АЯТАЙХАН

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 45 секунд

Спортын сэтгүүлч Б.Батзаяа хөл бөмбөгийн холбооны дарга нартай эд үзэлцэж явна. Болохгүй, бүтэхгүйг нь олон жил ярьж чичилж яваа л даа. Уг нь дарга нартай үгсэж, хэл амгүй сонгуульт албанд дэвшээд, гадна дотроос санхүүждэг өчнөөн сая доллараас үртэс ч болтугай хүртээд, улс тив хэрэн хэсэж, онгоцны випээр зугаалсан шигээ жаргаж болноо доо. Гэвч мань эрийн зөрүүд нь дийлдэхгүй, буруу бусармаг гэж үзсэн зүйлтэй эвлэрнээ гэж үгүй. МУИС-д оюутан байхаасаа л тийм байсан. Ирландад спортоор магистр хамгаалж, нийтлэл, шүүмж нь олон нийтэд шууд хүрдэг түүн шиг салбартаа нөлөөтэй сэтгүүлч цөөн. Мань эрд харин элдэв шагнал, ган үзэг энэ тэр байхгүй байхаа.

Жишээ нь 2024 оны спортын шилдэг сэтгүүлч Ж.Цэцэгмааг энэ нийтлэлээр дамжуулж нэлээдгүй хүн анх удаа сонсож байгаа байх. Амжилт нь гавиагүй Парисын олимпод улсын зардлаар 20-иод сэтгүүлчийг хэл амгүйхэн “аялуулаад” ирсэн тул ийнхүү Монголын үндэсний олимпийн хорооны эрхэм дээд шагналыг хүртээж байна гэж бөртэ чоно наадмын хөтлөгч хээвнэг зарласан юмдаг. Хэвлэлийн төлөөлөгчөө шилдэг сэтгүүлчээр өргөмжилдөг манайхаас өөр олимпийн хороотой улс байдаг л байх. Адгийн бүхэн дандаа Монголынх байна гэж юу байхав. Аятайхан байсан бол Б.Батзаяа энэ шагналыг хэдэн жил дарааллан хүртэж, соёлын гавьяат мавьяат болчихсон ч яваа юм билүү хэн мэдлээ. Учир юунд гэвэл энэ нийгэмд шулуун шударга явснаас аятайхан явсан нь дээр гэдгийг мань эр ойлгоогүйд байгаа юм.

Хүмүүс ярьдаг даа. Тэр их аятайхан залуу гэж. Үнэндээ аятайхан байх жин банг хэн хэрхэн тогтоодог нь тодорхойгүй боловч гарцаагүй юмны хэмжүүр болжээ. Жишээ нь төрийн албаны дарга нар доод хүмүүсээ загнахдаа “аятайхан байгаарай” гэж ширээгээ тогшдог болсоор удаж байна. Шулуун шударга байж амьтны ад болсноос даргын ая тавыг алдагдуулахгүй явах нь наанадаж ажилтай байх цаашлаад тушаал дэвших анхны шалгуур. Сэргэлэн, долигнуур гэх мэт дараагийн шатны шалгуурууд байх ч наад зах нь хүн эхлээд аятайхан л байх ёстой. Дарга ч дээрээ бас нэг сайдын аяыг тааруулах гэж үйлээ үзэж яваа. Ерөөс хууль ёс засаглаагүй газар хүний ааш араншин засаглах нь гарцаагүй зүй тогтол билээ.

Манай улсын ерөнхий ая тавыг тодорхойлогч бээр үе үе солигдох нь бий. Түүнийг дагаад аятайхны тухай үнэлэмж, шалгуур хөдөлдөг. Нэг үе моданд орсон ая дараа үедээ хөггүй болох нь элбэг. Элбэгийн үеийн ая Хүрэлийн үед хангинахгүй гэх мэт. Харин Элбэгийн ч, Хүрэлийн ч ая тавыг хангаж чаддаг авьяаслаг хүмүүс бас байнаа. Дотносож урвах нь дов тойрох дайны хурдан ийм хүмүүс бол манай нийтийн зан суртахууны шалгуураар аятайхны дээд аятайхан хүмүүс юм. Зарим нь тэднийгээ аль ч төрд нүүртэй, жинхэнэ төрийн хар хүн энэ тэр гэж магтдаг юм билээ.

Жишээ нь онгоцонд өгзөг базсан, нууц казино ажиллуулдаг, эрүүгийн хэргээр ял эдэлсэн гэх мэт нийгмийн шударга ёсны хүлээлтэнд яавч тэнцэхгүй атлаа даргын суудлаас буудаггүй хүмүүс байдаг. Өдий болтол эрх мэдлээс салахгүй, олон төрийн нүүр үзэж яваагийн нууц бол тэдний аятайхан байсанд байгаа юм.

Аятайхан даргын шалгуур бол ажилтнууддаа хайртай, алдаа гаргасан ч хаацайлдаг, ялих ялихгүй юмаар хариуцлага тооцож тамалдаггүй, боломж гарвал цалин, хангамжийг нэмэгдүүлж байдаг. Тансаг тавилга, үнэтэй эд хогшилд гар татдаггүй ажиллах орчныг нь тогтмол сайжруулж, төрийн албыг өдөр өнжүүлэх шиг тухтай байлгаж чаддаг зэрэг болно. Эргэн тойрондоо хаялагтай, эхэс дээдэстээ өргөл барьцаа тоо ёсоор тушаадаг гээд цааш дурдаж бас болно. Ийм дарга нар очсон газраа тойрон хүрээлэгчид л цуглуулахаас өв бий болгодоггүй. Тойрон хүрээлэгчдийн амны хишгээр хүний хайлан болсон мань даргын талаар сайн мессеж дээд удирдлагуудад хүрэх учраас албан тушаалаас буухгүй.

