Иргэдийн зээл 8 жилийн хугацаанд 286 хувиар өсчээ. Энэ нь 2016-2024 он хүртэлх дүн юм. Тэгвэл өнгөрсөн нэг жилийн дотор иргэдийн авсан зээл 7 их наяд төгрөгөөр нэмэгдэж 21 их наяд төгрөг хүрсэн нь аж ахуйн нэгжүүдийн зээлээс ч өндөр дүнтэй гарчээ.
Банк санхүүгийн салбарын энэ оны хоёрдугаар улирлын тайлангаас харвал цалин тэтгэврийн өсөлт нь хэрэглээний зээлийг нэмэгдүүлсэн байна. Банк, санхүүгийн байгууллагад шинээр олгосон зээлийн хэмжээ нэмэгдсэн бөгөөд иргэдийн хэрэглээний зээлийн өсөлт үргэлжилсээр байгааг ч мөн дурджээ. Тэр дундаа сүүлийн жилүүдэд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа тэлэхийн хэрээр иргэдийн авсан зээл жин дарж байна.
Өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй зээл олгодог 59 аппликейшн байна. Энэ оны хагас жилийн байдлаар 1.7 сая иргэн зээлийн аппликейшнээс 991.5 тэрбум төгрөгийн цахим зээл авчээ. 3.5 сая гаруй хүн амтай Монгол Улсын хувьд тэн хагас нь цахим зээлтэй гэсэн үг. Гэхдээ Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлгүй банк бус санхүүгийн байгууллагад хэчнээн иргэд өртэй гэдэг нь тодорхойгүй. 2023 оноос өмнө зээлийн аппликейшн өр орлогын харьцаа хардаггүй буюу нэг иргэн хэдэн ч зээлийн аппликейшнээс зээл авах боломжтой байсан бол одоо өр орлогын харьцаа 70:30 байхаар тогтоож байгаа аж.