Дэлхий нүүрснээс татгалзаж сэргээгдэх эрчим хүч, ногоон эдийн засагт шилжих болов. Харин эрчим хүч, экспортын орлого нь нүүрснээс бүрдсэн манай улсын хувьд ногоон эдийн засагт шилжих нь цаг хугацааны асуудал болж буй. Энэ асуудлаар Дэлхийн банк, ОУСК зэрэг байгууллагад зөвлөхөөр ажилласан туршлагатай, тогтвортой санхүүжилтээр мэргэшсэн, ТоС холбооны Гүйцэтгэх захирал Э.Номиндарьтай сэдвээр ярилцлаа.
---------------------------------
-Дэлхий нийтийн хөгжил ногоон хөгжил рүү шилжиж байна. Энэхүү үйл явц сүүлийн 10 жилд их эрчээ авлаа. Манай улсын хувьд энэ чиглэлд хөрөнгө оруулалт татах боломж аль салбарт илүү байна вэ?
-Монгол Улсад байгаа давуу тал нь ашигт малтмал түүхий эдийн арвин нөөцтэй адил сэргээгдэх эрчим хүч, ногоон эдийн засгийг дэмжих нөөц маш их байна.
Жишээ нь, саяхан Монголд томоохон технологи үйлдвэрлэгч зочлохдоо хүйтэн сэрүүн орон гэдэг утгаараа ногоон дата центрүүдийг байршуулж олон улсын дата центрийн төв болох, сэргээгдэх эрчим хүчийг экспортлох түвшинд очих боломж бий. Энэ мэт давуу талууд байна.
Хувийн хэвшлүүд ч маш их сонирхож байна. Хөрөнгө оруулалт санхүүжилт энэ чиглэл рүү явж байна. Хэрэв бид ногоон төслүүд рүү гадаадын хөрөнгө оруулалт татъя, бонд босгоно гэхэд илүү өргөн хүрээний боломж гарч ирнэ. Бодитойгоор хэрэгжүүлэхийн тулд Эдийн засгийн хөгжлийн яаманд хөрөнгө оруулалтын төслүүдийг эрэмбэлж, үнэлэх шалгуурыг боловсруулж байх шиг байна. Дотоодын банк санхүүгийн байгууллагууд өөрсдөө олон улсын стандартад мэдрэг байдаг. Үргэлж олон улсад эх үүсвэр татах чиглэл рүү ажилладаг учраас ярьж буй зүйл нь одоогийн шинээр орж ирж буй нийт санхүүжилтийн урсгал нь 70 хувь нь ногоон төсөлд чиглэж байна. Цаашид 100 хувь болно. Хэрэв бид гаднаас хөрөнгө оруулалт татах зорилготой бол заавал ногоон эсвэл нийгмийн үр нөлөө байна уу, үгүй юу гэдгийг нь харж байгаа юм.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ МЕГА ТӨСЛҮҮД ОЛОН УЛСЫН ТРЭНДИЙГ ДАГАХ ЁСТОЙ
-Саяхан 2025 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барьж, энэ дөрвөн жилд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд анхаарал татаж байна. Ер нь жил бүрийн улсын төсөвт дэд бүтэц, эрчим хүчийг хэрэгжүүлэхэд хөрөнгө зардаг. Мөн адил энэ жилийн төсөв дэд бүтцийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд анхаарч хөрөнгө зарна гэдгийг Сангийн яамнаас мэдээлсэн. Харин ногоон эдийн засаг руу шилжихэд Засгийн газар, УИХ хэрхэн анхаарч байгаа бол. Энэ тухайд таны байр суурь?
-Ногоон эдийн засаг руу шилжинэ гэдэг шинэ хөгжлийн загвараар явна гэсэн үг. Үндсэндээ Засгийн газрын түвшинд олон нийт, иргэд аж ахуйн нэгж бүгд цаашид стратеги, Засгийн газрын хөтөлбөр төлөвлөгөө бүгд тогтвортой байгаль орчин нийгмийн зорилтуудтай уялдсан байна уу, үгүй юу гэдгийг харж шалгах ёстой. Өнөөдөр Засгийн газрын бүх бодлого шийдвэр энэ шалгуур, шүүлтүүрээр орох ёстой гэсэн үг. Жишээ нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд 120 их наяд төгрөгөөр томоохон мега төслүүдийг санхүүжүүлнэ гэж зураг төсөл, зорилтот төлөвлөгөөнүүд орсон байна. Үнэхээр ногоон эдийн засгаа дэмжих, тэргүүлэх чиглэл байгаа бол мега төслүүдээ тогтвортой хөгжлийн зорилт, байгаль орчин нийгмийн шалгуураар нь эрэмбэлж, хамгийн их хувь нэмэр оруулах томоохон зорилтуудад нийцүүлэх, энэ төслүүдээ нэн түрүүнд санхүүжүүлдэг бодлого, санхүүгийн хөшүүргүүд нь заавал давхар уялдаж байж бидний зорилт биелэх болов уу.
