
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-өөс гаргасан шийдвэрээр 1072 хувьцаа эзэмшигч иргэн бүрд 63.242 төгрөгийг ирэх дөрөвдүгээр сарын 30-ны дотор олгохоор шийдвэрлэсэн. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд нэгж хувьцаанд 65.55 төгрөг буюу нийт 786.6 тэрбум төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд олгох юм. Үүнээс Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор болсон.
Тэгвэл иргэд хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр зөв эсвэл улс, эх орондоо нэн шаардлагатай бүтээн байгуулалтуудад зарцуулсан нь дээр гэсэн байр сууриар хуваагдаад буй.
Уг асуудалд Хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангар дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "63.000 төгрөгийн ногдол ашиг тараасны оронд цахилгаан станц барих нь зөв гэж мэдэмхийрч байгаа нөхдүүдэд нийтэд нь нэг тайлбар тавьчихъя.
Компанийн гол зорилт бол ашиг олох. Тэгэхээр компанийн хувьцаа эзэмшигч нарын гол зорилго ногдол ашиг авах. Өөр хуулиар хүлээсэн үүрэг хариуцлага байхгүй. Мөнгөн дүндээ гол нь биш. 6000 төгрөгийн ногдол ашиг тараасан ч хувьцаа эзэмшигч түүнийгээ авах эрхтэй. Тэрнээс биш жижиг хувьцаа эзэмшигчийн эрхэнд халдаж, түүнийг дундаас нь хэсэг этгээдүүд шийддэг байж болохгүй. Цаашид маш буруу жишиг тогтоно.
Иргэдэд ногдол ашиг тараасны оронд цахилгаан станц барь гээд байгаа нөхдүүд бас их логикгүй гарууд юм. Иргэдэд очих ёстой байсан 63.000 төгрөгөөр цахилгаан станц барьчихвал тэр цахилгаан станцын өмчлөл нь хэн дээр байх юм. 3 сая хувьцаа эзэмшигчтэй шинэ ХК болох юм уу. Онолын хувьд боломжтой ч хэрэгжүүлэх боломжгүй.
Иргэдийн мөнгийг иргэдэд нь үлдээ. Тэд яахаа шийдэг. Үрнэ үү, зарна уу, хадгална уу. Тэд өөрсдөө мэдэг. Хар хүний өмнөөс шар хүн гэгчээр битгий өөр хүний түрийвч рүү тонгой, шүлсээ үсчүүл. Харин төр өөрт оногдох ногдол ашгаараа цахилгаан станц барих, хурдны зам тавих, шинэ нисэх буудал барих... гэдэг нь өөр асуудал. Тэр бол харин нээлттэй хэлэлцүүлгээр шийдэх ёстой" гэжээ.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!