Одоогоос есөн жилийн өмнө буюу 2016 онд төрийн өмчит "Эрдэнэт үйлдвэр"-ийг "Эмчилгээ үйлчилгээнд орох СААЛИЙН ҮНЭЭ болсон" гэж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэлж байв. Хэдийгээр тухайн үедээ олон нийтээс ихээхэн шүүмжлэл авч байсан ч зарим төрийн өмчит компаниуд дээр энэ дүр зураг өнөөдөр ч үргэлжилсэн хэвээр байна. Нэг ёсондоо, манайд Ц.Элбэгдоржийн хэлдэгчлэн "саалийн үнээ" болсон олон төрийн өмчит компаниуд байгаа нь нууц биш.
Энэ нөхцөл байдлыг батлах мэт ирэх 2025 оны Монгол Улсын төсвийн тухай хуулийг дагалдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад байна.
Тэгвэл төрийн өмчит компаниуд дээр нөхцөл байдал ямархуу байна вэ.
-Төрийн өмчит компаниудын 34 ХУВЬ нь АЛДАГДАЛТАЙ ажиллаж байна-
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тайланд төрийн өмчит болон төрийн өмчит хуулийн этгээдийн ашиг, алдагдлыг дараах байдлаар авч үзжээ. Тодруулбал, ТӨК 99 компани, түүний охин компани нийлээд 123 компани байгаа аж. Үүний 43 нь алдагдалтай ажиллаж байна хэмээн дүгнэгджээ.
Харин эл 43 компани дотор гурван жил дараалан алдагдалтай ажиллаж байгаа ч өнөөдрийг хүртэл тодорхой арга хэмжээ авхуулалгүй яваа 21 компани байгаа аж. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит болон төрийн оролцоо бүхий компаниудын 34 хувь нь алдагдалтай ажиллаж байгаа талаарх дүн мэдээ гараад байна.
-Алдагдалтай ажиллаж буй 43 компанийн алдагдлын дүн 150 тэрбум төгрөг-
Төрийн өмчит компаниудын цэвэр ашгийн дүнгийн:
4.75 их наяд төгрөгийг
- "Эрдэнэс Тавантолгой" ХК,
- "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ
- "Эрдэнэс Монгол ТӨХХК
- Хөдөө аж ахуйн корпорац ТӨХХК
- "Төрийн банк" ХК
380 тэрбум төгрөгийг
- Бусад 51 компани бүрдүүлэв.
Тэгвэл алдагдалтай ажиллаж байгаа гэх тодотголд багтаад буй 43 компанийн алдагдлын дүнгийн нийт хэмжээ 150 тэрбум төгрөгт хүрчээ.
-ХӨРӨНГИЙН ӨГӨӨЖ: 23 компани нь ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ-
2023 оны санхүүгийн аудитлагдсан дүгнэлтэд үндэслэн хөрөнгийн өгөөжийн эрсдлийн үнэлгээг гаргасан талаарх мэдээллийг хуулийн төсөлд хавсаргажээ. Эл эрсдлийн үнэлгээг Олон Улсын Вальютын сангийн санхүүгийн шалгуур үзүүлэлтийн дагуу тооцож үзэхэд, хөрөнгийн өгөөж дунд эрсдэлтэй 23, өндөр эрсдэлтэй 20 хуулийн этгээд байна.
-АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖ БУЙ КОМПАНИУДЫН ЦААНА...-
Төрийн өмчит компаниуд дээр үүсээд байгаа эл нөхцөл байдал ямар үр дагаврыг дагуулах вэ. Нэн тэргүүнд компаниуд жилээс жилд ашиггүй ажиллах, улмаар авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх, төрийн өмч үнэгүйдэх, төрд үүсэх зардлыг нэмэгдүүлэх шалтгаан болж буй юм.
