Г.Амартүвшин: “Эрчист Монгол“ компанийг зөндөө шүүмжилсэн. Энэ нь “Сайд нарын үгэнд ордоггүй нэг нөхөр гарч ирлээ“ гэж л харлуулж буй ажил

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 43 секунд

"Эрчист Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Амартүвшингээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Эрчим хүчний салбар ямар түвшинд байна вэ?

-Эрчим хүчний салбарт үүсээд байгаа асуудал нэг жилийн дотор үүсээгүй. Энэ бол олон жилийн хуримтлагдсан асуудал. 30 жил төрийн өмчит компаниудыг буруу авч явсан байгаа юм. Хөрөнгө оруулалтыг нь хийлгэхгүй, давхар бүтэцтэй болоод улс төрчид дэндүү их оролцдог, томилгоонд нь оролцдог, ТУЗ нь засаглалын зарчмаар хараат бус байж чаддаггүй гэх мэт асуудлууд хуримтлагдсаар байгаад 2025 оны сүүл, 2026 оны эхээр асуудлууд гарлаа. Өнгөрсөн онд эрчим хүчний компаниуд 190 тэрбум төгрөгийн алдагдалтай гарахаар байна. 2024 онд 130-аад тэрбум төгрөгийн алдагдалтай байсан. 130 тэрбум төгрөгийн алдагдал нь 100 гаруй тэрбум төгрөгийн татаас авсны дараа шүү дээ. 2025 онд тарифыг нэмсэн. Гэсэн хэдий ч алдагдалтай ажиллаж байна. Эрчим хүчний компаниудын санхүүгийн тайланг бид судлаад үзэхэд актив нь 28 хувиар өсөөд байдаг. Гэтэл өр зээл нь 68 хувиар өсөөд байдаг. Компанийн өөрийн хөрөнгө нь 3 хувиар л өссөн. Өөрөөр хэлбэл компаниудын бүтэц нь томроод байдаг, үнэ цэн нь нэмэгддэггүй гэсэн үг. Үүнийг л бид өөрчлөх гээд одоогоос яг жилийн өмнө байгуулсан. Тариф нэмэх нь зөв. Тариф нэмэхээс гадна эдгээр компаниуд зардлын менежментээ зөв хийх ёстой. Хэрэггүй хөрөнгө оруулалтаа хойшлуулах, шаардлагагүй зардлуудаа танах, данхар захиргааны бүтцээ болих зэрэг ажилд бид анхаарал төвлөрүүлж ажиллаж байна.

-Эрчим хүчний реформ хийх шаардлагатай гэж зарим гишүүд ярьж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Эрчист Монгол компанийг байгуулсан шалтгаан нь эрчим хүчний реформ хийе, эхлэлийг тавья, бодлогыг нь өөрчилье гэж байгуулагдсан. Яагаад гэвэл салбар яам нь аж ахуйн бизнес эрхлээд, тэр үйл ажиллагаанд нь оролцоод яваад байж болохгүй байна гэдэг нь нотлогдлоо шүү дээ. Тиймээс мэргэжлийн хараат бус хувьцаа эзэмшигчтэй больё гээд байгуулсан. Одоо ТУЗ-ийг шинэчлэх хэрэгтэй. ТУЗ нь аль болох яамдын газрын дарга нар биш аль болох мэргэжлийн салбарын хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм. Тэгж байж энэ компаниудын хяналт нь сайжирна. Манайхан зөндөө шүүмжилсэн л дээ. Давхар бас нэг толгой гарч ирлээ, хүнд суртал бий боллоо гэх мэтээр. Яг үнэндээ гол шалтгаан нь сайд нарын үгэнд ордоггүй нэг нөхөр гарч ирлээ л гэж харлуулж байгаа. Компаниудын удирдлагуудын хэлсэн юмыг нь батлаад явдаг, аль эсвэл сайд нарын хэлсэн үнээр явдаг тэр зүйлийг нь бид болиулах гээд л явж байгаа юм. 2026 оны төсвийг оруулж ирэхэд нь бид маш нарийн үзсэн. Ингэсний ачаар 35 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан.

-Таны хувьд сайдуудын үгэнд ороогүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн дарамт шахалтад орж байна уу?

