СУРВАЛЖИЛГА : “Эмээлт“-ийн 800 гаруй хүүхэд сургуульгүй учраас зургаан жилийн турш өдөр бүр 20-30 км зам туулж, Таван шарын сургуульд сурч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
15 минут 44 секунд

Б.Ичинхорлоо гуай Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Эмээлт орчимд амьдардаг. Түүний зээ охин нь гуравдугаар ангид суралцдаг бөгөөд Б.Ичинхорлоо гуай өглөө бүр 20 км зам туулж зээ охиноо таван шарын "Энхжин" худалдааны төвийн урд байрлах Баянгол дүүргийн 19 дүгээр сургуульд хүргэж өгдөг. Тэрбээр хөл муутай ч гэсэн зээ охиныхоо хичээлийг ганц өдөр ч таслуулж байгаагүй гэнэ. Өглөө 05:20 цагт босож гэрээ галлаад зээ охиноо 06:00 цагт сэрээж, үс гэзгийг нь самнаж цайг нь уулгаад аваад гардаг аж. Гэрээс нь автобусны буудал нэг км-ийн зайтай учраас хөгшин, бага хоёр алхсаар 06:40 гэхэд автобусны буудал дээр очдог байна. Удаан хүлээсний эцэст хүйтэн жавартай автобусанд сууснаар тэдний өглөө ингэж эхэлдэг бөгөөд сурагчдын автобусанд хүүхэд ихтэй учраас багтдаггүй гэв.

Түүний зээ охиныг А гэдэг. Есөн настай. Түүний хувьд өглөө бүр эрт босоод өдөр тараад түгжрэлд явсаар маш их ядардаг гэдгийг бидэнд ярьж байлаа. Тэрбээр "Манай ангид Эмээлтийн дөрвөн хүүхэд суралцдаг. Бусад нь сургуультайгаа ойрхон амьдардаг хүүхдүүд. Тэдний гэр нь ойрхон учраас тоглох цаг зөндөө гардаг байх. Харин би сургуульдаа ирж, очих гэж хамгийн багадаа 3-4 цаг зарцуулдаг. Заримдаа харих гэж автобусанд гурван цаг түгжирдэг. Хааяа нойр хүрээд унтчихдаг. Буух дөхөхөөр эмээ маань сэрээдэг. Хичээлээ тасалвал багш улирааж хоёрдугаар ангид оруулна гэсэн учраас би хичээлээ таслахгүйг хичээдэг. Цас ороод зам эвгүй болчихоор эмээ хойш суух гээд байдаг талтай. Би тэгэхээр нь зөрдүүдэлсээр байгаад эмээгээгээрээ хичээлдээ хүргүүлдэг. Шинэ сургууль манай гэрээс 700 метрийн цаана байдаг. Энэ сургууль ашиглалтад орвол үнэхээр сайхан даа. Өглөө эрт босохгүй. Гэрээсээ 07:40 гээд гарахад л болох байх" гэлээ.

Хамгийн харамсалтай нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд улсын нэг ч сургууль байхгүй. Энэ хороонд шинэ сургууль барих шавыг аль 2018 оны дөрөвдүгээр сард тавьсан ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй. "Бухын дордохыг харж үнэг турж үхнэ гэгчээр" эмээлтийнхэн ч сүүлдээ итгэл алдарчээ.

Б.Ичинхорлоо гуай үргэлжлүүлэн "Зээ охины маань сургууль 20 км-ийн зайтай учраас өглөө эрт 06:00 цагт босож, 20:00 цагт унтдаг. 20:00 цагт унтуулахгүй л бол өглөө босож чаддаггүй. Өглөө хичээлдээ явахад нэг цаг, өдөр ирэхдээ хоёр цаг зарцуулдаг. Гэртээ ирээд хичээлээ хийчхээд л унтаад өгдөг. Хүүхэд гэлтгүй их ядардаг байх л даа хөөрхий минь. Уг нь сургууль нь ойрхон байсан бол зээ охиноо секц дугуйланд явуулаад хөгжүүлэх юмсан гэж боддог л юм. Гэхдээ одоо бол үнэндээ өглөө хүргэж өгч авахаас өөр юм бодогдохгүй байна. Аль зургаан жилийн өмнө энд нүүж ирэхэд л сургуулийн шавыг тавьж байлаа. Гэсэн ч өнөөдрийг хүртэл хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байна" гэдгийг онцлов.