Иймд санхүүгийн үзүүлэлтийн хувьд тогтмол ашиггүй ажиллаж, хөрөнгийн эрсдэлд ороод буй төрийн өмчит эдгээр компаниудын давхардсан чиг үүрэг, удирдлага дэд бүтцийн зардлыг бууруулах, ил тод байдал, хяналтыг сайжруулах шаардлага зүй ёсоор бий болж байна.
-ХУУЛИЙН ТӨСӨЛ: Гурван жил дараалан санхүүгийн алдагдал хүлээсэн төрийн өмчит компанийг татан буулгаж, бусдынх нь мэдээллийг НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛНА-
Тэгвэл Засгийн газраас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дараах нэмэлт өөрчлөлтийг тусгажээ. Үүнээс онцлох заалтыг хүргэвэл:
-ГУРВАН ЖИЛ АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАВАЛ ТАТАН БУУЛГАНА-
НЭГДҮГЭЭРТ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн байгууллага нь дараах тохиолдолд төрийн өмчийн компанийг татан буулгах саналыг Засгийн газарт хүргүүлнэ.
-Зорилт гурван жил хангалтгүй гэж дүгнэгдсэн,
-Гурван жил дараалан санхүүгийн алдагдал хүлээсэн,
-АУДИТ ХИЙХ КОМПАНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЭТГЭЭДИЙГ ЗГ ТОГТООНО-
ХОЁРДУГААРТ, Төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн аудитын хуулийн этгээдээр аудит хийлгэж болно. Тухайн санхүүгийн жилд аудит хийлгэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах этгээдийг Засгийн газар тогтооно.
-НУУЦАД ХАМААРУУЛСАН МЭДЭЭЛЛҮҮД, ХАНДИВ, ТУСЛАМЖИЙН ЖАГСААЛТЫГ НИЙТЭД ИЛ ТОД МЭДЭЭЛНЭ-
ГУРАВДУГААРТ, өнгөрсөн оноос Засгийн газар 5Ш ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний нэг болон Шил, Шилэн зэрэг ажиллагаануудын хүрээнд төрийн тусгай санд, яам, агентлагийн мэдээллийг цахимд ил тод байрлуулж буй билээ. Тэгвэл үүнд энэ хуулийн төслийн өөрчлөлтөөр төрийн өмчит компаниудын мэдээллийг цахимд нээлттэй байршуулахаар ажиллах аж.
Төрийн өмчит хуулийн этгээд нь төсөв, төлөвлөгөө, хөндлөнгийн аудитын дүгнэлт, их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ, гүйцэтгэх удирдлагын ажлыг үнэлсэн мэдээлэл, хэрэг маргаан, хөрөнгө оруулалтын мэдээлэл, ТУЗ-ийн шийдвэр /төрөөс авсан татаас, хандив тусламж, төлбөр, татвар, хураамж, нууцад хамааруулсан мэдээллийн жагсаалтыг өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлнэ.
-Н.УЧРАЛ: Олон улсын санхүүгийн аудитыг он гаргаад шууд оруулах өөрчлөлтийг хуулиар хийж байгаа-
Төсөв дагуулан өргөн мэдүүлсэн ТӨК-ийн тухай хуулийн өөрчлөлттэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дараах байр суурийг илэрхийлсэн юм.
-АУДИТ: Аудит оруулах байгууллагыг ЗГ тогтооно гэх өөрчлөлт хяналтыг бууруулж, Үндсэн хуульд нийцэхгүй байна-
Харин төсөв дагалдуулж өргөн барьсан эл хуулийн төсөлд Аудитын байгууллаг дараах дүгнэлтийг өгчээ. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 12-т “Төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын хуулийн этгээдээр аудит хийлгэж болно. Тухай санхүүгийн жилд аудит хийлгэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах этгээдийг Засгийн газар тогтооно” гэж тусгасан нь Улсын Их Хурлын Засгийн газарт тавих хяналтын зарчмыг алдагдуулахаас гадна Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гарсан хууль тогтоомжтой нийцэхгүй байна хэмээн үзжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!