-Нуугаад ч яах вэ. Зарим нэр бүхий сайдууд төлбөртэй нөхдийг манайх руу явуулаад, харлуулах гэж үзээд, сошиалаар энэ нэг хэрэггүй компани, Амартүвшин зориулж компани байгууллаа гэх мэтээр ямар нэгэн байдлаар л Эрчист Монгол гэдэг компанийг байхгүй болгоод хуучин хэлбэр рүүгээ, зохион байгуулалтаараа явъя гэсэн шуум нэлээд явлаа шүү дээ. Би Г.Занданшатар Ерөнхий сайдыг улс төрийн маш зоригтой шийдвэр гаргаад төрийн өмчит компаниудын реформыг хийнэ гэж хуулиа өргөн барих байх. Үүний гол гүйцэтгэх ажиллагааг нь Эрчист Монгол, Эрдэнэс Монгол компани хийнэ л гэж би харж байгаа.

-Ерөнхий сайд эрчим хүчний доголдлыг 30 хоногт зас гэж Эрчим хүчний сайдад үүрэг өгсөн. Үүнийг 30 хоногт яагаад ч засах боломжгүй шүү дээ?

-30 жил системийн том доголдол үүсээд байгаа шүү дээ. 30 жил төрийн өмчит компаниудыг яаж удирдаж авч явсан бэ. Төрийн өмчит компаниуд ашигтай ажиллах гэдэг зарчмаар биш яг л төсвийн байгууллага шиг жил болгон төсвөө батлуулна. Түүнийхээ дагуу мөнгөө зарцуулдаг. Ерөөсөө л ийм болчихсон. Компанийн зарчмаар явсан бол энэ жил манайх ийм орлоготой байна. Тариф нь тодорхой, зардал нь ийм байх юм байна. Хасахтай гарвал яаж энэ хасахаа тэглэх вэ гэх мэт компанийн зарчмаар ажиллах ёстой байсан. Тэгж мөнгөний сул эргэлт нь бий болж, буцаад техник технологийн хөрөнгө оруулалтаа хийх боломж гарна. Тэгэхгүйгээр зардлаа ч дийлэхгүй байж баахан хөрөнгө оруулалт хийгээд, өр зээл тавиад түүнийг хэн төлөх вэ. Нөгөө л хэрэглэгчид төлөх болж байгаа юм. Мэдээж эрчим хүчний салбар стратегийн ач холбогдолтой салбар. Үүнийг хамаагүй хувьчилж болохгүй салбар. Гэхдээ өмчлөлийн хэлбэрийг нь үл харгалзан санхүүгийн сахилга баттай байх л хэрэгтэй.

-Нэг хэсэг хяналтын менежер, бүтээмжийн менежер ажиллуулна гээд хэл ам дагуулсан. Эрчист Монгол компанид тэрхүү менежерүүд ажиллаж байгаа юу. Одоогоор яг хэдэн хүний орон тоотой ажиллаж байгаа вэ. Төрийн өмчит компаниудыг цомхон бүтцээр ажиллуулна гэсэн төрийн шийдвэр хэрэгжиж байгаа юу?

-Үндэсний төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар манай бүтцийг бэлдчихсэн байсан. Тэгээд 70 хүний орон тоотой. Анх 60 хүнтэй ажиллаж эхэлсэн. Одоо 42 хүний орон тоотой ажиллаж байна. Оны өмнө орон тооны бүтцээ өөрчлөөд багасгасан. Цаашид ч бүтцээ өөрчлөхгүй гэсэн зүйл байхгүй. Шаардлагатай бол дахиад ч орон тоогоо багасгана. Жилийн өмнө энэ компанийн 70 хувь нь дарга байсан. Түүнийг болиулсан. Одоо хэлтсийн дарга гэж байхгүй. Газрын захирал гэж байдаг. Тэд хариуцсан ажлаа дор дор нь хийгээд явдаг. Бүтээмжийн менежер гэж утгагүй албан тушаалыг зохиосон. Харамсалтай нь энэ албан тушаал манайд ч байна. Гэхдээ би үүнийг гуравдугаар сард багтааж өөрчлөнө. Бүтээмжийн менежерээр гурван хүн ажиллаж байна.

-Цаашдаа Эрчист Монгол компани ямар ажил хэрэгжүүлэх вэ?

