ХӨНДӨХ СЭДЭВ: Сурагчдын “ТООСГО“ шиг хүнд цүнх нь тэднийг ирээдүйд “Квазимода” болгох нь

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 44 секунд

Яг нэг жилийн өмнө БШУ-ны сайд асан Л.Энх-Амгалан "Польшийн "Learnetic" компанийн техникийн дэмжлэгтэйгээр бага ангийн есөн төрлийн 33 сурах бичгийг цахим хувилбартай болгоно. Ингэснээр хүүхдүүд хүнд цүнх үүрэх шаардлагагүй болно" гэж мэдэгдэж байв. Энэхүү мэдэгдэл нь олон эцэг эхчүүдийн магнайг тэнийлгэсэн, цаг үеэ олсон зөв шийдвэр гэж тухайн үед хүн бүр л ярьж байлаа. Гэвч өнөөдөр байдал бахь байдгаараа.

Яс нь бэхжээгүй зургаан настнууд "тоосго" шиг хүнд цүнх үүрч, ирээдүйд нурууны далийлт, суулттай, цаашлаад үргүйдлийн бүхэл бүтэн "арми-"д бэлтгэгдэж байна. Нурууны далийлт, суултыг бага дээр нь эмчлэхгүй бол охид насанд хүрээд жирэмслэхгүй байх, хөвгүүд түрүү булчирхайн өвчлөлтэй болох эрсдэлтэй гэнэ.

Олон улсын стандартаар хүүхэд биеийнхээ жингийн ердөө 10 хувьтай л тэнцэх хэмжээний цүнхийг үүрэх ёстой. Зургаан настай хүүхдүүд 19-20 кг л жинтэй байдаг гэж бодоход олон улсын стандартын дагуу 2 кг жинтэй цүнх үүрэх ёстой. Гэтэл манай статистикийн хорооноос гаргасан судалгаанаас харахад нэг хүүхдэд ногдож буй хүүхдийн цүнхний жин нь 5.5 кг байх жишээний. Гэр, сургууль нь ойрхон хүүхдүүдэд энэ нь асуудал биш мэт боловч Эмээлтэд амьдардаг хүүхдүүд гэхэд "тоосго" шиг хүнд цүнхээ үүрээд таван шар хүртэл 10-20 км зам туулж сургуульдаа очиж байна.

Тэгэхээр сурагчдын зузаан номыг цөөлөх, тэднийг стандартын ширээ, сандалд суулгаж болох ямар арга зам байна тэр бүгдийг эрэлхийлэхгүй бол сурагчид ирээдүйд "Парисын дарь эхийн сүм" жүжгийн "Квазимода" болоход тун ойрхон болжээ.

СУДАЛГАА: Хотын сурагчдын нуруу бөгтөр, баруун мөр унжсан нь цүнхнээс болсон

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2018 онд Шинжлэх ухаан техникийн их сургуулийн хувцас судлалын төвийн судлаачид улсын хэмжээнд 6-18 насны хүүхдийн дунд биеийн гурван хэмжээст хэмжилт судалгааг явуулсан.

Уг "Судалгаанд 1 сая 82 мянган хүүхэд хамрагдсан бөгөөд хүүхэд тус бүрээс 63 төрлийн биеийн хэмжээг авахад хотын хүүхдүүд бөгтөр, баруун мөр нь их унжсан. Энэ нь сурагчдын үүрч байгаа цүнхтэй холбоотой" гэх дүгнэлт гарсан байдаг.

Далий, буруу сууж хичээлээ хичээлээ хийж үүндээ дасан зохицож хэвшил болгосноор нурууны далийлттай болж байна

Yanjka"s therapy бариа заслын төвийг үүсгэн байгуулагч, бариач Д.Янжиндулам:

-2020 оноос хойш над дээр хөдөлгөөний дутагдалд орчихсон, ямар ч булчин массгүй, нурууны далийлттай хүүхдүүд маш их ирэх болсон. Сүүлийн үед нүүр нь далийсан дунд ангийн хүүхдүүд ирж байна. Нүүр нь нэг тал руугаа урссан юм шиг болчихсон. Өвчлөл ерөөсөө л эрт болчхоод байна. Өмнө нь 50-60 насанд үүсдэг байсан нурууны далийлт, сонсгол, харааны асуудал одоо 7-8 настай хүүхдүүдэд маш их гарч байна.

