Өнгөрөгч баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсан билээ. Хуулийн өөрчлөлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдалтай ярилцлаа.
"Байгалийн баялаг бүхий стратегийн ордоос нэг компани биш нийт Монголчууд хувь эзэмших нөхцөл бүрдсэн"
-УИХ Баялгийн сангийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталлаа. Энэ удаад хуульд орсон гол өөрчлөлт нь юу байв?
-Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Хуримтлалын сангуудад уул уурхайн баялгийн бодит үр өгөөжийг тэгш хуваарилах тухай зохицуулалтыг хийж буй юм.
Өмнө нь батлагдсан хуульд Ирээдүй өв санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилсны дараа үлдэх хэсгийн 65 хувийг, харин Хуримтлалын санд уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын бүх төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн нийт хувьцааны 34 хүртэлх хувьцаанд ногдох ногдол ашгийг төвлөрүүлэхээр болсон байдаг.
Гэвч дээрх хуулийг хэрэгжүүлэхэд АМНАТ-ийн тухай хуулийн болоод Цөмийн энергийн тухай хуулийн зарим зүйл заалтыг Үндсэн хуулийн 6.2-т нийцүүлэх шаардлага үүссэн учраас дээрх хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ баталлаа.
Хууль батлагдсанаар Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон Цөмийн энергийн тухай хуулийн 20.5-д заасан цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр, Цөмийн энергийн тухай хуулийн 5.5-д заасан төрийн эзэмшлийн хувь хэмжээг бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг хувилбараар орлуулснаас бий болсон татварын бус орлогыг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр болж байна.
-Стратегийн ач холбогдол бүхий ордуудаас төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг мөн баталлаа. ЗГ-аас стратегийн ордууд эзэмшиж буй хувийн хэвшлүүдтэй хэлэлцээр хийх ажил үргэлжилж байна. Тогтоолын төсөл батлагдсанаар давуу тал нь юу байх вэ?
-Баялгийн сангийн нэг гол сан нь Хуримтлалын сан юм. Энэ сангаар дамжиж, иргэдийн дансанд хуримтлагдсан хөрөнгө боловсрол, эрүүл мэнд, орон сууц зэрэг иргэдийн амьдралд хамгийн их хэрэгтэй зүйлсэд зарцуулагдахаар зохицуулсан. Санг мөнгөжүүлэх гол эх үүсвэр нь стратегийн ач холбогдол бүхий ордуудаас төрийн эзэмшил бүхий ногдол ашгаас 34 хүртэлх хувь нь хуримтлалын санд төвлөрөх юм.
УИХ-ын тогтоолын нэгдүгээр хавсралтаар анх 17 ордыг стратегийн орд гэж үзсэн байдаг. Тэдгээрээс 7 ордоос бусдыг нь тухайн үед хувийн хэвшилд давуу байдал бий болгоод өгчихсөн нь хамгийн том алдаа байсан гэж үздэг. Үүнээс үүдэж сүүлийн 20 жил байгалийн баялгийг цөөн хэдэн эрх мэдэлтнүүдийн дундын өмч болж, баялгийн шударга бус хуваарилалт бий болсон нь нууц биш.
Энэ алдааг өнөөдөр бид Баялгийн сангийн хуульд өөрчлөлт оруулснаар засаж байна. Нэг том алхам нь стратегийн ордуудаас хувьдаа ашиг олж ирсэн компаниудтай төр хэлэлцээр хийж, Үндсэн хуульд заасан төрийн, нийтийн байх өмчийг эргүүлж тодорхой хувийг нь авъя л гэж байгаа юм. Энэ ч утгаараа Засгийн газраас Н.Учрал сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч эхнээсээ хувийн хэвшлүүдтэй хэлэлцээр хийхээр тохиролцож байгаа нь сайшаалтай хэрэг.
"Ачит Ихт" ХХК улсад 2.5 хувийн АМНАТ төлөх тохируулгыг хуульд тусгуулсан байдаг"
-Сүүлийн үед “Ачит Ихт” ХХК-ийн эзэмшиж буй Эрдэнэтийн ислийн хүдрийн үүсмэл ордоос төрийн эзэмшлийн хувийг тогтоох, АМНАТ-ийн хувийг эргэж харах хэлэлцээрийн асуудал яригдах боллоо. Нэг талаас үүсмэл ордыг стратегийн орд гэж үзэх боломжгүй буюу төр эрх мэдлээр далайлгаж дээрмийн аргаар хувийн хэвшлийг шахаж эхэллээ гэх шүүмжлэл ч багагүй явж байна. Үүнийг юу гэж харж байгаа вэ?
-“Ачит Ихт” ХХК-ийн эзэмшээд байгаа орд бол уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс гаралтай үүсмэл орд. Эрдэнэт үйлдвэр өөрөө стратегийн ач холбогдол бүхий хосгүй орд. Сүүлийн 40 жил л Монгол Улсын гол саалийн үнээ болж ирсэн. Өнөөдөр 3.5 сая Монголчууд тус үйлдвэрээс тодорхой хэмжээний ашиг хүртэж байна.
