Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ: Баруун бүсийн үйлдвэрийг хаасан ч түлшний нөөц ирэх өвлийг давахад хангалттай юу....

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 45 секунд

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны гэрийн гадуурх цагаан бүрээс бүгд хав хар өнгөтэй. Бүр хашааны булан тохойд ургасан хуучин шарилж, уяатай нохой нь хүртэл тортогт дарагдаастай.

2018 онд “Тавантолгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэр ашиглалтад орсноор үйлдвэрийн бохирдол тоосжилтод 639 айл өрх, 27 ААН байгууллага тортогт дарагдан амьдрах болжээ.

Утааг бууруулахын тулд түүхий нүүрсийг хэрэглээнээс хасч, шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Уг шийдвэрийг үгүйсгэхгүй ч нөгөө талдаа Үндсэн хуулиар иргэдэд олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд хөсөр хаягдсан гэхэд буруудахгүй.

2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Засгийн газар "Тавантолгой түлш" ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийг Налайх руу шилжүүлж Сонгинохайрхан дүүргийн 20, 22 дугаар хорооны нутагт нөхөн сэргээлт хийж, бохирдлыг нь арилган барилга байгууламжийг түлшний нөөцийн агуулах хэлбэрээр ашиглах шийдвэр гаргаж байв. Тэгвэл цар тахлын улмаас нүүлгэлт нь удаашраад байсан баруун бүсийн үйлдвэрийг 2024 оны дөрөвдүгээр сараас үйл ажиллагааг нь үе шаттайгаар зогсоожээ.

Баруун бүсийн үйлдвэрийг агуулахын зориулалтаар ашиглана

“Тавантолгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэрийн дарга асан Д.Миняа "Баруун бүсийн үйлдвэрийг 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс бүрэн зогсоож 2 цехийн нийт 6 шугамыг демонтаж хийж буулгасан. Цаашид дээрх хоёр цехэд шахмал түлш үйлдвэрлэхгүй, агуулахын зориулалтаар ашиглахаар шийдвэрлэсэн. Орчны тоосжилтыг бууруулах зорилгоор 2022 онд 8211 мод, 2023 онд 151 мод, 2024 онд 555 ширхэг мод суулгаж ногоон байгууламжийн усалгааг тогтмол хийж байна. Цаашид хөрсний нөхөн сэргээлтийг хийхээр төлөвлөж байна. 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Зүүн болон Төвийн үйлдвэр дээр шахмал түлшний нөөц бүрдүүлж агуулахуудад хадгалж байна" гэв.

Нэмж дурдахад, баруун бүсийн үйлдвэрийн техник тоног төхөөрөмжийг нүүлгэсэн эсэх, үйлдвэр хэдэн төгрөгөөр боссон талаар албаныхан хариулахаас татгалзав.

Хэдийгээр уг үйлдвэрийг яаралтай түргэн нүүлгээсэй гэж Тахилтынхан залбирах нь холгүй байсан ч нөгөө талдаа Зүүн бүсийн үйлдвэр дангаараа нийслэлийн иргэдийг шахмал түлшээр хангаж чадах эсэх нь эргэлзээ дагуулж буй.

"Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн 2023 оны аравдугаар сард УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдааны үеэр "Баруун бүсийн үйлдвэрийг зогсоолоо гэхэд зүүн бүсийн үйлдвэр нь хангалттай түлш үйлдвэрлэж чадахгүй. Тиймээс баруун бүсийн үйлдвэрийг зогсоож чадахгүй байна" гэж ярьсан удаатай.

Тиймээс дүн өвлийн хүйтнээр иргэд түлэх түлшгүй зутрах вий гэх болгоомжлол хаа хаанаа байгаа юм. Тэгвэл уг асуудлыг албаныхнаас тодрууллаа.

Зүүн үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг дангаараа хангах боломж бүрдсэн

“Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн инженер М.Мөнхбаатараас дараах тодруулгыг авлаа.

--------------------------

-Баруун бүсийн үйлдвэрийг түлшний нөөцийн агуулах хэлбэрээр ашиглаж байгаа учраас зүүн бүсийн үйлдвэрт ачаалал ирж таарна. Тэгэхээр зүүн бүсийн үйлдвэр иргэдийн шахмал түлшний нийлүүлэлтийг хангаж чадах уу гэдэг эргэлзээ нийгэмд байна.

-"Тавантолгой түлш" ХХК-ийн хувьд өнгөрсөн хугацаанд гурван үйлдвэрийн 20 шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байсан бол 2022 оноос эхлэн үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар эхлүүлсэн.

Тодруулбал, Төвийн үйлдвэрийн хүчин чадлыг 2.5 дахин нэмэгдүүлж, Зүүн үйлдвэрийнхээ 1, 2-р цехээ техникийн хүчин чадалд хүргэх ажлыг хийсэн. Өнгөрсөн өвлөөс эхлэн гуравдугаар цехийн өргөтгөлийн ажлыг эхлүүлж хоногт 800-1000 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай болгосон.

Уг үйлдвэр өнгөрсөн тавдугаар сарын 10-нд ашиглалтад орсон. Энэ үйлдвэр ашиглалтад орсоноор Зүүн үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг дангаараа хангах боломж бүрдсэн гэсэн үг.

