Монгол Улсын хөгжлийн бодлого "Алсын хараа-2050", "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал", "Шинэ сэргэлтийн бодлого"-д нийцүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэхийн тулд Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг тэргүүлэх зорилт болгон хэрэгжүүлэхээр тусгасан.
“Бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан”-ыг бүс тус бүрээр зохион байгуулахаар болсны дагуу “Хойд бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” өнөөдөр Булган аймгийн спортын ордонд эхэлж байна.
Энэхүү хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргах ажээ.
Хуралдаанд: Монгол Улсын Ерөнхий Сайд, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, Хойд бүсийн Булган, Орхон, Хөвсгөл аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, хойд бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 700 орчим төлөөлөгчид оролцож байна.
“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 онд Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолоор батлан, мөрдүүлж ажилласнаас хойш 24 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Олон улсын бүсчилж хөгжүүлэх бодлого, орон зайн эдийн засгийн хөгжлийн бодлогод мэдээллийн технологийн нөлөө, шинэ онолын загварууд боловсруулагдсанаар 2024 оноос бүсчилж хөгжүүлэх бодлого, төлөвлөлт цоо шинэ шатанд яригдах болсон.
Хойд бүс: Нийт хүн амын 8.8 хувь хойд бүсэд оршин суудаг бөгөөд бүсийн ДНБ-ийг бүтцээр авч үзвэл хамгийн их хувийг буюу 63.7%-ийг үйлдвэрлэл, 17.7%-ийг үйлчилгээ, 18.6%-ийг хөдөө аж ахуй эзэлж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа АНН тоо 6.770, дундаж цалин 1.7 сая.төг бөгөөд нийт малын тоо 9.4 сая.толгой байна.
Тус бүсэд “Бүсчилсэн хөгжлийн бодлого” хэрэгжсэнээр:
- Бүс, орон нутгийн эдийн засгийн чиг үүргийг оновчтой тодорхойлно;
- Байгалийн нөөц баялгийг зохистой, өгөөжтэй, хүртээмжтэй ашиглаж, хамгаалж, нөхөн сэргээнэ;
- Үйлдвэр, үйлчилгээг хоршилт, төрөлжилт, дагналт, кластерын бодлогоор дэмжинэ;
- Бүс дамнасан, салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ;
- Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламж, орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийг оновчтой хуваарилна;
- Бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн, зах зээлийг тэлнэ;
- Орчин үеийн шинэ суурьшлын бүс, хотуудыг байгуулна.
- Бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулна гэж тооцож байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!