Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Сэлбэ дэд төвийн ажлын явцтай танилцсан. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатарын талаар "Улаанбаатар хотыг өмнө нь Засгийн газар гаднаас нь өөрчлөх ямар ч боломжгүй байсан. Учир нь Ерөнхий сайд, Хотын дарга хоёр бие биенээ дэмжиж, ойлголцдоггүй байсан. Тийм учраас Засгийн газар нийслэлд их хэмжээний хөрөнгө оруулалт хйидэггүй, авторлагдсан бусад ажил руу төсвийг илүү зардаг байсан гэсэн үг.
Нийслэл бол өөрөө өөрийнхөө асуудлыг Засгийн газрын дэмжлэггүй шийдэх гэж оролдоод өмнө нь хана мөргөсөн. Үүний үр дагаварт Улаанбаатар хот амьдралын чанарын хувьд таатай биш болсон. Хүнээр бол эрүүл мэндийн хувьд хүнд өвдсөн. Тиймээс үүнийг л өөрчлөх гэж миний хувьд Х.Нямбаатарыг Хууль зүйн сайдаар ажиллаж байхад нь УИХ-ын гишүүнээс нь татгалзуулж, сайдаас нь хүртэл татгалзуулж, Хотын дарга болгосон.
Яагаад гэвэл би Х.Нямбаатартай хамтарч ажиллахыг хүссэн. Өмнө нь авлига, боомт нээх зэрэг олон ажил дээр хамтарч байсны хувьд түүнийг барьж авсан ажлынхаа ард заавал гардгийг мэдсэн. Алдаатай, оноотой ч түүнд "шазруун" зан байдаг. Төрд түүн шиг албан хаагч олон биш. Ихэнх нь чимээгүй байж байгаад цаг хугацааг өнгөрөөе гэж боддог хандлагатай.
Миний бие нэгэнт Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа хотын маш том реформ хийе гэж шийдсэн учраас нийслэлчүүд маань надтай гар нийлж хамтарч ажиллах Засаг даргыг сонгож өгөх нь туйлын чухал. Энэ Засгийн газарт гэхээс илүүтэй нийслэлийнхэнд л хэрэгтэй.
Тэгэхгүй бол дахин өөр нэг концепц гаргаад, өөр нэг асуудал ярих эсвэл улс төржөөд л байвал Засгийн газар зохицуулахад хүндрэлтэй. Та бүхэн хараарай. Орон нутгийн удирдлагуудаас хэн нь Засгийн газартай хамгийн ойр ажилласан. Тэр орон нутаг л хөгжсөн. Дорноговь, Дархан-Уул зэрэг. Тиймээс би нийслэлчүүдэдээ уриалмаар байна. Ирэх гурван жилийн хугацаанд өнгөрсөн 30 жилд зарцуулсан 30 их наядын хөрөнгө оруулалтыг Засгийн газраас нийслэлд оруулах гэж байна" гэлээ.
Сэтгэгдэл (14)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!