Энгийн жишээгээр тайлбарлахад, нэг л нүхнээс гарч байгаа хоёр төрлийн хүдрийн нэг нь зэсийн агууламж өндөр учраас уусган баяжуулах аргаар гаргаж авсан хэсэгт Эрдэнэт үйлдвэр 18-19 хувийн АМНАТ улсад төлж байгаа. Гэтэл зэсийн агууламж багатай исэлдсэн хүдрийг гаргаж авчхаад “Ачит Ихт” компани улсад ердөө 2.5 хувийн нь АМНАТ төлж ирсэн.
2016 онд хуульд өөрчлөлт оруулахдаа үүнийг үүсмэл орд гэж нэрлээд АМНАТ-ийг нь 2.5 хувь байна гээд тогтоогоод өгчихсөн юм билээ. Энэ бол тухайн үеийн хууль доорх хулгай. “Ачит Ихт” ХХК тухайн үед өөртөө зориулж 2.5 хувийн АМНАТ хуульд шургуулж оруулсан л гэсэн үг.
Одоо тогтолцооны өөрчлөлтөөр байгуулагдсан шинэ УИХ хэн нэгэнд зориулсан хууль гаргадаг, хэн нэгний эрх ашгийг хангаж, хэдэн хүнд давуу байдал бий болгодог тогтоол гаргахгүй байх гэж найдаж байна.
Учир нь бид дараагийн 10-20 жил уул уурхайн ашигт малтмалаас хараат байсаар л байна. Гэтэл өнөөдөр л бид энэ алдааг засаж, нийтээрээ баялагтаа эзэн болохгүй бол улс орны хөгжил, ард түмний амьдрал жилээс жилд улам дордсоор л байх болно. Тиймээс бидний хийж чадсан нэг том алхам нь Баялгийн сангийн хууль, түүгээр дамжуулж стратегийн орд газруудаас төрийн эзэмшлийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох, АМНАТ-ийн алдаатай заалтыг засаж хувь хэмжээг нэмэгдүүлэх байлаа.
Нөгөө талаас улсын эдийн засгийн хувьд авч үзвэл 2023 онд нэг хүнд ногдох ДНБ 6000 орчим ам.доллар байсан. Энэ оны сүүлчээр гэхэд 6500-6700 ам.доллар болж өсөх болов уу гэсэн хүлээлттэй байна. Бидний өнөөдөр тулгамдаад байгаа агаарын бохирдол, Улаанбаатар хотын түгжрэл, эрчим хүчний дутагдал, хөгжлийн асуудлууд шийдэлгүйдээ биш ердөө л мөнгөгүйд байгаа юм. Хэрэв эдийн засаг тэлж, нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрч чадвал бид асуудлуудаа шийдэж чадна.
-“Ачит Ихт” ХХК-тай хэлэлцээр хийхэд АМНАТ-ийн хууль саад болж байна гэсэн үг үү?
-Хачирхалтай нь төр, Ачит Ихт компани хоёр тохиролцож чадалгүй өдийг хүрсэн гэхээр цаанаа эрх ашгийн том асуудал бий гэж хэлж болохоор. Нэг зүйл маш тодорхой. Эрдэнэтийн овоолгыг ашиглаж байгаа шүү дээ. Гэтэл Эрдэнэт үйлдвэртээ роялти гээд хоёрхон хувийг л төлдөг. АМНАТ-өөрөө бол Эрдэнэт үйлдвэр багадаа 34 хувийг эзэмших ёстой атал хоёр хувийг орлуулсан байдлаар өнөөдрийг хүртэл төлж ирсэн байна.
Улсад төлж байгаа АМНАТ, Эрдэнэт үйлдвэртээ төлж буй хувийг бүхэлд нь авч үзвэл тус компани 4.5 хувийн л төлбөр төлж байна. Шударга бусаар ашиг олж байгаа сонгодог жишээ Ачит Ихт компанид байна.
Тиймээс хэлэлцээр хийх ажлын хэсгийн ахлагч ЗГХЭГ-ын дарга Н.Учрал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахдаа Ачит Ихт компанитай хэлэлцээрийн ширээний ард суухдаа мэргэжлийн эдийн засагч, шинжээчдийн багийг авч ордын нөөцийг бодитоор тогтоолгож, бодит үнэлгээнд тулгуурласан хэлэлцээрийг хийнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ бол маш чухал ажил гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй.
-Стратегийн ордуудаас төрд ногдох ногдол ашгийн тодорхой хувь нь хуримтлалын сангаар дамжуулан иргэдэд хүртээхээр болсон. Нэгэнт сангийн хуримтлал мөнгөжөөд ирэхээр зарцуулалт нь хэзээнээс бодит болох вэ гэдэг асуултыг иргэд маш их тавьдаг?
- Үндэсний баялгийн сангийн хууль батлагдаад 6 сар л болж байна. Хуримтлалын санд төвлөрсөн мөнгийг иргэд хэзээнээс хэрхэн зарцуулах тухай асуудал Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд эд судлагдаад концепц нь гарч байгаа байх. Мэдээж зарцуулах чиглэлийг нь хуульд маш тодорхой заасан байгаа. Ямартай ч Хуримтлалын сангаас 2024 онд 480 орчим тэрбум төгрөг ипотекийн санхүүжилт болж, иргэдэд хүрсэн байдаг.
Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!