Нуруу нь далийлттай хүүхдүүдийн дотоод эрхтэн нь өөрчлөлтөд орж, ходоод нь хийтэй болчихдог. Хоол олигтой идэж чадахгүй, хурц үнэр авч чадахгүй. Өглөө юм идэх дургүй. Хоолны зуршилгүй болчихсон байдаг. Амттай юм идээд цадчихдаг. Тиймээс хүүхдүүд нурууны далийлтаас үүдэлтэйгээр шим тэжээлийн дутагдалд орж байна. Дархлаа нь унаад эхлэхээр биеэр нь маш их харшил гарч байна. Одоо бол нурууны далийлттайгаа яг энэ тэнцэхүйц хэмжээтэй харшилтай хүүхдүүдээр дүүрсэн. Дээр нь нэмээд бие нь маш сулбагар. Тийм хүүхдийг барихдаа жоохон чангахан дарчихад л яс нь хугарчих гээд байх жишээний.

Хүнд цүнх, стандартын бус ширээ, сандал хүүхдүүдийн нурууны далийлт, суултад нөлөөлж байна. Нэг ангид ойролцоогоор 30-40 хүүхэд сурдаг. Гэтэл Монгол Улсад сургуулийн насны хүүхдийн сандал ширээний өндөр, стандарт гэдэг зүйл баргал байхгүй. Бага ангиас ахлах анги хүртэлх бүх хүүхдүүд нэг ширээ, сандал дээр суудаг учраас ахлах ангийн хүүхдүүд зургаан настай хүүхдийн ширээн дээр суухаараа байдгаараа бөхийж далийж суудаг. Нэг үгээр хэлвэл далий, буруу сууж хичээлээ хичээлээ хийж үүндээ дасан зохицож хэвшил болгосноор нурууны далийлттай болоод байна.

Тиймээс тэр модон ширээг нь тохируулгатай ширээгээр солих хэрэгтэй. Тэгж чадвал бага ангиас ахлах анги хүртэлх бүх хүүхдүүд өөрийн өндөртөө тохируулаад ширээгээ хэрэглэдэг болно гэсэн үг. Үүнийг салбар яам нь анхааралдаа аваасай" гэв.

Сурах бичгүүдийг улирал улирлаар нь гаргах учраас цүнх хөнгөрнө

Харин Боловсролын сайд П.Наранбаяраас энэ талаар тодруулахад "Шинэчлэн боловсруулсан сурах бичиг, гарын авлага, дасгал ажлын дэвтрийн тохирцыг судлан, 2025-2026 оны буюу ирэх хичээлийн жилээс хэрэглэж эхэлнэ. Сурах бичгүүдийг улирал улирлаар гаргах учраас хөнгөрч, дасгал ажлын дэвтрийг хэрэглэснээр гэрийн даалгаврын ачаалал багасана" гэдгийг онцлов.

Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал нар өчигдөр сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сурах бичгийн эх зохиох, дасгал ажлын дэвтрийг боловсруулах танилцсан байна. Шинэчлэн боловсруулсан сурах бичиг, гарын авлага, дасгал ажлын дэвтрийн тохирцыг судлан, 2025-2026 оны буюу ирэх хичээлийн жилээс хэрэглэж эхэлнэ гэх мэдээллийг өглөө.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялалт байгууллаа
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялалт байгууллаа
 
ДУЭЛЬ: УИХ-ын дарга ​​​​​​​VS Сангийн сайд /Үндсэн хууль зөрчсөн асуудал/
ДУЭЛЬ: УИХ-ын дарга ​​​​​​​VS Сангийн сайд /Үндсэн хууль зөрчсөн асуудал/
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!