Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын "Yutong bus" үйлдвэрийн 600 автобус, урт автобус 30-ийг оруулж ирсэн бөгөөд одоогоор үйлчилгээнд явж буй.
Шинэ автобуснуудын ачаар өвөлдөө даарахгүй, зундаа халууцахгүй байх боломж бүрдэж, нэг үеэ бодвол нийтийн тээвэр хөгжсөн. Гэвч ухамсар дорой зарим зорчигчид ОСЛЫН ҮЕД ашиглах цонхны алхыг нь хулгайлах, хана таазан дээр нь маркераар зурах, утас цэнэглэх USB оролт руу нь бохь, цаас чихэх зэрэг бүдүүлэг үйлдлүүд гаргасаар байгааг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлж байна.
Хэдхэн хоногийн өмнө автобусаар зорчиж явсан ахмад настан суудлынх нь зөөлөвчийг аваад буусан тохиолдол гарсан. Мөн өнгөрсөн хавар өсвөр насны хүүхдүүд суудлын бүрээсийг нь зүсэж, ослын үед ашиглах алхнуудыг нь хулгайлсан бичлэг цахим орчинд цацагдсан. Үүнтэй холбоотойгоор "Цаашид нийтийн эзэмшилд зүй бусаар хандаж байгаа иргэний бичлэгийг ил тавих болно. Иргэн та нийтийн эзэмшилд эзний сэтгэлээр хандаж, ийм үйлдэл гаргаж байгаа хүмүүсийг таслан зогсоож байгаарай" гэж НТБГ-аас уриаллаа.
Эдгээр шинэ автобуснууд үйлчилгээнд яваад жил ч болоогүй байна. Гэвч энэ мэт зорчигчдын бүдүүлэг үйлдлүүдээс болж, автобусны ашиглалтын хугацаа богиносох сөрөг талтай юм. Нийтийн тээврийн автобусны ашиглалтын хугацаа 10 жил байдаг. Иймд 10 жил найдвартай нийтийн тээврээр зорчихыг хүсэж буй бол иргэн та нийтийн тээврийн хэрэгсэлд ариг гамтай хандахыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!