Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Эрчимт эмчилгээний тасгийн их эмч О.Гантогтох, Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасгийн сувилагч Э.Одонтунгалаг, жолооч н.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй алсын дуудлагын баг энэ сарын 01-ний өдөр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангитай хамтарч Архангай аймагт авто осолд орсон биеийн байдал маш хүнд өвчтөнд яаралтай тусламж үзүүлэн, амь насыг нь аварчээ.
Тухайлбал, авто ослын улмаас цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтэл болон олон хавирганы тогтворгүй хугаралтай, амьсгалын дутагдалд орсон уг өвчтөнд Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Б.Нацагдорж, эрчимт эмчилгээний эмч н.Эрдэнэхүү, мэдээгүйжүүлэгийн сувилагч н.Даваажаргал, мэс заслын сувилагч н.Буяндэлгэр, н.Сосорбурам нартай хамтран яаралтай мэс засал эмчилгээ хийсэн байна.
Улмаар маргааш өдөр нь Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн ахмад, нисэх багийн дарга, багш нисгэгч Yann Capitaine, нисгэгч Б.Сүх-эрдэнэ, инженер, дэслэгч Б.Төгөлдөр нартай хамт хүнд өвчтөнийг хот руу тээвэрлэж, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэжээ.
Одоогоор дээрх өвчтөний биеийн байдлыг тогтворжуулах болон бусад шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байгаа юм.