ЭМГЭНЭЛ: 800 гаруй хүүхэд өдөр бүр хүссэн, хүсээгүй 20-30 гаруй км зам туулж сургуульдаа явахаас өөр сонголт алга

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны үндсэн оршин суугч нь 5626, түр оршин суугч нь 2000 орчим бий. Үндсэн оршин суугчдаас сургуулийн насны 920 гаруй хүүхэд байгаа бөгөөд 800 гаруй хүүхэд нь Энхжин худалдааны төвийн урд байрлах Баянгол дүүргийн 19 дүгээр сургуульд суралцаж байна. Үлдсэн хүүхдүүд нь Таван шарын 12 дугаар сургууль болон Тахилтын 122 дугаар сургуульд суралцдаг.

Тэд 20-30 км зам туулж хичээлдээ явж байна. Тухайлбал, 08:00 цагаас хичээлтэй хүүхдүүд гэрээсээ 06:00 цагт гарч байж 06:45-аас хөдөлдөг сурагчдын эхний автобусанд амждаг. Сургууль нь ганц автобустай учраас багтахгүй үлдэх үе ч гарна. Тиймээс энэ хорооны сургуулийн насны 800 гаруй хүүхэд өдөр бүр хүссэн, хүсээгүй 20-30 гаруй км зам туулж нийтийн тээврийн автобусаар сургуульдаа явахаас өөр сонголт алга. Хүйтэнд даарах, нохой, шувуунд хөөгдөх зэрэг тэдэнд олон зовлон их бий. Эмээлт орчимд үйлдвэр ихтэй учраас мал амьтны хүүр, сэг, зэмийг дагаад золбин ноход ч ихэсжээ. Энэ нь томчуудын толгойны өвчин болсон учраас хүүхдүүдээ машинаар тосцгоодог болсон гэв.

Барилгын ажил удаашрахад цар тахлаас үүдсэн барилгын матералын үнэ өссөн нь нөлөөлжээ

Ашиглалтад орох гэж зургаан жил дуншиж байгаа 640 хүүхдийн багтаамжтай уг сургуулийн тендерт “Фүжи- Алтай” констракшн ХХК шалгарч байв. Сургуулийн нийт өртөг нь 5 тэрбум 51 сая төгрөг. Улмаар 2018 оны дөрөвдүгээр сард шавыг нь тавьсан ч 2018 оны арванхоёрдугаар сард гэрээгээ байгуулж, 2019 онд барилгын ажил эхэлжээ. Гэвч 2020 онд цар тахал гарч, барилгын ажил зогсож 2021 он хүртэл ажил хийгдээгүй байна.

“Фүжи- Алтай” констракшн ХХК-ийн зураг төсөл нь 2017 оных байсан учраас 2022 онд ажил эхлэх гэтэл цар тахлаас үүдэн барилгын материалын үнэ өссөн нь сургуулийн барилгын ажил зогсоход нөлөөлжээ. Тиймээс Боловсролын Ерөнхий газрын хөрөнгө оруулалтын хэрэгжилт, зохицуулалтын газраас шаардлагатай 600 сая төгрөгийг нэмж шийдвэрлэжээ.

Тухайн үед цар тахлаас үүдэн барилгын материалын үнэд өөрчлөлт орсон учраас УИХ-ын 88 дугаар тогтоол гарч Барилга, хот байгуулалтын сайдын 75 дугаар тушаалаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн барилгын материалын үнийн өөрчлөлтийг тооцох түр журам гаргасан.

Гэвч “Фүжи- Алтай” констракшн ХХК дээрх материалын үнийн индексийн зөрүүнд хамрагдаж чадаагүй байна.

Ажил урагшлахгүй ийнхүү гацсаар 2024 оны наймдугаар сарын 1-ээс улсын төсвөөр баригдаж байсан дээрх сургууль нийслэлийн төсөв рүү шилжжээ. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас “Фүжи- Алтай” констракшн ХХК-ийн гэрээг нь цуцалж дахин 603 сая төгрөгийн тендер зарласан ч өнөөдрийг хүртэл уг тендерийг сонирхсон компани орж ирээгүй байна.

Боловсролын яаман дээр сургуулийн гүйцэтгэл нь 95 хувьтай гарчээ

Өнөөдрийн байдлаар гурван давхар сургууль баригдсан бөгөөд дотор засал болон гадна фасадны ажил дутуу. Тог цахилгаан, халуун дулаан нь шийдэгдчихсэн. 2023 онд Боловсролын яаман дээр сургуулийн гүйцэтгэл нь 95 хувьтай гарчээ.

