Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөгийн хүрээнд Булган аймагт энэ сарын 27, 28-ны өдөр ажиллалаа. Ажлын хэсэг тус аймаг дахь Түр хамгаалах байр, Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.
Түр хамгаалах байрын хувьд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2024 онд ашиглалтад оруулсан бөгөөд сэтгэл зүйч, багш, харуул, тогооч гэсэн нийт 7 алба хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Хүүхэд хамгааллын хүрээнд сум бүрд эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлт нөхцөлд байгаа иргэн, бага насны хүүхдэд цаг алдалгүй тусламж, үйлчилгээ үзүүлж байгааг тус хамгаалах байрны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Оюунзаяа ХЭҮК-ын дарга Д.Сүнжидэд танилцууллаа.
Тэрбээр “Аймгийн хэмжээнд 415 хүүхэд эрсдэлт нөхцөлд амьдарч байна. “Эрсдэлгүй орчин-Хүүхэд хамгаалал” аяныг 2023 онд зохион байгуулж, бүх сумдад хүрч ажилласан. Жилд 2 удаа эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэн бүрд кэйс нээж, бүртгэлжүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээг хүргэж ажилладаг. Гэвч ахуйн хүрээний архидан согтууралтаас үүдэн хүүхэд үл хайхрах болон гэр бүлийн хүрээний хүчирхийлэлд өртөх, бэлгийн хүчирхийллийн хохирогч болох харамсалтай тохиолдол гарсаар байна” гэв.
Улмаар ХЭҮК-оос хүүхэд хамгааллын бодлогыг сайжруулахад шаардлагатай зарим асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад уламжилж өгөхийг хүслээ.
Тухайлбал, Түр хамгаалах байрны ажилтнуудын илүү цагийн цалин хөлс олгох асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх. Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдэд холбогдох хэргийн мөрдөн шалгах болон шүүн таслах ажиллагаа удаашралтай байгаа нь хохирогч дахин хохирох эрсдэлийг үүсгэж байгаа тул уг асуудалд анхаарал хандуулж, бодлогын арга хэмжээ авах хэрэгтэй байна гэв.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид хүний эрхийг хамгаалах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа Түр хамгаалах байрны ажилтнуудад талархал илэрхийлж, хүний эрх тэр дундаа хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг Комисс нэн тэргүүнд анхаарч ажилладаг.
Тиймээс хүүхэд хохирсон гэмт хэрэг дээр яаралтай горимоор анхаарах ёстой гэдэг байр суурь баримталдаг.
Уг асуудлыг аймгийн шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын удирдлагуудад уламжилж, яаралтай горимоор ажиллаж байх, хохирогч дахин хохирохоос сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг зөвлөнө гээд ХЭҮК-оос хүргүүлсэн зөвлөмж, шаардлагад тусгагдсан асуудлыг хэрэгжүүлэхэд зарцуулсан төсвийг зориулалтын бус зарцуулалтад тооцохгүй байх асуудлыг Үндэсний Аудитын газартай ярилцаж, шийдэл хайж байгааг тодотгож хэллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!