Даргын үзэмжээр хүний эрх, хувийн өмчид халдаж, АРДЧИЛЛАА ГУДАМЖИНД гаргаж болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 46 секунд

Хүн амын тэн хагас нь төвлөрөн суурьшсан нийслэл хотод өдрөөс өдөрт “цэцэглэж” буй олон асуудал бий. Харин эдгээр асуудалтайгаа тэмцэх явцад ямар ч тохиолдолд ХУВИЙН ӨМЧИД ХУУЛЬ БУСААР ХАЛДАХГҮЙ БАЙХ зарчмыг баримтлах ёстой. Гэтэл сүүлийн үед Хотын дарга маань төрийн эрх мэдлээр далайлгаж, хувийн хэвшлийнхэн рүүгээ дайрч, өмч рүү нь халдахыг “завдаж”, асуудалд хувийн өнцгөөр ханддаг жишээг давтах боллоо. Тэрбээр, хэдэн ченжүүдээ “ХАЛТАР” хэмээн тодотгосон үгэндээ ороогдож, шүүхээр орсон үйл явц мартагдаагүй байхад дараагийн кейс гарч ирэв. Дөнгөж өчигдөрхөн тэрбээр хувийн хэвшлийн төлөөлөл болох С.Болдхэт гэх хүнийг авторлон “Тэр томорч байгаа бол би ч томорч чадна шүү” хэмээн бүх газар, үйл ажиллагааг нь цуцалж, зогсоохыг холбогдох албаныханд тушаав. С.Болдхэтийн Хотын даргад ийн “зуугдах” болсон шалтгаан нь очиж уулзаагүй явдал.

Гэхдээ энэ үйл явцаа Хотын дарга маань “Баянзүрх дүүрэгт барьж байгаа сургуулийн газрыг нь иргэд эсэргүүцээд байгаа учраас худалдаж авья л гэсэн” хэмээн тайлбарлана лээ. Начир дээрээ газрынх нь асуудал хөндөгдөөд байгаа бол түүний хууль бус эсэхийг та ч, би ч, Х.Нямбаатар ч шүүхгүй. Гагцхүү шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд Х.Нямбаатар “хөдлөх” эрхтэй. Гэтэл ямар ч шүүхийн тогтоол шийдвэргүйгээр асуудалтай гэдэг үгээр түрий барьж, хавь ойрын амьтанд үйл ажиллагааг нь хааж боох чиглэл өгөөд явж байгаа нь Үндсэн хуулиар олгогдсон эрхэд нь халдаж буй хэрэг. Нөгөөтээгүүр тэр газар дээр баригдаж байгаа сургуулийг зарсангүй гэдэг дээр “зуугаад” байх шаардлага байхгүй. Өмчөө төрдөө зарна уу, хувьдаа ашиглаад явна уу, нураагаад хаяна уу гэдэг нь тухайн хүний л сонголт шүү дээ.

Энэ мэтээс харвал, та, би гээд хэн ч байсан хотын даргыгаа дуудахад очиж уулзахгүй бол өөрөө ч мэдээгүй байхад өмчөө хураалгачихсан алхаж явах “нигууртай” бололтой. Зүгээр жишээлээд ярьвал, 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг нөхрийг дуудаад ирэхгүй бол Хотын дарга та тусгай зөвшөөрлийг нь цуцлаад явах уу. Олон асуудал дунд ажиллаж байгааг тань ойлгож болох ч энэ мэтээр хувийн өмчид хүндэтгэлтэй хандах зарчмаа уландаа гишгэж, ардчиллаа гудамжинд гаргаад явж болохгүй.

Ер нь ч тэгээд Хотын дарга маань харилцаа хандлага дээрээ анхаарахгүй бол горьгүй нь. Тэглээ ч төрийн ажил даргын үзэмжээр явдаг зүйл биш. Утсаар залгаж яриад л, албан бусаар урьж залаад явах алба ч биш. Төрийн ажил хууль журмын дагуу албан бичиг цаасанд үндэслэж, ажил хэрэгч явагдах ёстой. Бичгээр шаардлага тавьж, бичгээр хариу авахаас төрийн алба эхэлнэ. Түүнээс биш БИ ТОМОРЧ ЧАДНА гээд хувь хүний сэдэл гаргаад явж таарахгүй л болов уу.

Нуранги дороос амьд үлдсэн хүмүүсийг аврах найдлагагүй болж байна
Нуранги дороос амьд үлдсэн хүмүүсийг аврах найдлагагүй болж байна
 
“Ч.Сайханбилэг өөрөө ирэхгүй л бол хууль хүчний байгууллагууд арга хэмжээ авах боломжгүй“
“Ч.Сайханбилэг өөрөө ирэхгүй л бол хууль хүчний байгууллагууд арга хэмжээ авах боломжгүй“
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!