Цаашид үндсэн 1, 2-р цехийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хийнэ. Зүүн бүсийн үйлдвэрийн 1 болон 3 цехийн тоног төхөөрөмж, шугамын урсгал засварын ажил дууссан.

-“Тавантолгой түлш” ХХК “Энержи Ресурс” ХХК-тай 2018 онд эрчим хүний нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд тус компани угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсийг уурхайн агуулахаас үнэ төлбөргүй 5 жилийн хугацаанд нийлүүлсэн. Гэрээний хугацаа энэ онд дууссан. Өнгөрсөн долоодугаар сард албаныхан "300 мянган тонн мидлинг хэрэгтэй байгаа. Үүнийг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна гэж ярьж байсан" шүү дээ. Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ ?

-Одоогийн байдлаар нөөцөд 247588 тонн мидлингийн нөөцтэй байна. Үүнээс өдөр бүр төлөвлөгөөний дагуу 1200-2000 тоггн мидлинг бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашиглаж байна. Зүүн үйлдвэрийн өндрөлсөн төмөр замын вагон терминалд өдөр бүр 750-1200 тонн мидлинг тээвэр хийгдэж хүлээн авч байна. Сард 40-50 мянган тонн мидлинг тээвэр хийж, буулгалт авах хатуу гэрээтэй ажиллаж байна. “Энержи Ресурс” ХХК-тай 2025 оны зургаадугаар сарын 1-ны өдрийн дуустал 250.000 тн мидлинг татан авах гэрээ хийгдсэн. Нэмэлтээр цаашлаад 150000 тонн мидлинг гэрээ хийх шатандаа үргэлжилж байна. 2024 оны есдүгээр сарын 9-ны өдрийн байдлаар 25 кг-н шуудай 19.066.613 ширхэг нөөцтэй байна. Энэ нь 2025 оны дөрөвдүгээр сарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл дуустал ашиглах боломжит нөөц гэсэн үг.

-Өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ ?

-Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 2024 оны есдүгээр сарын 9-ны байдлаар 84.079 тонн шахмал түлшний нөөцтэй байна. Төвийн үйлдвэрийн хоёр шугам, Зүүн үйлдвэрийн 1 дүгээр цехийн 2 шугам, 3 дугаар цехийн 1 шугам нийт таван шугам ажиллаж байна. 2024 оны есдүгээр сарын 15-ны өдөр галлагааны улирал эхлэхтэй зэрэгцээд нийт 100.000 тонн шахмал түлшний нөөц бүрдүүлхээр төлөвлөн ажиллаж байна. Төлөвлөлтийн хүрээнд эрчим хүчний систем дагуу 60/48 цагийн хуваариар өдөр шөнийн ээлжээр ажиллаж байна. Цаашлаад жил бүрийн дундаж үзүүүлэлтээс хамаарч болруулалтттай уялдуулан аравдугаар сарын 1-ны өдөр гэхэд 120.000 тонн шахмал түлшний нөөц бүрдүүлэлт хийж улмаар үйлдвэрлэл жигдрэн өвлийн ачаалалд хэвийн ажиллах төлөвлөгөөтэй байна.

Ц.Даваацэрэн: Манайд сайжруулсан түлшийг уураар хатаах биш уур нь буцаад чийг өгөөд түлшээ хөлдөөгөөд байна

2022 оноос эхлэн иргэд шахмал түлшийг чийгтэй үйлдвэрлэсний улмаас асахгүй, уугьж, муухай үнэр гараад байна гэх гомдол саналыг хэлэх болсон. Иргэдийн яриаг "Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн ч нотлоод өгсөн.

Тэрбээр 2023 оны аравдугаар сард УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдааны үеэр "Зүүн бүсийн үйлдвэр 600 мянган тонны хүчин чадалтай гэж ТЭЗҮ хийгдсэн мөртлөө өнөөдөр тэр хэмжээнд хүрэхгүй байгаа нь анх технологийн сонголтоо зөв хийж чадаагүй.

БНСУ-д уурын хатаалгатай системтэй үйлдвэрийг захиалсан. Усыг уур болгож байж халуун температураар нь хатаадаг технологи. Гэтэл өнөөдөр манайд уураар хатаах биш уур нь буцаад чийг өгөөд түлшээ хөлдөөгөөд байна.

Чийгний хэмжээ өндөр гараад байна гэсэн үг. Тэгэхээр зэрэг үйлдвэрүүдэд хатаах системийг нь солиод явж байна. 2021 онд зүүн бүсийн үйлдвэрийн хатаах төхөөрөмжүүдийг шинэчлэхээр Хятадын компанитай гэрээ хийтэл хамгийн муу хоцрогдсон, хүчин чадал муутай хатаах төхөөрөмжүүдийг оруулж ирж угсарсан" гэж ярьсан юм.

50 тн/цагийн хүчин чадалтай хатаагч төхөөрөмжийг шинээр суурилуулжээ

Тэгвэл 2024 онд зүүн бүсийн үйлдвэрийн 2 цехийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тоног төхөөрөмжийн шинэчлэлт угсралтын хүрээнд 4 ком холигч төхөөрөмж, 50 тонн/цагийн хүчин чадалтай хатаагч төхөөрөмжийг суурилуулсан гэх мэдээллийг өглөө.

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.