Зуны сарыг зургаа, намрын сарыг найм юм шиг найрлаж, наадамласаар байтал хайруу өвөл хаяанд ирж буйг саяхан зочилсон зэвэргэн өдрүүд сануулсаар байна. Тэгвэл нийслэл 2024-2025 оны ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ. Энэ сэдвийн хүрээнд эхний ээлжинд шахмал түлшний нөөцийн асуудлыг хөндлөө. Үргэлжлүүлэн цувралаар эрчим хүч, газар тариалан, малчдын өвс тэжээл, нийслэлийн халтиргаа гулгаанд хэрэглэх давс, хужрын нөөц зэргийг хүргэх болно.
“Тавантолгой түлш” ХХК-ийн хувьд жил бүрийн есдүгээр сарын 15-н гэхэд 100 мянган тонн түлш нөөцлөх ёстой байдаг. Энэ оны есдүгээр сарын 15-ны байдлаар 96 мянган тонныг нөөцөлжээ. Улмаар есдүгээр сарын 15-наас галлагааны улирал эхэлсэн учраас шахмал түлшийг борлуулалтын 542 цэгээр худалдаалж өнөөдрийн байдлаар нийслэлийн 44 агуулахад 92 мянган тонн шахмал түлшний нөөцтэй байна.
Энэ жил нийслэлийн хэмжээнд шахмал түлшний 670 борлуулалтын цэг ажиллана. Эхний 542 цэг нь ажиллаж эхэлсэн бол аравдугаар сарын 1-нээс 630 болгон нэмэгдүүлжээ. Цаашид шаардлагатай бол цэгүүдийг нэмнэ гэв.
2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Засгийн газар "Тавантолгой түлш" ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийг Налайх руу шилжүүлж, Сонгинохайрхан дүүргийн 20, 22 дугаар хорооны нутагт нөхөн сэргээлт хийж, бохирдлыг нь арилган барилга байгууламжийг түлшний нөөцийн агуулах хэлбэрээр ашиглах шийдвэр гаргаж байв. Тэгвэл цар тахлын улмаас нүүлгэлт нь удаашраад байсан баруун бүсийн үйлдвэрийг 2024 оны дөрөвдүгээр сараас үйл ажиллагааг нь үе шаттайгаар зогсоожээ.
Өнөөдрийн байдлаар дээрх үйлдвэрийг агуулахаар ашиглаж байгаа бөгөөд зүүн бүсийн үйлдвэрт доголдол үүсэж болзошгүй үед нөхөж ажиллах нөөцийн шугам нь бэлэн байдалд байгаа аж.
Гэвч нөгөө талдаа Зүүн бүсийн үйлдвэр дангаараа нийслэлийн иргэдийг шахмал түлшээр хангаж чадах эсэх нь эргэлзээ дагуулж буй.
Энэ талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн Хэвлэл мэдээллийн ажилтан Г.Даваабаатар “Баруун бүсийн үйлдвэрийг хаасантай холбоотойгоор 2022 оноос эхлэн үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар эхлүүлсэн. Төвийн үйлдвэр болох ТЭЦ 2-ийн дэргэд байдаг үйлдвэрийн хүчин чадлыг 2.5 дахин нэмэгдүүлж, зүүн үйлдвэрийнхээ 1, 2-р цехээ техникийн хүчин чадалд хүргэх ажлыг хийсэн. Өнгөрсөн өвлөөс эхлэн гуравдугаар цехийн өргөтгөлийн ажлыг эхлүүлж хоногт 800-1000 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай болгосон. Уг үйлдвэр өнгөрсөн тавдугаар сарын 10-нд ашиглалтад орсон. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор Зүүн үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг дангаараа хангах боломж бүрдсэн гэсэн үг.
Цаашид үндсэн 1, 2-р цехийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хийнэ. Зүүн бүсийн үйлдвэрийн 1 болон 3 цехийн тоног төхөөрөмж, шугамын урсгал засварын ажил дууссан.
Өнгөрсөн онд цагт 13 тонн түлш үйлдвэрлэдэг байсан гуравдугаар цехийн цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлж, цагт 40-50 тонн түлш үйлдвэрлэдэг болгож өргөтгөсөн. Мөн энэ жилийн есдүгээр сарын 15-наас эхэлж залгасан хоёрдугаар цехийн хүчин чадлыг 40-50 тонн цагт хүргэж хүчин чадлаа нэмэгдүүлсэн.
Өөрөөр хэлбэл, олон жижиг шугам бус хүчин чадал өндөртэй нэг шугамаар түлш үйлдвэрлэдэг болсон. Баруун бүсийн үйлдвэрт цагт 10-13 тонн түлш үйлдвэрлэдэг 2-3 шугамтай байсан бол тэр бүгдийг нэгтгэсэн” гэв.