Улаанбаатарчуудын “толгойны өвчин” болсон асуудлуудын нэг нь яах аргагүй замын түгжрэл мөн. Замын түгжрэлд хот төлөвлөлт, бодлогын алдаа нөлөөлөхөөс гадна жолооч нарын хувиа хичээсэн, бүдүүлэг байдал нь ч багагүй нөлөөлдөг. Жишээлбэл, автобусны буудал, замын зорчих хэсгийн 1-р эгнээнд “аваар”-аа татаад зогсчихдог нь нууц биш.
Иймд бид ЧД-ийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран “Тэнгис кино театр”-ын автобусны буудал орчмоос дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Жолооч 1: ХАЛЬТ ЗОГСЧИХЛОО
Цагдаа: Та яагаад чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогсов?
Жолооч: Бараа буулгасан.
Цагдаа: Энэ үйлдэл хориотойг мэднэ, тийм үү. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.8-ын В-д “Орой 22.00 цагаас өглөө 06.00 цагийн хооронд үеэс бусад үед чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоолд түр болон удаан зогсох хориотой” гээд заасан байгаа. Үүнийг мэдсээр байж яагаад дүрэм зөрчив?
Жолооч: Харин хальт зогсчихлоо.
Жолооч 2: “ХҮН БУУЯ” ГЭХЭЭР НЬ ЗОГСЧИХЛОО
Цагдаа: Та яагаад зорчих хэсгийн 1-р эгнээнд зогсов оо?
Жолооч: Хүн энд буучихъя гэхээр нь зогсчихлоо
Цагдаа: Явган хүний гарц байна. Таны зогссон хэсгийг бусад тээврийн хэрэгсэл тойрч гарахдаа явган зорчигчийг мөргөх, шүргэх эрсдэлтэй шүү дээ. Хүнээ хаана буулгах ёстой билээ, та халтуур хийж явсан юм уу?
Жолооч: Тийм.
Жолооч 3: Дүрэм зөрчсөнөө мэдээгүй
Сэтгүүлч: Сая та ямар зөрчил гаргасан бэ?
Жолооч: Мэдэхгүй
Цагдаа: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.8-ын В-д “Орой 22.00 цагаас өглөө 06.00 цагийн хооронд үеэс бусад үед чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоолд түр болон удаан зогсох хориотой” гээд заасан байгаа. Та хэдэн оны жолооч вэ?
Жолооч: 2014 оных
Цагдаа: Энэ дүрэм хэрэгжээд удаж байгаа
Жолооч 4: Дүрэм зөрчсөнөө мэдэж байна
Цагдаа: Та явган хүний гарцаас 5 метр хүрэхгүй зайд зогсож байна. Зорчих хэсгийн 1-р эгнээ, автобусны буудал дээр зогсож, хүн буулгаж суулгахыг хориглодог.
Жолооч: Мэдэж байгаа.
Цагдаа: Та энэ дүрмийг зөрчсөнөөр бусдад аюул, эрсдэлийг бий болгодог. Үүнийг мэддэг юм байна шүү дээ. Таны урд зогссон автомашиныг тойрох гэж байгаад та хажуу талын автомашинтайгаа мөргөлдвөл харамсалтай биз?
Жолооч: Ойлголоо.
Бид “Тэнгис кино театр”-ын автобусны буудал орчимд 20-30 минут ажиллахад, дээрх байдлаар жолооч нар шалтаг тоочиж байлаа.
Жолооч та автобусны буудал болон автозамын 1-р эгнээнд “АВААР”-аа татаж, зогссоноор автобусанд суух гэж буй зорчигчдод саад болох, гарцаар зам хөндлөн гарах хүмүүсийг осол аваарт өртүүлэх хамаг том шалтгаан болдог гэдгээ мэдэх үү.
Ц.Гомбожав: Жолооч нар ямар ч шалтгаангүйгээр 1-р эгнээ, автобусны буудал дээр зогсож байна
Энэ талаар ЧД-ийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, Ахлах дэслэгч Ц.Гомбожаваас тодруулахад “Жолооч нар ерөөсөө л автобусны буудал, 1-р эгнээнд шалтгаангүйгээр зогсож байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж байгаа гэсэн үг. Иргэд үүнийг мэдсээр байж, дүрэм зөрчдөг.
Цагдаагийн алба хаагч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс хяналт шалгалт хийж байгаа тохиолдолд жолооч нар дүрмээ ягштал мөрддөг. Алба хаагч байхгүй ч гэсэн дүрмээ мөрдөх боломж бүрэн байна. Гэвч амар хялбар аргыг сонгож, дүрэм зөрчсөөр байгаа нь харамсалтай.
1-р эгнээнд “АВААР”-аа татаад зогссон тээврийн хэрэгслийг тойрч гарахын тулд зохиомол түгжрэл үүсэж, цаашлаад зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болж байна” гэдгийг хэлсэн юм.