Найрамдал зусланд амарч байсан хүүхдүүд хоолны хордлогод орсон талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тодруулбал,
Орчлон сургуулийн ахлах ангийн сурагчид Олон улсын Найрамдал зусланд амарч байгаад хоолны хордлогод орж, улмаар ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй юм. Тэгвэл сурагчдын биеийн байдал болон бусад асуудлаар эцэг эх, асран хамгаалагчдын төлөөллөөс тодрууллаа.
"Хүүхдүүдэд өчигдөр өглөөнөөс эхлээд хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн гэсэн. Найрамдал зуслан хүүхдүүдийн утсыг хураагаад авчихдаг учраас ээж, аавтайгаа холбоо барьж, мэдэгдэж чадахгүй байсаар орой болгосон юм байна. Одоогоор 30 орчим хүүхэд ХӨСҮТ-ийн Хурцын тасагт хэвтэж байгаа. Биеийн байдал хүнд, сувилагч хүрэлцэхгүй байгаа гэх мэдээлэл авлаа.
Мөн Найрамдал зусланд Орчлон сургуулийн ахлах ангийн нэг бүлгийн бүх сурагчид явсан. Ойролцоогоор 100 гаруй хүүхэд байх. Угтаа хүүхдүүдийн ээлжийн хугацаа өнөөдөр дуусаад ирэх ёстой байсан юм. Гэтэл хоолны хордлогод орчихлоо. Одоогоор үлдсэн хүүхдүүд нь Орчлон сургууль дээрээ байгаа. ХӨСҮТ-өөс ирж шинжилгээ авна гэсэн. Эцэг эхчүүд нь сургуулийн гадаа хүүхдүүдээ хүлээж байгаа.
Түүнээс гадна дахиад ноцтой асуудал байна. 2 хоног хоол идээгүй хүүхэд хүртэл хоолны хордлого авчихсан байна. Тиймээс зуслангийн гал тогоонд асуудал байна гэж эцэг эхчүүд үзэж байгаа. Мөн сургууль дээрээ байгаа хүүхдүүд бие нь зүгээр гэсэн боловч эхнээсээ халуураад эмнэлэгт хүргэгдэж байгаа гэнэ. Тэгэхээр цаашид хүүхдүүдийн тоо улам нэмэгдэх байх" гэв.