АТГ-ын даргаар З.Дашдавааг энэ долоо хоногт улираан томилж, Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханг дахин томилох асуудал яригдаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 28 секунд
UBN.MN

Монгол шиг нүүрсний, банкны, тендерийн картелууд нь улс төр, төрийн албаа ил далдаар баздаг улсад хууль хяналтынхан хамгийн чухал байршил юм. Энэ байгууллагуудыг тэргүүлж буй эрхмүүд шударгаар ажиллавал нийгэмдээ хэрэгтэй. Шуналаар ажиллавал өөрсдөд нь ашигтай. Өөрөөр хэлбэл, хуулийн томчууд маш их хэмжээний эрх мэдлийг мөрдөх, шалгах, хяналт тавих эрхийнхээ хүрээнд олж авдаг юм.

Товчхондоо, АТГ болон прокурор, цагдаагийн дарга нарыг төрийн гурваас бусад ямар ч гишүүн, дарга цэрэг айлгаж дөнгөхгүй. Тиймээс Монголын улс төрийн ойрын хэдэн жилийн хувь заяа хаашаа эргэж, хүчний харьцаа хэн дээр төвлөрөх нь ойрын үед хийгдэх АТГ, прокурорын томилгооноос шууд харагдах гэж байна. Энэ хавар ихээхэн онцлогтой. Монголын мөрдөн шалгах чиг үүрэг бүхий хоёр том байгууллага болох АТГ-ын дарга З.Дашдаваа, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарын бүрэн эрхийн хугацаа дуусаж буй юм.

Тэгвэл АТГ-ын даргын томилгооны асуудал маргааш Хууль зүйн байнгын хороогоор орж энэ долоо хоногт чуулганаар яригдах аж. Харин Улсын ерөнхий прокурорыг энэ сарын сүүлээр эсвэл ирэх сарын эхээр шийдэх гэнэ.

Өнгөрсөн намраас хойш улс төрийн хүрээнд хуулийн энэ хоёр байгууллагын даргын томилгоог хэрхэн шийдэгдэх бол гэсэн хүлээлт багагүй байлаа. Хуулиараа Ерөнхийлөгч нь Ерөнхий прокурорыг, Ерөнхий сайд нь АТГ-ын даргыг санал болгож, УИХ-аар томилуулна. Уг нь хоёуланг нь Ерөнхийлөгч томилдог байсан ч Ц.Элбэгдоржийн угсарсан гэх “хонгил”-ын шуугианаас болж Ерөнхийлөгчийн институцид хамаардаг байсан АТГ-ын даргыг санал болгох эрх нь Ерөнхий сайд руу Авлигын хуулиар шилжсэн юм.

Дээр дурдсанчлан энэ хоёр байгууллагын даргаар хэнийг тавихаас шалтгаалж Монголын улс төр ирээдүйд хаашаа эргэх нь шийдэгдэнэ. Хүч хэний талд байх нь ч ил тод харагдах ёстой. Мөн ерөнхийдөө алсуураа зөрчилтэй яваа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын дундах асуудал улам өргөжих үү. Эсвэл нутаг нуга, ах дүүсээрээ ойлголцоод Хэнтийнхэн ирээдүйн хамгаалалтаа бодох уу гэдэг сонголттой нүүр тулсан юм.

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар АТГ, Ерөнхий прокурорын томилгооноос үүдэж асуудал үүсгэхээс хэн, хэн нь зайлсхийжээ. Тодруулбал, АТГ-ын дарга З.Дашдаваа, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарыг дахин нэг удаа улираан томилохоор зөвшилцсөн гэнэ. АТГ-ын даргын тухайд нэг удаа улираан томилж болох хуулийн заалттай. Харин Улсын ерөнхий прокурорын томилгоог хийхдээ нэг хүнийг улираах, улираахгүй байх талаар тодорхой заагаагүй бөгөөд прокурорыг Ерөнхий прокуророор томилно гэсэн байдаг юм. Тиймээс Б.Жаргалсайхан прокурорыг хэрвээ үлдээхгүй гэвэл өнгөрсөн жил Ерөнхий прокурорын орлогчоор томилуулсан ЕТГ-ын Хуулийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан О.Машбат гэсэн хувилбар бас байж болох талтай.

Гэхдээ эх сурвалжийн онцолж буйгаар энэ удаагийн хуулийн байгууллагын томилгоо дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нэг, нэгээр нь УИХ-д санал болгож, томилуулах хэдий ч энэ удаад Ерөнхийлөгч асуудлыг бүрэн гартаа авч байгаа аж. Нөгөөтэйгүүр томилгоо дээр зөрчил гарвал институц хоорондын зөрчил болох эрсдэлтэй тул өмнө нь байсан хүмүүсээ хэл амгүй үлдээнэ гэдэг хувилбарыг сонгосон бололтой.

З.Дашдаваагийн хувьд Хэнтийн гаралтай учраас өмнө АТГ-ын даргад сонгогдож байсан гэдэг бол Б.Жаргалсайхан прокурорыг тухайн үед Я.Содбаатар, З.Энхболд, Д.Тогтохсүрэн тэргүүтэй Өвөрхангайхан Х.Баттулгад санал болгож томилуулсан гэгддэг.

Ардчилсан нам 2027 оны сонгуульд саналаа хуваахгүйн тулд ШИНЭ нам тэргүүтэй салсан намуудаа нэгтгэх гэж байна
Ардчилсан нам 2027 оны сонгуульд саналаа хуваахгүйн тулд ШИНЭ нам тэргүүтэй салсан намуудаа нэгтгэх гэж байна
 
“400 бүтээмжийн менежер томилж байгаа нь УЛС ТӨРИЙН АВЛИГА“
“400 бүтээмжийн менежер томилж байгаа нь УЛС ТӨРИЙН АВЛИГА“
Сэтгэгдэл (75)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!