-ТУЗ-өөс стратегийн баримт бичгээ хүргүүлсэн байгаа. Удахгүй хэлэлцэх байх гэж бодож байна. Биднийгол фокуслах зүйл нь 4 гол багана байгаа. ТУЗ-ийн бүрэлдэхүүнээ өөрчилнө. Аль болох хараат бус болгоё. Эрчим хүчний компаниудад 25 ТУЗ байсныг 14 болгож багцалж багасгасан. Компаниудын тоог нь ч цөөлсөн. Бид эрсдэлийн үнэлгээг гурван компанид хийсэн. Эрсдэлийн зураглал нь час улаан гарсан. Өөрөөр хэлбэл эрсдэл маш өндөр гарсан. Санхүү, үйл ажиллагаа, эргэлтийн хөрөнгө бүгд эрсдэлтэй. Түүнийг бид аль болох хурдан хугацаанд шар руу оруулах. Дунд хугацаандаа ногоон руу оруулахаар ажиллана. 3 дахь ажил нь 2025 онд хийсэн ажлаа үргэлжлүүлнэ. Тэр нь санхүүгийн сахилга бат. Батлагдсан төсвөөрөө ажиллана. Шаардлагатай бол тодотгол орно. Зардлаа танана. Хэрэггүй хөрөнгө оруулалтаа хойшлуулна. Нэн шаардлагатай хөрөнгө оруулалтаа эрэмбэл. Захиргааны орон тоогоо багасга. Тэр хэмнэсэн мөнгөөрөө техник инженерийн ажилчдын цалинг нэмэгдүүл гэсэн шаардлагыг тавина. 4 дэх ажил нь хаврын чуулганаар үндсэн чиглэл батлагдана. Төрийн өмчит компаниудыг хувьчлах, заримыг нь татан буулгах, нэгтгэх зэрэг үйл ажиллагааг бид хэрэгжүүлнэ.

-Эрчим хүчний салбарын санхүү, төсөв хөрөнгийн хувьд ямар байгаа вэ?

-Ер нь хүнд байгаа шүү дээ. Жишээ нь, 2024 оны сүүлээр цахилгааны тарифыг нэмсэн. Тавдугаар сард нь дулааны тарифыг нэмнэ гэсэн боловч хойшлуулсан. Түүний үр дүнд дулааны станцууд нь санхүүгийн бүр хүнд байдалд орсон. Энэ нөхцөл байдал 2026 онд үргэлжлээд явж байна. Сая нэг хэсэг төрийн өмчит станцад асуудал гарсны хажуугаар хувийн хэвшлийн станцад техникийн саатал үүссэн. Ирэх 2-3 жилд хувийн хэвшлийн цахилгаан станц ашиглалтад орохоор энэ асуудал ойрын хугацаандаа тогтворжоод намжина байх гэж би бодож байгаа.

-Тариф нэмснээс хойш хэчнээн төгрөгийн орлого орсон бэ. Тэр мөнгөөр юу хийсэн бэ гэж олон нийт их сонирхож байна?

-Энгийнээр тайлбарлахад 10 төгрөгөөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ 5 төгрөгөөр зараад байгаа юм. Тэр 5 төгрөгийн алдагдлыг хэн өгч байна. Компаниудад хуримтлагдаад л яваад байгаа. Тэгэхээр тариф нэмэхээс өмнө алдагдал нь 7 төгрөг байсан бол тариф нэмснээр 5-6 төгрөг болж буурч байгаа. Энэ системийг өөрчлөх ёстой.

-Цаашид эрчим хүчний тариф хэд байж байж ийм байдалд орохгүй, гал алдахгүй болох вэ?

-Тэр нарийн тооцооллыг хийж байна. Нөхцөл байдал жаахан өөрчлөгдөж хувийн хэвшлийн станцууд ашиглалтад орж, үйл ажиллагаанд ороод явж байгаа болохоор нийлүүлэлтийн бүтэц нь өөрчлөгдөж байгаа. Тариф нэмэх нь шинэ мэдэгдэл биш шүү дээ. Салбарынхан ч ярьж байгаа. Мэдээж үнийн шок үүсгэж болохгүй. Гэнэтийн тариф үүсгэвэл өрхийн хэмжээнд ч том цохилт болно, компаниудад ч зардал нэмэгдээд явна. Тэгэхээр үүнийгээ шат дараалалтай хийгээд явах нь зөв.

Н.Учрал: Эмийн үнийн өсөлтөөс үүдэлтэй айл өрхийн зардалд ирж буй дарамт өндөр байна
Н.Учрал: Эмийн үнийн өсөлтөөс үүдэлтэй айл өрхийн зардалд ирж буй дарамт өндөр байна
 
Монгол–Их Британийн уул уурхайн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хамтарсан ажлын хэсэг байгуулна
Монгол–Их Британийн уул уурхайн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хамтарсан ажлын хэсэг байгуулна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!