Нөгөө талдаа сургуулийн байршил нь өөрөө асуудалтай. Учир нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо нь хуучин 22-ын товчооноос Монгол наадам хүртэл үргэлжилдэг. Харин сургууль эмээлтийн хурганы сангийн аж ахуйн тэр хавьд баригджээ. Хэзээ нэгэн цагт шинэ сургууль ашиглалтад орлоо гэхэд хорооны ойролцоо амьдардаг хүүхдүүд 12 км явж байж сургуульдаа очно гэсэн үг. Тэгэхээр хот руу сургуульдаа явснаас ялгаагүй зүйл болчхоод байгаа учраас үүнийг шийдэх ганц гаргалгаа нь сурагчдын автобусыг нэмэх гэдгийг албаныхан ярьж буй.

Тендерт өөр компани шалгарвал сургуулийг гуравдугаар улиралд багтаан цаад хугацаа нь ирэх намар ашиглалтад оруулна гэсэн товтой байна

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Засаг дарга С.Уянга:

- “Фүжи- Алтай” констракшн ХХК-ийн хариуцлагагүй байдлаас болж сургууль өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй. Боловсролын яам болон холбогдох бүх газрууд руу бичиг хүргүүлсний үр дүнд “Фүжи- Алтай” констракшн ХХК 2024 оны наймдугаар сард сургуулийг ашиглалтад оруулна гэж байсан. Ашиглалтад оруулахын тулд 600 гаруй сая төгрөгийн санхүүжилт хэргэгтэй гэхээр нь шийдэж өгсөн ч товлосон хугацаандаа ашиглалтад оруулж чадаагүй. Улмаар 2024 оны наймдугаар сарын 1-ээс улсын төсвөөр баригдаж байсан дээрх сургууль нийслэлийн төсөв рүү шилжсэн. Нийслэлээс ажлын хэсэг гаргаж, есдүгээр сарын 6-нд хуралдахад "Фүжи- Алтай” констракшн ХХК "Санхүүжилтээ дутуу тооцсон байна. Дахиад мөнгө шаардлагатай" гэх зүйл ярьсан. Улмаар ажлын хэсгээс гэрээг нь цуцалж тендер зарласан боловч шалгарсан компани алга. Компани шалгарвал сургуулийг гуравдугаар улиралд багтаан цаад хугацаа нь ирэх намар ашиглалтад оруулна гэсэн товтой байна.

Энэ хавьд ажил хийдэг айлын эхнэр бараг байдаггүй гэв

Дээр хэлсэнчлэн Эмээлттэй хамгийн ойр сургууль нь 20 гаруй км зайтай. Өнгөрсөн жилээс сургуулийн автобус өдөрт гурван ээлжээр явж эхэлсэн ч ялангуяа өглөөний ид ачааллын үеэр сургуулийн ганц автобус нь хаанаа ч хүрэлцдэггүй гэнэ. Харин нийтийн тээврийн гурван чиглэлийн автобус явдаг. Хорооны сурагчид зөвхөн автобусны буудал хүртэл нэг км-ээс дээш алхдаг гэдгийг эцэг эхчүүд хэлж байв.

Е.Наранцэцэг "Манай хоёр хүүхэд таван шарын 19 дүгээр сургуульд суралцдаг. Нэг нь аравдугаар анги нөгөө нь гуравдугаар ангид сурдаг. Бид нар өөрсдөө хүргэж өгөөд, авдаг. Өдөржин хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь өгч, авч түгжирч явсаар өглөө гараад орой гэртээ харьдаг. Тиймээс ажил хийх боломж гардаггүй. Ер нь нэг айлаас заавал нэг хүн хүүхдүүдээ зөөхөөс аргагүй байна" гэв.

"Энхжин" худалдааны төвийн урд байрлах Баянгол дүүргийн 19 дүгээр сургуульд 2000 гаруй хүүхэд суралцаж байгаагаас 800 нь Эмээлтийн хүүхдүүд. Тус сургууль нь хичээлийн хоёр байртай. Нэг ангид 35-40 хүүхэд суралцдаг бөгөөд хоёр ээлжээр хичээллэдэг. 19 дүгээр сургууль нь сурагчдын ганц автобустай гэнэ.