Эсрэгээрээ хууль, дүрэм ярьдаг, зарчим барьж хариуцлага тооцдог, төрийн мөнгөнд харам, эрх мэдлээр бүлэглэж ашиг олз олохын оронд нээлттэй шударга болгох гэж оролддог. Дээрээс хууль зөрчихийг шаардвал хуц гээд хэлчихдэг. Асуудлыг аргацаах гэж биш шийдэх гэж явдаг. Өндөр мэдлэг, боловсролтой, тэр хэмжээндээ бардам хүмүүс бий. Аятайхан бус ийм дарга нар улс төрд хол карьер туулахгүй. Тууллаа гэхэд цөхөрч, ганцаардтал нь буланд шахна. Мэдлэг хүнд гуниг зовлон л нэмдэг гэж тэрдээ мянганы өмнө Сулеймун хаан хэлжээ. Ай мөн уйтай.

Ер нь хаа газар үг дуу цөөтэй, даргын үгэнд оромтгой хүмүүс л улирах цагийн эрхээр туршлагатай, аятайхан гэж тодорхойлогдон залгамж халаа болж байна. Ерөнхийдөө аймхай, наалинхай ийм хүмүүс эрх мэдэлд хүрэхээрээ харин ч харгис ая тав зохиогч болцгооно доо. Үеийнхэн нь доожоогүйг нь гайхдаг бол дарга нар аятайхныг биширнэ. Эхнээсээ нэр сураггүй ийм залуусаас гишүүн мишүүн болчихсон тууж л яваа. Мэдлэг, итгэл үнэмшил гээч юмгүй учраас тэр орон зайд нь даргадаа үнэнч зан хэдийн заларсан сохроор дагагсад.

Төрөлтнийхөө хувьд хүн танин мэдэхүйн хойноос уйгагүй явсаар бусад амьтдаас ялгарч хорвоог эрхшээсэн. Танин мэдэхгүй гэдэг тогтсон бүхнийг сөрөх, бодох, хариу үзүүлэхийг шаардана. Сохроор дагагсад хэзээ ч амьдраагүй мэт мартагдсаар ирсэн бол мэдлэгийг анх тодорхойлогч агуу сэтгэгчид өнөөдөр ч амьд мэт дурсагдсаар байдаг. Гэтэл манай нийгэм аливааг шинээр авч үзэх, мэтгэх, тогтсон хэв ёсыг өөрчлөхөд туйлаас дайсагнах болж, гагцхүү сохроор дагаж аятайхан байхыг тулгах болжээ. Мэдлэгт тэмүүлэгч, зарчим баригч нэгнийгээ хэнхэг сэнтэгээр нь дуудна. Ном эрдмийн хорхойг цагаан солио гэнэ.

Угтаа бол аятайхан байх гэдэг тийм муу зүйл ч бас биш. Мөрөөрөө аятайхан явна гэдэг сайхан. Харин аятайхан дүр эсгэгчид л хамгийн хортой. Багадаа дээрэлхүүлж, гадуурхагдаж дарамт хавчлаганд явсан даруу ноомой хүмүүс амьдралын шахалтаар аятайхан явсан болохоос мөн чанартаа тийм гэсэн үг биш. Манай нийгэм үнэндээ тийм дүр эсгэсэн аятайханчуудаар л дүүрчихээд байна.

Шударга зан гэдэг бас тийм ч сайхан зүйл биш. Үнэн гэдэг ихэнхдээ хатуу, хүний сонсохыг хүсээгүй зүйлс байдаг. Зарчим, итгэл үнэмшил гэдэг үг нь сайхан боловч амьдрал дээр мөрдөж барихад асар хэцүү юм шүү дээ. Дэргэдэх нөхөр нь хулгай хийхэд нөхөрлөлөө бодоод алдааг нь хаацайлах уу? шударга зарчмаа барьж нөхөрлөхөө болих уу?

Бидний хэлэх дуртай шударга, зарчим, итгэл үнэмшил, үнэн гэх мэт үгс өнөөгийн нийгэмд ялагдсаар байна. Эсрэгээрээ “аятайхан” хэмээх барьцгүй үнэлэмж амжилтын замыг тодорхойлох болж. Хүмүүжлийн суурь ч “зөв хүн”-ээс “сэргэлэн хүн”-рүү шилжиж байна. Шударга бус нийгмийн тодорхойлолтыг маш энгийнээр “Сэргэлэн зальтай хүмүүс л сайхан амьдардаг” гэх юм билээ. Гэвч “шударга” нь нийтийн үнэлэмжээр тийм ч зөв сайн зүйл биш болох нь тогтоодохын хэрээр амьдралд няцаагдаж байгаа нь харамсалтай. Ерөөс хүний нийгмийн үнэлэмж, ойлголтууд өөрчлөгдөж байгаа буцаж эргэхгүй жам ёсных болжээ. Бид цаашдаа хэн нэгнийг шударга байхыг шаардах улам л хэцүү болно. Чухамхүү ийм орон зайд аятайхнуудын чимээгүй эрхшээл нийгмийг хэв суурийг эзэлсээр байна.

Г.Мөнхсүх

МУГТ Ц.Раднаа мастеруудын ДАШТ-ээс зургаан алтан медаль хүртэж, зарим рекордуудыг шинэчиллээ
МУГТ Ц.Раднаа мастеруудын ДАШТ-ээс зургаан алтан медаль хүртэж, зарим рекордуудыг шинэчиллээ
 
Шинэ тойрог замыг барьснаар түгжрэл 40 гаруй хувиар буурна гэв
Шинэ тойрог замыг барьснаар түгжрэл 40 гаруй хувиар буурна гэв
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!