ХЭРГИЙН МӨРӨӨР: Метилийн спиртэд хордсон гэх талийгаач “Багануур“ ХК-д 30 гаруй жил ажилласан, экскаваторын машинч байжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 29 секунд

Тэртээ 2008 онд Багануур дүүрэгт “Азийн чоно” компанийн үйлдвэрлэсэн метилийн спирттэй архи ууснаас 15 хүн амиа алдаж, 30 орчим хүн эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай хэрэг гарч байв. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Багануур дүүрэгт метилийн спирт уусан байж болзошгүй гэх шалтгааны улмаас 50 настай эрэгтэй нас барж, 41 настай эрэгтэй эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

Талийгаач "Багануур" ХК-д 30 гаруй жил ажилласан бөгөөд экскаваторын машинч буюу тухайн бригадынхаа дарга байжээ. Ажилчид дундаа нэр хүндтэй, хариуцлагатай уурхайчин байсан талаар хамт олон нь талийгаачийг дурсаж ярив. Түүнчлэн талийгаачийг архины хамааралтай байгаагүй гэв. Эрүүл мэндийн төвд эмчлүүлж байгаа 41 настай эрэгтэйн хувьд мөн л тус компанид 16 дахь жилдээ ажиллаж буй. Тус үйлдвэр нь өвлийн улиралд метилийн спиртийг машин техник, тоног төхөөрөмжөө цэвэрлэхэд ашигладаг аж. Ихэнх техникүүд нь хуучирч, ашиглалтын хугацаа нь 10-20 жилээр хэтэрсэн талаар ч ажилчид нь нуусангүй.

Хэрэг гардаг өдөр юу болов

Бидэнд олсон мэдээллээр талийгаач гуравдугаар сарын 27-нд ажлын байрандаа 41 настай эрэгтэйтэй хамт 50-100 мл-ын метилийн спиртийг найруулж, хувааж уусан гэх. Улмаар тэд уурхайгаас гарч, 32-36 насны дөрвөн хүнтэй нийлж хоёр дэлгүүрээс архи авч уужээ. Ингээд гуравдугаар сарын 28-ны 09:00 цагт яаралтайгаар эрүүл мэндийн төвд очоод талийгаач удалгүй нас баржээ. Хамт архи уусан дөрвөн залуугийн хувьд хордлого тайлах эмчилгээ хийлгээд эмнэлгээс гарсан бол өдгөө 41 настай эрэгтэй эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Биеийн байдал нь харьцангуй сайжирчээ. Харин "Багануур ХК"-ын зүгээс ажлын байранд бус ахуйн хүрээнд архи уусан гэх мэдээллийг өгсөн юм.

Багануур дүүргийн эрүүл мэндийн төвөөс "Тархвар судлалын асуумжаар метилийн спирт уусан байж болзошгүй" гэлээ.

Харин ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр "Техникийн зориулалттай метилийн спиртийг найруулж уусан гэх мэдүүлэг өгсөн байсан" гэв.

Метилийн спирт нь нь өнгөгүй, амт үнэр нь этилийн спирттэй төстэй өндөр хоруу чанартай шингэн аж. Хүний биед арьс, амьсгал хоол боловсруулах замаар нэвтэрч ходоод ба нарийн гэдэсний ханаар цусанд маш түргэн шимэгдэж аминд аюултай хурц хордлогыг үүсгэдэг. Хэдийгээр эмнэлгийн тусламж авч, аюулаас мултарсан ч эдгэрэлт удаан тул сохрох бөөрний дутагдалд орох магадлалтай гэнэ.

ЦЕГ: "Багануур ХК" болон эрүүл мэндийн байгууллагын зүгээс метилийн спиртийн хордлого байх магадлалтай гэх мэдээллийг бидэнд өгсөн

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг:

-Багануур дүүргийн эрүүл мэндийн төвөөс гуравдугаар сарын 28-ны 13:00 цагийн орчимд хордлогод орсон байж болзошгүй хоёр хүн ирж эмчлэгдээд нэг нь нас барлаа гэх мэдээллийг ирүүлсэн. Улмаар цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй ажиллагаа явуулж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Урьдчилсан байдлаар дээрх хоёр хүний ажилладаг "Багануур ХК" болон эрүүл мэндийн байгууллагын зүгээс метилийн спиртийн хордлого байх магадлалтай гэх мэдээллийг бидэнд өгсөн.

50 настай иргэний үхлийн шалтгааныг шинжээчийн дүгнэлтийг үндэслэж гаргана. Одоогоор дүгнэлт гараагүй байна. Мөрдөн шалгах явцад тухайн хоёр иргэнтэй хамт байсан гэх иргэдийг эмнэлгийн байгууллагатай хамтран үзлэг, тандалтын шинжилгээнд хамруулсан.

Манай уурхайчид метилийн спирт хэрэглэсэн гэдэгт итгэхгүй байна

"Багануур ХК"-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал:

-Талийгаачийн ар гэртэй компанийн зүгээс холбогдож тусламж дэмжлэг үзүүлнэ. Би уурхайчдаа хамгаална. Манай уурхайчид метилийн спирт хэрэглэсэн гэдэгт итгэхгүй байна. Өнгөрсөн баасан гараг буюу гуравдугаар сарын 28-ны өглөө 10:28 цагт дүүргийн эрүүл мэндийн төвөөс манай үйлдвэрийн эмнэлэг рүү дуудлага өгч "Танай компанид ажилладаг байж магадгүй хоёр хүний биеийн байдал хүнд байна. Тиймээс ирнэ үү" гэсэн. Улмаар манай үйлдвэрийн эмч, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн хэлтсийн дарга нар очсон. Тэгээд эмч нартай зөвлөлдөж 11:00 цагаас компанийн гамшгаас хамгаалах штабийн хурал зарлаж, дүүргийн мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажилласан. Компанийн нийт 1251 ажилчдаас асуумж авч, толгой нь өвдөж, дотор нь муухайрсан ажилчдыг нарийн шинжилгээнд хамруулсан. Хариу нь зүгээр гарсан.

ЦАГ АГААР: Улаанбаатарт 7 хэм дулаан, ялимгүй хур тунадас орно
ЦАГ АГААР: Улаанбаатарт 7 хэм дулаан, ялимгүй хур тунадас орно
 
ХЗБХ: УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Д.Цогтбаатар нар маргалдав
ХЗБХ: УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Д.Цогтбаатар нар маргалдав
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!