Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих “Бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээний машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл” болон “Агаарын бохирдол хэмжих төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн солилцох ноот бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Япон Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад хэргийн сайд Т.Иваяа нар 2025 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Токио хотноо гарын үсэг зурлаа.
Эдгээр төслүүдийн хүрээнд Япон Улсаас манай улсад 270 сая иений үнийн дүн бүхий ус зайлуулах шугам, хоолойг цэвэрлэх, үзлэг хийх ажлыг сайжруулах тоног төхөөрөмж, 275 сая иений үнийн дүн бүхий агаарын бохирдлын хэмжилт хийх станцууд, зуух болон боловсруулсан нүүрс, коксын ялгаруулалтын хийг хянах хэмжилтийн тоног төхөөрөмжийг нийлүүлнэ.
Япон Улсын буцалтгүй тусламж “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтээр хэрэгжих дээрх төслүүд нь хот суурин газрын агаарын бохирдлыг хянах, бохир усны шугамын засвар үйлчилгээ, шинэчлэлийг хийхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!