
УБЦТС ТӨХК нь төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон цахилгаан сүлжээний 0.4-35 кВ-ын шугам, тоноглолын ашиглалтыг хариуцдаг. Үйлчлэх хүрээний хувьд нийслэлийн төвийн 7 дүүрэг, Төв аймгийн 16 сумын хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг ханган ажиллаж байна. Тус компани нь хэрэглэгчдийнхээ цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг сайжруулах зорилгоор жил бүрийн 3-5 дугаар саруудад аянгын улирлын өмнөх бэлтгэл, 5-8 дугаар саруудад урсгал засвар, түгээх сүлжээний шинэчлэлт, 7-10 дугаар саруудад өвлийн ачааллын үед хэт ачаалагдах магадлалтай шугам тоноглолыг өргөтгөх, ачаалал хөнгөлөх, эрсдэл бууруулах их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээний төлөвлөгөөт ажлуудыг хийж гүйцэтгэдэг.
Энэ оны төлөвлөгөөт засварын ажлын хүрээнд 2132 нэр төрлийн засварын ажлыг гуравдугаар сарын 02-ны өдрөөс аравдугаар сарын 10-ны өдрийн хооронд батлагдсан хуваарийн дагуу хийнэ. Ажлын хүрээний хувьд түгээх сүлжээний эзэмшлийн ашиглалтын хугацаа нь дууссан, хугарч унах эрсдэлтэй 0.4-35 кВ-ын 1144 тулгуур, 0.4 кВ-ын 8000 холболтын хавчаар, 1000 тоолуурын нэгдсэн хайрцгийн буултын кабелийг тус тус сольж, шинэчлэх, 6-35 кВ-ын 20 реклоузер, 60 хуурай салгуур суурилуулах, цахилгаан дамжуулах агаарын 10 шугамын ачааллыг хөнгөлөх ажил багтаж байна.
Эдгээр ажлыг хийж гүйцэтгэх хугацаанд нийт хэрэглэгчдийн маань 27.2 хувийн хэрэглээ тасрахгүйгээр хийгдэнэ. Төлөвлөгөөт засварын ажлын талаарх албан ёсны мэдээлэл, баталгаат хуваарийг УБЦТС ТӨХК-ийн https://www.tog.mn/account/5 цахим хуудаснаас мөн фэйсбүүк, инстаграмм зэрэг нийгмийн цахим сүлжээн дэх https://www.facebook.com/ubedn хуудаснаас цаг тухайд нь авах боломжтой. Мөн засварт хамрагдах байршлын хэрэглэгчдийн гэрээт утасны дугаарт нь мэдээллийг мессэжээр илгээж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!