Сурагчид сэтгэл санаа болоод бие махбодийн хувьд ядралттай байдаг

Тус сургуулийн нийгмийн ажилтан Г.Даариймаа "20 км зам туулж ирж байгаа хүүхдүүдийн хувьд өвлийн улирал хамгийн хэцүү нь. Эрт харанхуй болдог. Автобус удаан хүлээж даардаг. Хүүхдүүд 06:30 гэж гэрээсээ гарч байж л 08:00 цагтай уралдаж хичээлдээ амждаг. Манай сургууль өнгөрсөн жилээс сурагчдын автобус явуулж эхэлсэн. Хүүхдүүд автобусанд амжих, амжихгүй янз бүр. Хамгийн сүүлийн цаг 18:45 гэж тардаг. Ахлах ангийн сурагчид автобус хүлээж, замдаа түгжирсээр 21:00 цагт гэртээ ордог. Сурагчид сэтгэл санаа болоод бие махбодийн хувьд ядралттай байдаг. Хичээл дээрээ эвшээх зэрэг асуудал бий. Мэдээж хол сурдаг байлаа гээд муу сурдаг гэсэн үг огт биш. Идэвх чармайлттай олон сурагч бий. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд шинэ сургууль ашиглалтад орчихвол хүүхдүүдэд маш хэрэгтэй. Холоос хичээлдээ явахаар хамаг цагийг автобусанд өнгөрөөдөг. Хичээл дээрээ найман цаг харих гэж түгжирсээр 2-3 цаг болдог. Энэ цагаа хүүхдүүд өөрсдөдөө зарцуулна гэсэн үг" гэдгийг онцлов.

Тус сургууль нь 25 төрлийн дугуйлан ажиллуулдаг. Шатрын дугуйланд Эмээлтийн хүүхдүүд хамгийн ихээр явдаг аж. Хүүхдээ хөгжүүлэх сэтгэлтэй эцэг эхчүүд ч ийнхүү олон бий.

Бага ангийн сурагчдын эцэг эх өглөө хүүхдээ хүргэж өгөөд хичээл тартал нь замын хойдох Энхжин худалдааны төвийн хоолны газар хүлээцгээдэг аж. Учир нь буцаад Эмээлт рүү яваад эргэж ирэх, эндээ хүлээх хоёр цаг хугацааны хувьд энэ тэнцүү учраас тарахыг нь хүлээж байгаад хүүхдээ аваад явдаг гэнэ.

Биднийг дээрх хоолны газарт 15:00 цагт ороход хүүхдээ хүлээж буй эцэг, эх таарсангүй. Учрыг нь хоолны газрын хүнээс лавлатал "Томчууд 08:00-14:00 цаг хүртэл энд бужигнацгаадаг. Хүүхдүүд нь тарахтай зэрэгцээд хоолны газар ч эзгүйрдэг" гэлээ.

Хүүхэд багачуудын сурах эрх зөрчигдсөөр байхад бид халагласаар, хашхирсаар суух уу

Ширэнгэн ой мэт болсон энэ хотод сургууль, цэцэрлэг барих болохоор алга дарам ч газар олддоггүй. Гэтэл хувийн компаниуд 12-16 давхар орон сууц, хотхон хорооллыг жилийн дотор л сүндэрлүүлж байна. Тэнд ч айл амьдарч, хүүхэд өснө. Гэтэл сурах сургууль, цэцэрлэг байхгүй. Зарим сургууль арай гэж олдсон газартаа өргөтгөлөө бариулахаар хөөцөлдөн төсөв батлуулдаг ч барилга нь босдоггүй жишээ олон бий. Жишээ нь тавдугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад оролгүй зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм.

Энэ мэтчилэн Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын сурах эрх зөрчигдсөөр байхад бид халагласаар, хашхирсаар суух уу. Одоо бидэнд ямар гарц байна вэ.

Олон хүүхдийн сурах эрх зөрчигдсөөр байхад салбар яамныхан нь нүд нь балай, чих нь дүлий суусаар байх уу.

МЕТРО ХОТ: Нийтийн тээврийнхнээс СОЁЛ шаарддаг шигээ ЗОРЧИГЧ ТА ч соёлтой зорчих үүрэгтэй
МЕТРО ХОТ: Нийтийн тээврийнхнээс СОЁЛ шаарддаг шигээ ЗОРЧИГЧ ТА ч соёлтой зорчих үүрэгтэй
 
О.Номинчимэг: Шүүгчид шүүхийн түшээ, эрхэлсэн түшээ, тэргүүн түшээ гэх зэрэг дэвтэй болох гээд байгаа юм байна. Ямар бөх байгаа биш дээ
О.Номинчимэг: Шүүгчид шүүхийн түшээ, эрхэлсэн түшээ, тэргүүн түшээ гэх зэрэг дэвтэй болох гээд байгаа юм байна. Ямар бөх байгаа биш дээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!