гадаад дотоодын хувийн хөрөнгө оруулалтыг татаж, шороон ордуудыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулан, улмаар алтны нийт олборлолтыг 24 тоннд хүргэж, 40 гаруй хувийг нь алтны үндсэн ордоос олборлон алтны үйлдвэрлэлд шинэ хөгжил авчирсан замнал “Алт” хөтөлбөрүүдийнх.
Эргэн сануулбал, 2010 онд алтны үйлдвэрлэл 6 тонн байсан бол 2016 онд 18.4 тоннд хүрч өсч байв. 2015 онд 15.1 тонн алт худалдан авсан нь 2010 оны худалдан авалттай харьцуулахад 7 дахин, 2014 оны худалдан авалтаас 19 хувиар тус тус нэмэгдсэн эерэг үзүүлэлт бий.
Зөвхөн 2016 онд 6 үндсэн орд 33 шороон ордын нөөц буюу нийт 39.1 тонн алт улсын нөөцөд бүртгэгдэж байлаа. Ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн 34 хувь нь алтны олборлолтод хамаарч байв. Энэ өсөлтөд хайгуулын ажилд төр, хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалт, Ашигт малтмалын нөөцийн үнэлгээг түргэвчлэн баталгаажуулж бүртгэлд оруулах, ашиглалтын тусгай зөвшөөрлийг идэвхжүүлэх зэрэг хууль эрхзүйн орчны таатай нөхцөл нөлөөлж байлаа.
Б.ЦЭЦЭГ