Тухайлбал, өнөөдөр нүүрсний цахилгаан станц эрчим хүчийг Хятад санхүүжүүлэхээ больсон. Жишээ нь, Бөөрөлжүүт бол Хятадын санхүүжилттэй хамгийн сүүлийн цахилгаан станц болж байх шиг байна. Цаашид байхгүй.
Тэгэхээр өнөөдөр төлөвлөж буй хөтөлбөрүүд, Засгийн газрын бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бүх төсөл хөтөлбөрүүдээ олон улсын трэнд чиг хандлагатай нийлүүлж бодитой хууль эрхзүйн тогтолцоог нь ч бас санхүүгийн бодлого хөшүүргүүдээ энэ чиглэлд төвлөрүүлэх хэрэгтэй.
-Өнөөдөр бүхий л салбарын өмнө ногоон гэх тодотгол байгаа эсэхийг анзааралгүй өнгөрөхгүй байх цаг үе ирчихэж. Засгийн газрын бодлого шийдвэрээс гадна хувийн хэвшил, иргэд ногоон эдийн засаг, ногоон хөгжилд шилжихэд бэлэн байна уу?
-Хувийн хэвшил бэлэн байна. Энэ хэрэгцээ шаардлагыг мэдрээд эхэлсэн. Айл өрхүүдийн хувьд ч бас ногоон зээл авах хэрэгцээ шаардлагатай болж байна. Нэг үеэ бодвол харьцангуй энэ тухай ойлголттой болсон. Тиймээс бодлогын дэмжлэг хэрэгтэй байна. Засгийн газраас бүх салбарын бодлогуудыг уялдуулж тодорхой хэмжээний шаардлага тавих хэрэгтэй. Хүлэмжийн хий бууруулах, тайлагнал шаардах хэрэгтэй байна.
Дахин хэлэхэд, Засгийн газрын санхүүжилтийн төсөл хөтөлбөрүүд нь ногоон руу чиглэх ёстой. Ногоон төслүүдээ таних, хөгжүүлэх боловсруулах чадавхуудыг тал талдаа сайжруулах шаардлагатай.
Энэ чиглэлд түлхүү анхаарч чадвал олон улсаас биднийг дэмжнэ. Энэ нь өөрөө нийгэм, эдийн засаг, байгаль орчинд том ач холбогдолтой учраас Монгол Улсад том дүрэг зургаараа нэлээн давуу тал, их боломжийг бий болгох боломжтой. Бидний зүгээс хувийн хэвшилтэй хамтран олон нийтэд ногоон зээл, ногоон эдийн засгийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлнэ.
-Мэдээж ногоон хөгжил, ногоон эдийн засаг гэх ойлголт шинэ биш болсон. Ер нь манай улс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд олон улсын трэндийг дагаж чадаж байна уу. Анзаарвал ногоон эдийн засгийн хөгжил, төсөл хөтөлбөрүүд Монголд тунхагийн шинжтэй байгаа юм биш үү?
-Одоогийн түвшинд Монгол Улс дэлхийн хурдаас хоцроогүй. Тогтвортой санхүүжилт энэ сэдвийг тусгайлан авч үзвэл Монгол Улсад өнөөдрийг хүртэл хөгжиж буй орнуудын дунд энэ чиглэлээр манлайлсан хэвээрээ. Филиппин, Казахстан, Камбож зэрэг улс манайхаас туршлага судалдаг. Гэхдээ цаашид хөгжлийн чиг хандлага ногоон руу явж байгаа учраас одооноос бодлого зохицуулалтаа шинэчлэхгүй бол алсдаа хоцрох чиг хандлага руу орно. Хэрэв Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ногооныг дэмжсэн төсөл хөтөлбөрүүд тусгагдсан бол төсөвт санхүүжилтийн механизм нь энэ зорилтоо дэмжих байдлаар хоорондоо уялдах хэрэгтэй. Ингэж чадвал манай улс олон улсад манлайлах, шинэ давуу тал, шинэ зах зээлийг нээх боломжтой. Үгүй бол манайх бодлогоор өөр юм ярьдаг, төсөв санхүүжилт нь өөр зүйл дэмждэг байж болохгүй. Энэ зорилтууд үнэхээр нийцэж чадахгүй.
