АНУ болон Израил улс Иранд хийсэн цэргийн цохилтын дараа Ираны хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход эргэлзээ үүссэн талаар мэдэгдлээ. Энэ жилийн ДАШТ-ийг АНУ болон Канад, Мексик хамтран зохион байгуулж байгаа. Ираны шигшээ багийн хувьд зургаадугаар сарын 15-26-нд хэсгийн гурван тоглолтоо АНУ-д хийх тов гарсан. Тэд Бельги, Египет, Шинэ Зеланд багуудтай нэг хэсэгт ороод байгаа.
Улсуудын зөрчил спортод давхар нөлөөлснөөс өнөөдрийн асуудал үүсэж байгаа. Хэрвээ Иран энэ жилийн ДАШТ-ийг өнжвөл багагүй хохирол амсана. Санхүү, нэр хүнд цаашлаад тоглогчдын ирээдүйд ч нөлөөлөх эрсдэл үүсэж байна.
Хамгийн гол үүсэж байгаа нь визний асуудал. Иран өөрсдөө явахаас татгалзах уу эсвэл АНУ-ын эрх баригчид тоглогчид, дасгалжуулагчид, албаныханд виз олгохгүй байх уу гэдэг асуудал үүсэж байна. Визтэй холбоотой асуудлыг сөхөхөд Ираны хөлбөмбөгийн албан тушаалтнууд Вашингтон хотод болсон ДАШТ-ий сугалаанд оролцох виз авахаас татгалзсан гэх мэдээлэл ч гарч байсан.
Хэрвээ Ираны шигшээ баг ДАШТ-д оролцохгүй бол дараагийн баг хэн байх вэ гэх яриа мэр сэр явж байна. Одоогийн үүсээд байгаа асуудал дээр FIFA албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа. Хэрэв Иран тэмцээнээс гарвал AFC буюу Азийн хөлбөмбөгийн холбооноос тэмцээнд оролцох багийг санал болгоно. Эхний сонголт дээр Ирак эсвэл АНЭУ яригдана.
Санхүү талаас харвал ДАШТ-аас гарах нь алдагдалтай. Тэмцээнд оролцохоос татгалзах шийдвэрийг хэзээ гаргаснаас шалтгаалан торгуулийн хэмжээ тогтоно. Бас Иран FIFA-гаас авах санхүүжилтээ алдана. Энэ мөнгөн дүн багадаа 10 сая доллароор хэмжигдэнэ. Үүнээс гадна 2030 оны ДАШТ-ний урьдчилсан шатанд оролцох эрхээ ч алдаж болзошгүй.
Иран бол Ази тивийн хүчирхэг багуудын нэг. Тэд сүүлийн найман ДАШТ-ий зургаад нь оролцсон. FIFA-гийн чансаагаар 20 дугаар байрт бичигдэж байгаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!