Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ Засгийн газрын 100 хоногийн сорилт алтны олборлолт, тушаалтыг нэмэгдүүлэх...

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 45 секунд

May be an image of 1 person, money and text

Хамтарсан Засгийн газрын үед яригдаж байсан "Алт-III" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шинэ Засгийн газар анхаарч буй. Лхагва гарагийн ээлжит хуралдаанаас "Алт-III" аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэхээр болсныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдээд буй юм. Хэдий нүүрсний дутсан орлого, төсвийн цоорхойг нөхөж нүдэн дээр саарч буй эдийн засгаа элгээр нь хэвтүүлэхээс өмнө амжиж цусны эргэлтийг сайжруулж дархлааг нь дэмжих эрдэс бүтээгдэхүүн нь алт болов ч ярьсан шиг дардан биш.

Салбарын сайд Г.Дамдиннямын хэлсэнчлэн дэлхийн зах зээлд шаргал металлын үнэ унци нь 3300 ам.доллар давж гялалзсаар байгаа ч манай улсын хувьд алт олборлолт, тушаалт муу байгаа нь гол асуудлын нэг болоод буй юм.

\Алтны үнэ өнгөрсөн оныхоос 36 хувиар өссөн ч манай улсад алт тушаалт буурч, өнгөрсөн оныхоос 16 хувийн уналттай байгааг салбарын сайд нь шүүмжлэлтэй хандсан. Мөн адил Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд тамгаа гардахаас өмнө алт олборлолт, тушаалт хангалттгүй байгааг шүүмжилж "Алт-III" аяныг хэрэгжүүлэхээ амласан билээ.

Харин гурав дахь удаагаа хэрэгжиж буй алт хөтөлбөрийг уриа лоозон төдий мөрөөдлийн жагсаалт бус бодитойгоор хэрэгжүүлж 2026 оноос алтны олборлолт, худалдан авалтыг 20 тонноос дээш болгох ажлыг эхлүүлэх нь шинэ Засгийн газарт тулгарч буй сорилт бас шаардлага болж байна.

Тэр дундаа, Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрын 100 хоногийн үр дүн алт олборлолт, тушаалтаас л мэдрэгдэж эхэлнэ.

Одоогийн байдлаар Монгол Улсад хүчинтэй байгаа 560-аад лиценз бий. Үүний 85 хувь нь шороон ордных. Хэдийгээр лиценз нь өндөр хувьтай ч алтны нөөц буюу нийт тодорхойлогдсон алтны 15 хувь нь л шороонд орд дээр байгаа юм. Монголбанкны алт тушаалт сүүлийн хоёр жил буурсан нь алт олборлогч жижиг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хумигдсан болохыг тайлбарлаж байв. Тиймээс алтны хайгуулын тусгай зөвшөөрлийг авдаг, эзэмшдэг нөхцөл байдлыг хөнгөвчилж, алт олборлолтыг нэмэгдүүлнэ гэж амлаад байна. . Тэрбээр " Татварын босго буюу алтны борлуулалтын 6 тэрбум төгрөг хүртэл 10 хувийн татвартай, 6 тэрбумаас илүү гарсан борлуулалтаас 25 хувийн орлогын албан татварын авдаг. Олон улсын жишигт байдаггүй алт олборлогчдыг боомилсон зохицуулалт болчиоод байгаа. Үүнийг олон үе шаттай болгож, тушааж байгаа алтны хэмжээ, үнэ, борлуулалтад оруулсан дүнгээс нь хамарсан хэмжээгээр шатлах эрх зүйн зохицуулалт хийе гэсэн төлөвлөлт барьж байна. Рояальты 5 хувь хэвээр байна" гэж байлаа. Мэдээж энэ бол өнгөрсөн хугацаанд агшсан алтны салбарт бодлогын салхи оруулж байгаа нь сайн болов ч урт хугацаанд "Алт-3" аян хямралын үеийн амь тариагаар зогсохгүй Монгол Улсын эдийн засгийн дархлаа нь байхад тогтвортой бодлого үгүйлэгдэж байна.

Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголыг ЯАРАЛТАЙ горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүллээ
Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголыг ЯАРАЛТАЙ горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүллээ
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.