-Ялангуяа эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхийн цахилгаан станцын төслүүдээ хөдөлгөх хэрэгцээ шаардлага байна. Бодит амьдрал дээр эрчим хүчний эх үүсвэр нь нүүрснээс хамааралтай байна. Ногоон хөгжлийг дагаад сэргээгдэх эрчим хүчний тухай яригдах болсон ч Монголд хараахан ажил хэрэг болоогүй байна. Уламжлалт эрчим хүчний хэрэглээнээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжих боломж, суурь нөхцөл хэр байна вэ?
-Эрчим хүчний салбарт нүүрсний эх үүсвэртэй төслүүдэд санхүүжилт татах боломж маш бага байна. Хөрш орнууд бүгд 2050 он гэхэд хүлэмжийн хийг тэглэнэ. Энэ хүрээнд нүүрстэй холбоотой ямар нэгэн төслийг санхүүжүүлэхгүй, барьж өгөхөөс татгалзаж байна. Иймээс олон улсын бодлого, чиглэлийг харж урт хугацааны төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхээс өөр аргагүй.
Хамгийн том асуудал нь, бүтцийн шинж чанартай буюу байгаль орчны нөөцийг үнэлэхгүй байна. Эрчим хүч, дулаан, усны үнэ тарифын асуудал байна. Үүн дээр зөв зарчмаар нь үнэлдэг, хэмнэлт үүсгэх санхүүгийн, эдийн засгийн хөшүүрэг манай улсад байхгүй.
Нэг жишээ хэлэхэд, эрчим хүч, дулааны тарифыг бид өнөөдөр хэрэглээнд суурилж тооцохгүй байна шүү дээ. Тийм болохоор надад хэмнэлт үүсгэлээ ч өнөөдөр дулааны төлбөр буурахгүй бол хэмнэх ямар нэгэн сэдэл, хөшүүрэг бий болохгүй гэсэн үг. Энэ бол маш том суурь асуудал.
Өнөөдрийг хүртэл бид агаарын бохирдлын эх үүсвэр, нүүрс рүү цэвэр хөрөнгө оруулалт хийсэн. Иймээс ногоон эдийн засагтай уялдуулах ёстой. Аж ахуйн нэгжүүд сэргээгдэх эрчим хүч сонирхох болсон нь эрчим хүчний тогтвортой байдал асуудал болсонтой холбоотой.
Өнгөрсөн өвөл гэхэд л маш олон газарт цахилгаан хязгаарласан, хэзээ тог тасрах нь тодорхойгүй. Иймд аж ахуйн нэгжүүдэд тогтвортой үйл ажиллагаа явуулах нь чухал учраас бие даасан эрчим хүчний эх үүсвэртэй болох сонирхлыг дагаад ногоон зээл, сэргээгдэх эрчим хүч сонирхож байна. Мөн их хэмжээний ус хэрэглэдэг аж ахуйн нэгжүүдийн хувьд усны хэмнэлттэй тоног төхөөрөмжүүд рүү хөрөнгө оруулалт хийх сонирхолтой болж байна.
-Жишээ нь, ус, эрчим хүч зэрэг байгалийн нөөцийг их хэмжээгээр ашигладаг уул уурхайн салбар ногоон төсөл, сэргээгдэх эрчим хүч рүү хэр анхаарал хандуулж байна вэ?
-Уул уурхайн компаниуд сэргээгдэх эрчим хүчийг маш их сонирхож байна. Томоохон уул уурхайн компаниуд төслүүд явж байгаа гэж ойлгож байна. Цаашид энэ чиглэл рүү явна. Хэрэв Эрчим хүчний либериалчлал, тариф нэмэгдүүлбэл цахилгаан их ашигладаг томоохон компаниуд сэргээгдэх эрчим хүч, ногоон эдийн засагт шилжих нь тодорхой. Байгалийн нөөцийг их хэмжээгээр ашигладаг уул уурхайн компаниудаас орж буй орлого нь эргээд ногоон зээлийн эх үүсвэр болж яагаад болохгүй гэж. Ингэснээр ногоон эдийн засгийг дэмжиж буй төслүүдэд илүү дэмжлэг болно. Тэгэхээр санхүүгийн урсгалыг бодлогоороо дэмжих хэрэгтэй. Ер нь нүүрснээс бусад төслүүдийг харахад ямар ч төслийг хэрэгжүүлэхэд ногоон болгох боломж бий. Барилгын салбарт хүртэл эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилга, байшин барьж болно. Тэгэхээр энэ нь өөрөө их ойлголт биш. Хамгийн чухал нь эрсдлийн төлөвлөгөө юм.