
"Төгрөг нуурын орд" гэх дуулиан өнөөдөр өндрийг авна. Х.Баттулгатай хамааралтай гэж өнгөрсөн долоо хоногт олон нийтийн анхаарлын төвд орж ирсэн уг ордын дуулиан шинэ зүйл биш. Гэхдээ эрх мэдэлтнүүдийн зүгээс мэддэг байсан асуудлыг энэ удаагийнх шиг гаргаж тавихгүй явж ирсэнд л ач холбогдол нь байгаа юм.
Яахав, энэ удаад ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг аль хүртэл явахыг нь олон нийт, ялангуяа улс төрийн хүрээнийхэн анхааралтай ажиглаж байна. Харин нөгөө талд нь Хонконгийн хөрөнгийн бирж, оффшор бүсүүдээр дамжиж зарагдсан гэх "Төгрөг нуурын орд"-ын үнэн учир иргэдийн сонирхлыг ихээхэн татаж буй юм. Өөрөөр хэлбэл, энэ ордыг үнэхээр лицензийн 20 хувийг эзэмшиж байсан Л.Дүгэржав агсны охины хэлсэн шиг өөрсдийнх нь зөвшөөрөлгүй зарсан уу. Оффшороор дамжуулж мөнгө угааж, татвараас нуугдсан байж болох гэмт хэрэгтэй Х.Баттулгыг сэжиглэж шалгах уу. CAMEX гэх тус компаниар дамжсан "Төгрөг нуурын орд"-од экс Ерөнхийлөгч, одоогийн УИХ-ын гишүүн Х.Баттулга хамааралтай юу гэх зэрэг олон чухал асуултууд бидний өмнө байна.
Өнгөрсөн долоо хоногоос эхлээд энэ ордын асуудал сөхөгдөхөд Х.Баттулгын ойрын хүмүүс болох Л.Мөнхбаясгалан тэргүүтэй хүмүүс бүгд л "Энэ ордтой холбоогүй" гэж байсан. Түүний охин Б.Намуун хүртэл "Холбоогүй нь тогтоогдсон" гэх байр суурийг өөрийн сошиал хуудсуудаараа дамжуулан хүргэж байв. Хамгийн УИХ-ын гишүүн Х.Баттулга ч гэсэн "Төгрөг нуурын ордыг минийх гэдгийг нотлох юм бол би 100 хувь өгье" гэсэн юм. Өөрөөр хэлбэл, ЗГХЭГ-ын хэлснийг УИХ-ын гишүүн Х.Баттулга хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн үг юм.
Тэгвэл энэ бүх дуулиан дундуур нэгэн сонирхолтой байр суурь орж ирсэн нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувийн хуульч, өмгөөлөгч Д.Пүрэвбаатар нэгэн хачирхалтай мэдэгдлийг сошиал хуудсаараа дамжуулан илэрхийлэв. Тодруулбал, Д.Пүрэвбаатар өмгөөлөгч "Төгрөг нуурын орд"-ыг Х.Баттулгынх гэдгийг нотолсон зүйлийг өгүүлсэн юм. Тэрбээр, "Төгрөг нуурын нүүрсний ордын илэрцтэй холбоотой судалгаа эрдэм шинжилгээ ажил хийж түүгээрээ докторын зэрэг хамгаалсан Л.Дүгэржав тухайн үед ХХААЯ-ны газрын дарга байсан Б.Билэгт, Пума хонгор гэж морио уралдуулж нэр цуутай уяач гэгдсэн Ц.Гантөмөр нарын хамт 2006 оны хавар Х.Баттулгатай уулзан Төгрөг нуурын сав газрын өөрийн эзэмшлийн 20 хувь болох 76.2 сая тн нөөц бүхий хэсгээ худалдан авахыг санал болгосон байдаг. Л.Дүгэржав туйл судлаач бөгөөд тэр үеийн Чингис банканд аяллын зардал гэж авсан зээлийн өрийг дарах 150 сая төгрөгөө төлж чадахгүй хүнд байдалд байж...
Camex ХХК-г Х.Баттулга 90 хувь, МоАХ-ны анхдагч ард хэмээх Батсүх 10 хувь тус тус эзэмшлээ Улсын бүртгэлд 2006 оны 4 сард бүртгүүлсэн ба дээрхи шилжин ирсэн лиценз бүхий компанийг Я.Батсүх хариуцан ажиллаж Х.Баттулга 2007 оны 4 сараас улс төрд орсон гэсэн шалтгаанаар гарч явснаар түүний оролцоо дууссан байдаг" гэв.
Өөрөөр хэлбэл, Х.Баттулга гишүүний өмгөөлөгч нь "Төгрөг нуурын орд"-ын лицензийг худалдаж авах санал Х.Баттулгад ирж байсныг, ордыг зарсан гэх CAMEX компанийн 90 хувийг Х.Баттулга эзэмшиж байсан болохыг мэдэгдлээрээ илчлэв. Түүгээр ч зогсохгүй лиценз шилжиж ирээд CAMEX дээр байсан бөгөөд "ард" гэгдэх Я.Батсүх хариуцаж ажиллаж байхад нэг жилийн дараа нь Х.Баттулга улс төрд орох шалтгаанаар CAMEX болон ордын асуудлаас нэрээ хасуулсан гэжээ.
Хуульч, өмгөөлөгч Д.Пүрэвбаатар бол асуудлыг хамгийн сайн мэдэж байгаа хүн. Маш удаан жил Х.Баттулга гишүүнд хуулийн зөвлөгөө үзүүлж буй юм. Тиймээс түүний үгэнд эргэлзэх нь юу л бол. Өөрөө ч хангалттай баримт бий гэдгээ бичсэн байна лээ.
Тиймээс ямар ч байсан "Төгрөг нуурын орд" гэх дуулиант ордтой Х.Баттулга гишүүнийг анхнаасаа холбоотой байсныг бид мэдлээ. Мөн CAMEX гэх компанитай хамааралтай байсныг ч мөн адил мэдлээ. Хамааралтай байх байхдаа бүр 90 хувь нь Х.Баттулга гишүүнд хамааралтай байжээ. Одоо харин мөнгө угаасан уу, дээрэм болсон уу, татвараас зугтсан уу гэх зэрэг олон асуултыг хариултыг хуулийнхан шалгаж олон нийтэд үнэн зөвийг үзүүлэн шүүхээр оруулах шаардлагатай байна.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!