Яг одоо таны гар утсанд хэдэн аппликэйшн байна вэ?. Тэр бүхний тоогоор та хуулиар хамгаалагдсан хувийн мэдээллээ цацаж байгаа гэдгээ мэдэх үү? Эдгээр мэдээллүүдийг ашиглаад таны банкны дансанд нэвтрэхээс эхлээд олон янзын цахим гэмт хэрэг үйлдэх боломжтой байна. Тийм ч учраас 2022 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль мөрдөгдөж эхэлсэн. Харамсалтай нь гар утасны наад захын тоглоомын аппликэйшн л таны хувийн мэдээллүүдийг авч байж үйлчилгээ үзүүлдэг байдал нь өөрчлөгдөөгүй.
Үйлчилгээ авахын тулд хувийн мэдээллээ өгөхөөс өөр сонголтгүй
Хүний хувийн мэдээлэл гэдэгт таны овог нэр, хаяг байршил, регистрийн дугаар, хөрөнгө, боловсрол, гар утасны дугаар, цахим хаяг тэр бүү хэл таны төрсөн он сар өдөр хүртэл багтдаг. Дээр нь нэмээд бие мах бодийн давхцахгүй өгөгдөл буюу нүүр царай, хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч багтана. Эдгээр мэдээллүүдийг хуулиар хамгаалсаар байтал бид онлайн худалдан авалт хийх, гар утасны аппликэйшн хэрэглэхдээ хувийн мэдээлллээ ямар ч шүүлтүүргүйгээр цацдаг. Мэдээллээ өгөхгүй бол үйлчилгээ авах эрхгүй учраас хувийн мэдээллээ өгөхөөс өөр сонголт угаасаа байхгүй. Иргэдийн дунд өргөн хэрэглэгддэг toki аппликэйшн л гэхэд таны гар утасны дугаараас эхлээд бүр нүүр царайг хүртэл таниулдаг. Онлайн дэлгүүрүүд захиалга авахдаа гар утасны дугаараа үлдээхийг шаардаж байгаа нь ч гэсэн таны хувийн мэдээллийг хууль бусаар авч байгаа хэрэг. Мэдээж таны мэдээлэл хуулиар хамгаалагдсан учраас өгөхгүй байх эрхтэй. Гэхдээ мэдээллээ өгөхгүй бол үйлчилгээ авах боломжгүй. Шулуухан хэлэхэд энэ бол та бидний хуулиар хамгаалагдсан хувийн мэдээллийг боловсон байдлаар хулгайлж байгаа хэрэг юм. Хууль байгаа хэдий ч хэрэгжилт байхгүй гэсэн үг. Тийм ч учраас ХЭҮК Хүний хувийн нууцыг хамгаалах тухай хуульд “муу дүн тавьсан” дүгнэлтийг гаргажээ.
“Банк хүртэл үйлчлүүлэгчийнхээ хувийн мэдээллийг хууль бусаар ашигласан”
ХЭҮК-т ирсэн хувь хүний нууцыг хууль бусаар ашигласантай холбоотой багагүй гомдол санал ирсний дотор банк үйлчлүүлэгчийнхээ хувийн мэдээллийг хууль бусаар ашигласан тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн нэгэн ББСБ үйлчлүүлэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан сүрдүүлсэн тухай гомдол хүртэл байгаа тухай ХЭҮК-ийн Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн референт Л.Болдхүү мэдээлсэн.
Иргэд банканд ямар ч эргэлзээгүйгээр итгэж, хувийн бүх мэдээллээ өгдөг. Гэтэл хамгийн их итгэл хүлээлгэсэн, иргэний хувийн мэдээллийг хамгийн ихээр цуглуулдаг банк ийм үйлдэл гаргахаар бусад гар утасны аппликэйшнд итгэж хувийн мэдээллээ өгөх нь зөв үү гэдгийг бодох асуудал юм.
Хувийн нууцыг хамгаалах тухай хуулийн хийдэл
Хүний хувийн нууцыг хамгаалах тухай хууль мөрдөгдөж эхлээд 3 жил болсон. Хуультай хэдий ч хувийн мэдээллийг хуульчлаагүй байх үеийн нөхцөл байдал яг л хэвээрээ. Тийм ч учраас ХЭҮК Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд “муу дүн” тавьжээ.
Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн талаарх ХЭҮК-ийн дүгнэлтэд:
-
- Бодлогын яаманд нь асуудал хариуцсан бүтэцгүй, хуулийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх тогтолцоо бүрдээгүй
- Технологийн хөгжлийн явцад шинэ тутам үүсэж буй хүний эрхийн асуудлуудыг тооцоогүйгээс зорилгодоо хүрээгүй
- ХХМХтХ-ийн /Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль/ хэрэгжилт хангалтгүй гэсэн байна.
- Хүний эрхийн нөлөөллийн үнэлгээний үнэн бодит байдалд хяналт, шалгалт хийх эрх бүхийн этгээд тодорхой бус тул ХЭҮК технологийг ашиглуулахгүй байх шийдвэрийг гаргах бүрэн эрхтэй этгээд мөн эсэх, эсхүл хэлбэрийн төдий зөвлөмж өгч, технологийн шаардлагыг хангахгүй байсан ч ашиглахыг зөвшөөрөх эсэх тодорхойгүй гэжээ.
Хувийн мэдээллийг хамгаалах хууль нь ийм хангалтгүй байгаа нөхцөлд иргэд өөрсдөө л хариуцлагатай байж, эрсдэлээс өөрийгөө хамгаалахаас сонголтгүй. Тиймээс цахим орчинд хувийн мэдээллээ өгдөг байдлыг байх ёстой зүйл мэтээр хүлээж авахаа больж, хаа хаанаа хянамгай, шүүлтүүртэй хандах шаардлагатай юм. Нөгөө талдаа иргэний хувийн мэдээллийг авч буй аппликэйшнуудад хяналт тавьж, цэгцлэхгүй бол цахим гэмт хэргийн хохирогч шил дараалан гарсаан байх нь дамжиггүй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!