Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуусныг тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Нэг асуудал гарахаар, хэн нэгэнд хариуцлага тооцоод, уснаас хуурай гарна гэж бодож байвал үнэхээр харамсалтай
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг ФАТФ-ын "Саарал жагсаалт"-д орохоос сэргийлсэн ажлаа сайн хийгээгүй гэдэг үндэслэлээр чөлөөлөх гэж байх шиг байна. Би үүнд үнэхээр харамсаж байгаагаа хэлье. Монгол Улс ФАТФ-ын жагсаалтад 2004 онд орж байсан. Нэлээд хориг арга хэмжээ авахуулсан. Дахиад орлоо. Бидэнд өгсөн 40 зөвлөмжийг өгсөн. Түүнээс нь дөрвийг нь хэрэгжүүлж чадаагүй. Тэр дөрвөн зөвлөмж нь юутай холбоотой вэ гэхээр, нэгдүгээрт, Хойд Солонгосын иргэдийг ажиллуулаад байгаа асуудал. Хоёрдугаарт, хэрэг шийдвэрлэлт маш сул. Хууль, эрх зүйн систем нь байгаа. Гэхдээ ахиц байхгүй.
Гуравдугаарт, СЗХ-оос ББСБ-уудад хангалттай хяналт тавьж чадахгүй байна. Мөн тусгай хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа сул байна гэсэн асуудал тавьсан. Үүнд Монголбанктай холбоотой ямар ч буруутай үйл ажиллагаа байхгүй. Нэг асуудал гарахаар, хэн нэгэнд хариуцлага тооцоод, уснаас хуурай гарна гэж бодож байвал үнэхээр харамсалтай. Бид богино ой санамжтай болчихож. 2016 онд Монгол Улс дампуурлын ирмэгт оччихсон байсан. Н.Баяртсайхан Ерөнхийлөгч сайн ажиллаж, энэ аюулаас гаргахад чухал нөлөөлж ажилласан. Гэтэл одоо ажлаас нь халах гээд байж байна. Шахсаар байгаад өргөдлийг нь өгүүллээ та нар. Энэ хүнийг явуулчихаад хэнээс "Саарал жагсаалт"-аас гарахад ямар ажил хийх талаар асуух юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Банк санхүүгийн байгуулллагатай холбоотой олон болохгүй, бүтэхгүй асуудал гарсан
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр Н.Баяртсайхан Ерөнхийлөгчийн мэдээллийг сонссон. Эдийн засаг өссөн, төсвийн алдагдал буурсан гэх мэт олон эерэг өөрчлөлт бий. Гэвч энэ бүхнийг үл харгалзан "Саарал жагсаалт"-д орсон. Банк санхүүгийн байгуулллагатай холбоотой олон болохгүй, бүтэхгүй асуудал гарсан. Тиймээс бид өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг ярилцаж байна.
Гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал хураалт эхэлж, ийнхүү 57.1 хувийн саналаар түүнийг ажлаас нь чөлөөллөө.