Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Агшсан алтны салбараа одоо л сэргээх боломж нь “АЛТ-III”

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 55 секунд

May be an image of text

Зуны сар шиг богино настай Монголын Засгийн газрын Ерөнхий сайд нар оймс шиг солигдсоор Л.Оюун-Эрдэнэ анх удаа таван өвлийг үзэж, таван хаврыг угтав. Хааны алба халаатай гэгчээр хамтарсан Засгийн газар огцорч, Ерөнхий сайд Г.Занданшатарын шинэ Засгийн газар бүрдээд нэг сар ч болоогүй байна. Гэхдээ сайд нар тамгаа гардсан даруйд танхимаа ээлжит бусаар хуралдуулж төрийн хэмнэлт, төсөвт тодотгол оруулж ирэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх зэрэг бүсээ чангалж, эдийн засгийн цусны эргэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар болж байна.

Нэг үгээр хэлбэл, Г.Занданшатарын Засгийн газар амаргүй үед байгуулагдаж, ирэх өдрүүдэд хүндхэн сорилт бэрхшээл хүлээж буй нь нууц биш. Өнгөрсөн жилийн өдийд 7 хувийн өсөлт үзүүлсэн эдийн засаг энэ жил эхний улирлын байдлаар ердөө 2.4 хувийн өсөлт үзүүлээд буй юм.

Өөрөөр хэлбэл, уул уурхайгаас тэр дундаа ганц түүхий эдээс эдийн засаг нь хамааралтай манай улсын хувьд хямралын дохио. Улмаар геополитикийн хурцадмал байдал, худалдааны дайны нөлөөгөөр Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт гангийн үйлдвэрийн хямралаар илэрч байгаа нь улмаар Монголоос нүүрс дуртай, дургүйхэн авах нөхцөл үүсээд буй. Энэ нь нүүрсний үнийн уналтаар шууд төсвийн орлого дутах, төлбөрийн тэнцэл алдагдалтай гарах, ханш савлах, гадаад өр нэмэгдэх зэргээр аль хэдийнэ дотоодын эдийн засаг доголдож эхэлснийг илтгэнэ.

Нэгэнт нүүрсний ирээдүй бүрхэг байгаа энэ цаг үед өнгөрсөн хугацаанд агшсан алтны салбарыг амилуулах нь Г.Занданшатарын Засгийн газрын эдийн засгаа хямралаас гаргах гол түлхүүр болж хувираад байна. Иймд Их хуралд төсвийн тодотголыг өргөн барьсан энэ өдрүүдэд “Алт-3” аяныг идэвхжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар болсон нь нүдээ олсон шийдвэр боллоо. Харин одоо ажил хэрэг болгох л үлдлээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр хэлсэн үгэндээ "Шууд олборлох боломжтой 100 тонн үндсэн алтны ордыг эргэлтэд оруулахын тулд эрх зүйн орчин нээж өгөх зорилго тавьж байна. Алтны хайгуулын тусгай зөвшөөрлийг авдаг, эзэмшдэг нөхцөл байдлыг хөнгөвчилнө" гэж Засгийн индэрээс тодотгосон. Өмнө нь Хамтарсан Засгийн газрын үед энэхүү хуулийн төслийг Их хуралд өргөн барихаар холбогдох яамдын төлөөлөл хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж байсан ч УИХ-д өргөн барьж чадалгүй түр гацаад байв. Тэгвэл одоо Их хуралд тогтоолын төслийг өргөн барьж, агшсан алтны салбараа амь оруулахын тулд Үндэсний их баяр наадмаас өмнө амжиж батлах ёстой. Ингэж чадвал салбарын сайдын хэлсэнчлэн эдийн засгийн хямралын үед алт амь тариа болох учиртай. Ялангуяа олон жил яригдсаар толгойн өвчин болсон дуусаж буй шороон ордны нөөцийг үндсэн орд руу шилжүүлэх, шууд олборлох боломжтой 100 тонн үндсэн алтны ордыг эргэлтэд оруулахын тулд эрх зүйн орчин нээж өгөх алтан боломж нь "Алт-III" хөтөлбөр болно.

Б.ЦЭЦЭГ

Төгрөгөө цаас болгохоос өмнө хөрсөн доорх валютын нөөцөө ашиглая
Төгрөгөө цаас болгохоос өмнө хөрсөн доорх валютын нөөцөө ашиглая
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.